“Азийн орнуудын нийгмийн бодлого ба хөгжил” форумын үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасантай байгууллагынх нь ажлын явц, шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Нийгмийн даатгалын байгууллага хүндхэн байна. Сангийн мөнгө дуусах нь гэсэн хардлага яваад байгаа. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд та ямар хариулт өгөх вэ?
-Бидний ажил сайн байгаа. Төсвийн орлого, татвар бүрдүүлэлт нь 70 гаруй хувьтай байхад манайх нийгмийн даатгалынхаа орлогыг 95 хувиар бүрдүүлж, даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд явж байна. Тиймээс нийгмийн даатгалын байгууллага хүнд байна гэсэн асуудал байхгүй. Манай байгууллагын 20 жилийн ой ирэх оны нэгдүгээр сард болно.
-Нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлт 95 хувьтай байна гэж та хэллээ. Гэхдээ энэ жилийн хувьд эдийн засгийн хямралтай холбоотойгоор өртэй байгууллага нэмэгдсэн гэсэн?
-Энэ оны эхний арван сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого төвлөрөлт 94 хувийн гүйцэтгэлтэй байна. 1.5 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэх даалгавартай ажиллаж байгаа. Мөн энэ онд зөвшөөрөгдсөн зарлагын хэмжээ орлогынхоо хэмжээнд байна. Ингэхээр орлогоос давсан зарлага санхүүжүүлэх тохиолдол байхгүй гэсэн үг. 2013 оны байдлаар 35 мянган ажил олгогч бүртгэгдэж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Нийгмийн даатгалд хамруулах нь ажил олгогчдын үүрэг. Дээрээс нь өөрсдөө ямар нэг эрсдэл тохиолдоход айх зүйлгүй гэсэн үг. Манайд шимтгэлээ төлөхгүй овойж оцойсон өртэй, үүнийг нь олон нийтэд зарлахад хүрсэн аж ахуйн нэгж байхгүй. Ер нь өнөөдөр аж ахуйн нэгжүүд олон хүн ажиллуулах нь чухал биш харин цөөн хүн ажиллуулаад өндөр цалин өгч нийгмийн баталгааг сайн хангах нь чухал болж.
-Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль гарсан нь нэгэнт л тэтгэврээ аваад явж байхад илүүц зүйл юм биш үү. Тэртээ тэргүй сангийн мөнгийг өөр олон зүйлд зарцуулж болно шүү дээ гэх хүмүүс бий. Энэ тухайд?
-Мэдээж энэ нь сайн муу талтай. Тэтгэврийн асуудал зөвхөн Засгийн газар, Ерөнхий сайдын ажил биш. Гэхдээ хэтэрхий улс төрийн сэдэв болгох хүмүүс ч бий. Улстөрчид иргэд сонгогчдод таалагдаж олонхийн санал авахын тулд иргэдийн амин зуулга тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх талаар ярьдаг болсон. Дээрх хууль гарснаар энэ асуудлыг цэгцэлж өгсөн. Цаашдаа хэзээ нэгэн цагт энэ асуудлыг цөөхөн дарга шийддэг биш нийгмээрээ зөвшилцөж ойлголцолд хүрдэг болно гэдэгт би итгэлтэй байгаа.
-Тэтгэврийн тогтолцоонд эв санааны нэгдлийн зарчмыг тусгах нь хэр оновчтой юм бол оо?
-Тэтгэврийн даатгалын амин сүнс нь эв санааны нэгдлийн зарчим. Бид энэ зарчмыг үндэслэж тэтгэврийн даатгалыг хөгжүүлснээр өнөөдөр үр ашгаа олон мянган даатгуулагчдад өгч байна. Энэ зарчмыг бид улам сайн болгож цааш нь авч явах ёстой. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл тулгарч байгаа. Тухайлбал, нэг хүний тэтгэврийг зогсоохоор энэ хүн хэцүүдлээ орлогогүй амьдралын баталгаагүй боллоо гэдэг. Гэтэл цаана нь сая гаруй хүний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэ сангийн мөнгөнөөс хууль бусаар авч болохгүй. Энэ зарчмыг бид үйл ажиллагаандаа мөрддөг.
-Өнөөдөр /өчигдөр/ Азийн орнуудын нийгмийн бодлого ба хөгжил гэсэн форум манай улсад болж байгаа юм байна. Ер нь манай улс нийгмийн бодлогоороо Азийн орнуудаас хэдэд жагсч байна вэ?
-Нийгмийн хамгааллын бодлого нийгмийн тогтолцоо гэдэг тухайн улс орны эдийн засгийн хөгжил хүн амын хөдөлмөрлөх хүчний харьцаа гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс яг тэдэд эдэд явж байна гэх боломжгүй. Харин манай орны нөхцөлд бидний явуулж байгаа бодлого тохирно гэж үзэж байгаа.
-Зарим иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангаас халамж тэтгэвэр авах байдал мэр сэр гардаг. Үүнд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ. Нийгмийн даатгалын байгууллагын дотоод хяналтын талаар мэдээлэл өгөөч?
-Нийгмийн даатгалын байгууллага давхардсан тоогоор жилд 4.1 сая иргэнд үйлчилдэг. Үүнд, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг санхүүжүүлж байна. Нэг их наяд орчим төгрөгийн санхүүжилтыг манай байгууллага гүйцэтгэдэг. Энэ их ажлыг зөвхөн манай байгууллага дангаараа хийдэггүй. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн эрүүл мэндийн магадлах комиссууд, банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ явцад хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд янз бүрийн үйлдэл гарвал зохих журмын дагуу дотоод хяналтаараа таслан зогсоодог. Өнгөрсөн онд л гэхэд 200 гаруй сая төгрөгийн акт тавьсан.
-Тэгвэл байгууллагынхаа хүний нөөц, ур чадварын тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Халамжийн ажилтан нэг хүний нэрний үсгийг буруу бичсэнээс баахан чирэгдэл үүсгэдэг явдал бий шүү дээ?
-Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний онцлог гэвэл нийтийн сан. Монголын сая гаруй иргэний хөдөлмөрийн хөлснөөсөө төлж бүрдүүлдэг нийтийн хамтын сан. Иймээс хамтын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахын тулд тодорхой хяналт шалгалт шаардлагуудыг иргэдэд тавьдаг. Энэ шаардлага бол нийтийн эрх ашгийн төлөө шаардлага. Ганц иргэнд амар хялбар үйлчлэх шаардлага биш л дээ. Өнгөрсөн есдүгээр сард Засгийн газраас тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийг ХАХНХ-ын сайд болон Хуульзүйн сайдад даалгавар болгосон тул одоогоор батлах шатандаа явж байгаа.