Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Баярцэцэг: Бид нягтлангийн сэтгэлгээгээр хямралыг гэтэлнэ гэж үгүй


Эдийн засагч, судлаач А.Баярцэцэгтэй Монголын эдийн засгийн тогтолцоо, өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
----------------------------------

-Эдийн засаг хямарч бай­на гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч эхэлсэн. Гэхдээ шалтгааныг нь олон янзаар л тайлбарлаж байна. Та суд­лаачийн хувьд өнөөгийн хям­ралын үр урхаг хаанаас, юунаас үүдэлтэй гэж дүгнэж байна вэ?
-Манай эдийн засагчид хямралын шалтгааныг янз бү­рээр тайлбарлаж, дүгнэлт хийж байна. Энэ бүхнээс хара­хад эдийн засаг буруу зүг рүүгээ явсаар ирлээ гэдэг ерөнхий дүгнэлт гарч буй юм. Гэхдээ миний хувьд үүнд нэг талаас шүүмжлэлтэй ханддаг. Учир нь манай зарим эдийн засагчдын хийж буй төсөөлөл, тайлбарлаж байгаа өнцгийг хархад  мөнгөн хөрөнгийн удирдлагад илүү их анхаарч дүгнэлт гаргаад байгаа юм. Жишээлбэл, “Бид ийм хэмжээний өртэй боллоо. Дээр нь бас нэмж өр тавилаа. Энэ мөнгөө тийм, ийм салбарт хийх нь. Удахгүй зээлийн хүү төлнө, өрийн дарамт ихэслээ” гэдэг. Мөн инфляц өндөр түвшинд хүрлээ, ам.долларын ханш ийм тийм боллоо, зэс, нүүрсний  үнэ өсч, уруудлаа гээд л. Өөрөөр хэлбэл, тулга тойрсон гал тогооны асуудлуудтай хэт их ноцолдож байна.  Уг нь, эдийн засгийн сууриа тавих, алсдаа тийм амжилтад хүрнэ гэсэн зорилготой байж, үүндээ л анхаарах ёстой. Гэтэл нягтлан бодогч шиг мөнгөн хөрөнгийн удирдлагад л илүү анхаарч ирсэн. Тухайлбал, хэдэн төгрөг хаанаас босгох, юунд хөрөнгө оруулалт хийх, хэзээ хэдий хэмжээний орлого орж ирэх бол, үүнийг яаж зарцуулах вэ гэсэн ахуйн асуудалд санаа зовж байгаа юм. Биднийг энэ сэтгэлгээ л хямралд хөтөлж байна.

-Тэгэхээр бидэнд эдийн засгийн хөгжлийн дунд, урт хугацааны бодлого алга гэж ойлгож болох уу?
-Монголчуудын өнөөгийн аж амьдрал, байгаа байдал бол хэн нэгний буруу биш. Бидний оюуны хөгжлийн нэг илэрхийлэл юм. Аливаа зүйлийг ерөнхий өнцгөөр нь яаж харж, хэрхэн менежмэнт хийж байна гэдгийг л илтгэж байна. Өнөөдөр манай улс нягтлан бодогч, бизнесийн удирлага гэсэн хоёр чиглэлээр эдийн засгийн боловсон хүчин бэлддэг. Бизнесийн удирдлага дотроо маркетинг, менежмэнт гээд хэдхэн салбар зонхилж байгаа. Одоо л бизнес шинээр босгох сургалт, сургуулиуд шинээр нээгдэж эхэлсэн. Монголд өнөөдөр дэлхийн түвшинд өрсөлдөх бизнес, барууны жишигт хүрэх компанийн засаглал тааруухан байна. Технологийн компаниуд хөгжихгүй, олон улсад манай бизнес өрсөлдөх чадваргүй байгаа нь боловсон хүчний дутагдалтай холбоотой. Зүй нь улс төрийн эдийн засагч, социологч гээд нийгмийг бүхэлд нь загварчилдаг, тоглоомын дүрэмд шүүмжлэл­тэй хандаж, алсыг харж чаддаг мэргэжилтнүүд бэлтгэх учиртай. Мөн шинэ бизнесийн компаниуд төрж улс орныг урагш чирж явах ёстой.

-Манай эдийн засагт аливаа бизнес эрхлэх, өсч хөгжих боломж зах зээл хэр байдаг гэж та үзэж байна вэ?
-Монгол Улс үндэсний цөөн компани, маш жижиг зах зээлтэй. Одоогоор тэд нь гадаад зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байна. Энэ нь бизнес эрхлэгчдээ бэлтгэдэггүй, төрийн бодлогоор  бизне­сийн таатай орчныг нь бүрдүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалдаг.  Жишээлбэл, саяхан дотоодынхоо гутлын хэрэгцээний 30 хувийг хангах үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл аливаа бизнес үйлдвэр өрсөлдөх чадвартай, зах зээлтэй байх ёстой. Нэгдүгээрт, дотоодын хэрэгцээ бол бий. Гэтэл энэ зах зээлд импортын бараа ихээр орж ирж байгаа. Манай улс гутлын нийт хэрэгцээнийхээ 90 хувийг импортоор хангадаг. Ингээд бодохоор импортын бараатай гутлын тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар байгаа эсэх нь чухал  үзүүлэлт. Хэрэв өрсөлдөх чадвар байхгүй бол асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл бизнесийн орчныг нь бүрдүүлж, өрсөлдөх чадвартай болгох учиртай. Импортын хямд үнэтэй гутлын өрсөлдөөнөөс хэрхэн хамгаалах бодлого нь тодорхой байх ёстой. Түүнээс биш зөвхөн ганц хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд орхивол үйлдвэр хөл дээрээ босч ирнэ гэсэн үг биш. Тэгэхээр бодлого боловсруулагчид маань төрөөс өгч буй хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгээ цог­цоор нь тодорхой харах шаардлагатай болж байгаа юм. Цогцоор нь харахад шинж­лэх ухааны үндэстэй, бод­логын судалгаа их чухал. Ийм судалгаа хийдэг бод­логын зөвлөмж гаргадаг бай­гууллагууд манайд бий. Гэх­дээ тэдэндээ хөрөнгө оруулалт хийж, чадавхийг нь сайжруулах хэрэгтэй. Хийж буй судалгаанд нь хатуу шаардлага тавьж, хийсэн ажлыг нь хэрэгжүүлэх учиртай. Харин бид чөтгөрийн тойрогт эргэлдээд түүнээсээ гарч чадахгүй байна. Манай улстөрчид туслахаараа мэдээ­лэл хайлгах,  өөрөө жижиг баг бүрдүүлэх зэргээр шинжлэх ухааны үндэслэл, судалгаагүй зүйлд анхаарал хандуулж улсын мөнгийг үрэн таран хийдэг. Тэгэхээр бид эдийн засгийн хямрал гэхээсээ илүү сэтгэлгээ, мэдлэг, зохион байгуулалтын хямралд ороод байна гэж би боддог.

-Тэгэхээр энэ тулга тойрсон үзэл бодлоосоо ангижрахын тулд нэлээд цаг хугацаа, хөрөнгө зарах байх. Богино хугацаанд гарах боломж хэр байна вэ?
-Шинжлэх ухаанд али­ваа зүйлийг суурь үндсэн нөхцөлд үндэслэж хийдэг. Жишээлбэл, байшин барихдаа суурь цутгадаг.  Тэгээд ямар материалаар байшингаа босгохоо шийддэг. Суурь ойлголтоо өөрчлөөгүй цагт бид амжилтад хүрэхгүй.  Эдийн засгийн үндсэн ойлголтоо бид өөрчлөх ёстой. Өнөөдөр эдийн засгийг  мөнгөн хөрөнгийн удирдлага, өр зээл, инфляц, ам.доллар, зэс, нүүрсний үнэ ханш гэсэн хэдхэн зүйл гэж ойлгоод түүнийгээ тойроод л  эргэлдээд байна. Гэтэл эдийн засгийг ойлгохдоо үүгээр бус монгол хүний амьдрах ахуй, хэрхэн оршиж буйг тодорхойлох арга зам гэж харж байж, эдийн засгийн амьд тогтолцоо бий болгох шаардлагатай. Яахав, хэсэг хугацаанд баялгаа зараад импортын бараа авч амьдраад байж болно.
Бидний энэ л хэрэгцээг хангаж байгаа улс оронд үр жимстэй мод ургаж байна гэсэн үг. Жимсийг нь бид авч идэж буй хэрэг. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Учир нь байгалийн баялаг шав­хагдана. Одоохондоо ургац өгөх жимсний мод арч­лах­гүй, ажил хийлгүй, амттай жимс авч байгаа нь амар ч алсдаа эмгэнэлтэй. Уг нь, бид өөрсдөө тэр жимсний модоо тарьж ургуулах ёстой. Жимсний мод тарих амаргүй. Яагаад гэвэл дэлхийд нэмүү өртөг бий болгож буй бүх бизнес, сүлжээ эзэнтэй. Манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийг аваад үзье. Эхлээд хайгуул хийнэ. Дараа нь олборлоод баяжуулах үйлдвэрт боловсруулна. Баяж­ма­­лаа улам боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэх учиртай. Үүнд  нарийн технологи шингэнэ . Ингэх тусам  өндөр үр ашигтай тул өрсөлдөөн улам ширүүс­нэ. Өндөр ашигтай бизнес эрхэлдэг хүн түүндээ өрсөл­дөгч оруулахыг хүсэхгүй. Өрсөлдөгчөө ашиг нь арай бага түүхий эдийн бизнес төдий­гөөр л аргацаах сонирхолтой байна. Иймд бид түүхий эдээ ашиглаж, илүү нарийн технологи шаардсан боловсруулалтад  шилжинэ гэдэг нь бусдын бизнесийн орон зайд орно гэсэн үг. Үүний тулд маш тодорхой сайн төлөвлөгөө, бэлтгэл хэрэгтэй.

-Манай улс ямар ч үйлдвэрлэл хөгжүүлэхэд түүхий эдийн нөөц ихтэй. Бид түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай сүүлийн үед их ярих болсон. Тэгэхээр асар их өрсөлдөөн дунд байр сууриа олж авах, бүтээгдэхүүнээ борлуулахын тулд нэлээд “дайтах” нь?
-Тийм. Гэхдээ Монгол хүний сэтгэлгээнд бизнес, эдийн засгийн өрсөлдөөн маш ойрхон. Энэ өрсөлдөөн чинь дайны зарчмаар л явдаг. Дэлхийн томоохон компаниудын удирдагчдын ширээн дээр  Хятадын Сүн цү гэдэг цэргийн жанжны “Дайтах урлаг” ном байнга харагддаг. Яагаад гэвэл зах зээлээ булаацалдаж түүний төлөө өрсөлдөнө гэдэг нэг төрлийн байлдаан юм. Бусдын малын бэлчээрийг булаахтай адил зүйл. Монголчууд эрт дээр үеэс ургамал, ус элбэг үржил шимтэй бэлчээрийн төлөө дайтаж ирсэн түүхтэй. Харин өнөөдөр энэ бэлчээрийн тухай ойлголтоо л шинэчлэх ёстой. Орчин үеийн үржил шимтэй бэлчээр бол зах зээл дээр эзлэх хувь юм. Энэ өнцгөөс харахаар дотоодын зах зээлээ хамгаална гэдэг бэлчээрийнхээ эзэн байна гэсэн үг. Хэрэв дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэвэл бусдын бэлчээрт нэвтэрнэ гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр урд хөршийн компаниуд бидний хэрэгцээг хангаад байна гэдэг нь манай бэлчээрийг эзэлчихлээ гэж хэлж болно. Нэг ёсондоо бид бэлчээрээ тэдэнд алдчихсан.  Бид тэдний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх тусам бусдын тарьсан модыг ургаж том болоход нь тусалж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл хаана байна тэнд хөрөнгө оруулалт орж ажлын байр нэмэгдэнэ, технологийн чадавхи, мэдлэг  бий болдог. Бид социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих үед зах зээлээ бүрэн нээсэн. Тэгэхдээ түүхий эдээ татваргүй экспортлох, импортын барааг мөн адил татваргүй оруулж ирдэг болгосон. Иймд технологи нь хуучирсан манай үндэсний үйлдвэрүүд Хятадын хямд үнэтэй бараатай өрсөлдөж чадалгүй дотоодын зах зээлээ бүрэн алдсан. Дээр хэлсэн шиг бид бэлчээрээ алдсан тул мал маань тураад үхсэн гэсэн үг. Одоо үндэсний компани гэдгээ шинээр ойлгоод зах зээл бол бидний амтлаг үр жимстэй мод тарих хөрс гэдэг өнцгөөс хандах учиртай. Тэгээд нөгөө л нягтлан бодох бүртгэл болон мөнгөн хөрөнгийн удирдлага, өр зээл, инфляц, өнөө маргаашийн үнэ ханштай зууралддаг чөт­гө­рийн тойргоосоо га­рах хэрэгтэй. Дайны зар­чим үйлчилдэг зах зээл, эдийн засгийн өрсөлдөөнд үндэс­ний компаниудаа бэлтгэж, бүх талаас нь дэмжих шаард­лагатай. Нэг талаас төр хөрөн­гө оруулалт, санхүүжилт өгч байгаа нь зөв. Гэвч эхний ээлжинд дотоодын зах зээ­лээ хамгаалах бодлого хэрэг­­­жүү­­лэх учиртай. Хоёр­ду­гаарт, бид өөрсдөө үндэс­­ний компаниудынхаа хэрэг­лэгч байх ёстой. Ингэж гэ­мээнэ эдийн засгийн амьд тогтол­цоо бий болно. Бид эдийн засгийн сурах бичгийн онол, гадаадынхны зөв­лөм­жийг уншиж сонсоод ин­гэж хөг­жилд хүрдэг юм байна гэсэн бодлогын төөрөгдөлд орчихож. Барууны компаниуд хэдэн зуун жил янз бүрийн бэрхшээл даван туулж ирсэн. Манай улсад сүүлийн хориод жилд л  хувийн хэвшил хөг­жиж байна. Тэгэхээр нялх ком­паниудад тэр олон зуун жил хөгжиж ирсэн онол, дадлага, турш­лага таарахгүй. Бидэнд тохирсон эдийн засгийн шинэ ойл­голт, өөрчлөлт хэрэгтэй. Учир иймээс эдийн засгийн онолоос илүү өөрийн нийгэм, хөгжлийн түвшин, хүмүүсийн сэтгэлгээнд нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Үүний тулд маш сайн судалгаа хийх ёстой. Товчхондоо эдийн засгаа зөв утгаар нь ойлгох хэрэгтэй болж. Түүнээс биш эдийн засгийн дан онолд тул­гуурлаад хөгжинө гэдэг явцгүй нь илэрхий харагдаж байгаа юм.

-Монголчууд өлсч үзээгүй, залхуу хойрго гэх яриа бий. Үүнийг эдийн засагч, судлаач хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?
-Монгол хүн амь зуухын эрхэнд өдөржин тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж ирээгүй.  Малаа бэлчээрт гаргачихна, өдөр­жин­гөө дагаж арчлаад байх шаардлагагүй. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээнд тохирсон амьдрах арга зам, эдийн засгийн тогтолцоо, нийгэм хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш, япон, хятад хүн шиг ажилсаг, америкчууд шиг наймааны овсгоо самбаатай болчихвол бид хөгжинө гээд бусдыг харж дуурайгаад амжилт олохгүй. Залхуу боловч бусдаас олон давуу тал бидэнд бий. Тухайлбал, аливаа зүйлийг түргэн ойлгож зөв оновчтой шийдэл богино хугацаанд гаргадаг. Энэ давуу талдаа тохирсон хөгжлийн загвар гаргах ёстой.

-Тэгэхээр эдийн засаг, нийг­мийн ямар тогтолцоо бүр­­дүүлэх ёстой болж байна вэ?
-Орчин үед морь унаад нум сумаар дайтах бус гадаадын зах зээлийг эзэлж авах эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гээд байгаа юм. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай компани, үйлдвэрлэл бий болгож чадвал монгол хүн эдийн засгийн үржил шимтэй бэлчээртэй болно. Энэ өрсөлдөөн мэдээж зөөлөн боорцог биш. Тухайн зах зээлээ мэдрэх, өөрийн гэсэн тактиктай, судалгаатай байх нь чухал. Жишээлбэл, “Керидитюсь” банк 2014 онд дэлхийн баялгийн тайлан хийж. Энэ онд дэлхийд 35 мянга орчим саятан байгаа судалгаа гарсан. Гэтэл таван жилийн дараа саятны тоо бараг хоёр дахин өсөх тухай дээрх тайланд дурдсан. Хамгийн гол нь энэ өсөлт ямар улсад гарах нь тодорхой байгаа юм. Малайзад саятных нь тоо 109, Хятадад 94, Солонгост 71 хувиар өсөх төсөөлөл хийсэн байна. Тэгэхээр бид ноолуур, эсвэл мал аж ахуй, экологийн гаралтай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг Азийн зах зээлд нийлүүлэх боломж байна. Үндэсний компаниудаа нарийн зохион байгуулалттай дэмжиж бүтээгдэхүүнийг нь Малайз, Хятад, Солонгосын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ер нь, Инновацийн тухай хууль, Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг хуучнаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргаж байсан. Мөн “Зөгийн үүр” хөтөлбөр боловсруулж, өндөр техно­логийн аж үйлдвэрийн болов­сон хүчин бэлтгэж байв. Гэвч манай төр засгийнхан бод­логын залгамж халаагүй тул өнөөдөр энэ ажил зогссон. Би энэ цогц хөтөлбөрт ажил­лаж, хайран цаг заваа зар­цуул­сандаа  харамсдаг. Уг  эдийн засгаа өөд нь татаж нэг шат ахиулах боломж байсан юм.

-Эдийн засгийн өнөөгийн энэ хямралаас гарах гарц, боломж хаана байна гэж та харж байна вэ?
-Эдийн засагчид судлаачид “Далдыг хардаг далай лам” шиг янз бүрийн төсөөлөл гаргаж тавьдаг. Нэг түүх өгүүлье.  2008 оны хямралын үед Английн хатан хаан эдийн засагчдаасаа “Та нар энэ хямралыг яагаад урьдчилж харж чадсангүй вэ” гэж асуусан гэдэг. Гэтэл эдийн засагчид янз бүрийн шалтаг шалтгаан, тайлбар хэлнэ. Тухайлбал, эдийн засгийн модель загвар, онол амьдрал хоёр өөр, гэнэтийн эрсдэл, зах зээлийн алдаа гээд олон тайлбар хэлж. Гэхдээ хямралыг хэдий хугацаанд, хэрхэн давах вэ гэдэг нь бороо ороод тэнгэр цэлмэдэг шиг зүйл биш. Бид эхлээд сэтгэлгээнд байгаа бодлогын алдаагаа засч эхлэх ёстой. Ингэж байж хямралыг давж гарна. Харин өөрсдийгөө  өөрчилж чадахгүй, нөгөө л мөнгөн хөрөнгийн удирдлага болон хуучин сэтгэлгээнээсээ салахгүй бол хямралыг гадны хүчин зүйл шиг хүлээн авч түүнээс гарч чадахгүй. Товчхондоо хямралыг удирдаад даваад гарч чадахгүй. Хамгийн гол нь бид сэтгэлгээгээ өөрчлөх, эдийн засгийн суурь тогтолцоогоо шинэчилж байж хямралаас бүрэн гарна гэж бодож байна.

-Тэгэхээр зарим эдийн засагчид, судлаачид эхний ээлжинд төсөв, мөнгөний бодлогоо чангалж байж энэ хямралыг даван туулна гэж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв, мөнгөний бодлогоо чангалах хэрэгтэй гэдэгт эдийн засагчид санал нэгдэж байгаа. Мөнгөний тэлэх бодлого бизнес хөгжихөд сайн ч гэлээ өнөөгийн нөхцөлд  зээлийн дарамт асар их боллоо. Энэ тохиолдолд бүсээ чангалахаас өөр аргагүй. Гэхдээ хэт хэлбийж болохгүй. Аль салбарт үржил шимт модны үндэс бий болох боломж байна түүнийг дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, усны цоргыг нь тэр чигт нь хаана гэсэн үг биш. Усыг нь мэдээж багасгана. Гэхдээ цаашид үр шимээ өгөх салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм. 

-Улсын өр зээл нэмэгдлээ. Яаж төлөх гэж байна. Үндсэн өрөө төлөөд эхлэхээр улсын төсөвт дарамт учирна гэж байгаа. Энэ талаар ямар санаа бодолтой байна вэ?
-Бид ямар шил зүүнэ тийм л өнгөөр харна. Тогтсон хайрцагнаасаа л гарах ёстой.  Нэг тэрбум ам.доллар бол өндөр технологийн дундаж компанийн эргэлдүүлдэг мөнгө. Гэтэл ийм хэмжээний мөнгө бидэнд айдас авч ирж байна. Энэ өрийг бид ямар нэг аргаар зохицуулж удирдах л ёстой. Бүсээ чангалахдаа чангалж шийдэх болно. Хамгийн гол нь алсын хараагаа хэзээ ч мартаж болохгүй. Өнөө маргаашийн зээлийн дарамтаас болж хамаг зүйлээ хаах нь утгагүй юм. Бид хорь гаруй жилийн өмнө өлсөөд байна гээд зах зээлээ нээгээд өөрийн бэлчээрээ импортын бараанд алдсан. Үүн шиг зээлийн дарамт гээд дөнгөж үүсч буй бизнес, хувийн хэвшлээ боомилж болохгүй. Цоргоны усаа хаах газраа хаана, хэмнэнэ багасгана. Гэхдээ олон улсад өрсөлдөхүйц үндэсний компани хаанаас гарч ирэх боломж байна түүнийгээ мэдэрч дэмжих ёстой.

0 Сэтгэгдэл
Үнэхээр ухаантай үзэл бодлоо нийгэмд зөв байдлаар ойлгуулъя гэж бодож байгаа бол чиний ярианы чадвараас хамаарна. Маш муу. Бусдын хийчнийг үгүйсгэж бусдын анхааралд өртөнө гэдэг бол ёстой нягтлангийн сэтгэлгээ. Өөрийгөө сайн хичээ. Энд олон сайхан боловсролтой залуучууд бий шүү. Чам шиг энд тэнд өвчигнж яваагүй
Haana l yamar arga hemjee bno ene neg career huusun huuhen yavj l bh uym. Uls turch boloh uhaantai uymuu. Neg gazar togtvor suurishiltai ajilaach hudlaa chalchaad yavaad bh uym
hatan haan tgeed yugsiin be?
huuhed shig yum yarihiin
Санхүүч гэдэг хүн Монголд амин чухал хэрэгтэй.
Ядаж өөр юмаар харьцуулалдаа. Нягтлан байхаар муудчихдаг юм уу
За ёстой мэдэхгүй юмдаа, уул нь нягтлан бодогч чинь санхүүгийн бүртгэл, түүнийг бизнес болон үйл ажиллагаандаа яаж уялдуулж бүртгэх вэ гэж боддог хүн, эдийн засагч харин яаж мөнгө босгох, хэрхэн зарцуулах, ерөнхийдөө мөнгөн урсгалаа л төлөвлөж компаний үйл ажиллагааг хэвийн жигд авч явах ёстой мэдээж үүн дээр гадаад болон дотоод эдийн засгий нөлөөлөл гэдэг зүйлийг авч үзнэ. Гэтэл арай л өөр юм яриад байх шиг байхын
shal teneg huuhen yu ch yariad bgaan
Залуус, Зөв асуудал хөндөжээ.Үнэндээ байр сууриа халхалахын тулд стратегийн бодлогонд хэрэглэх ирээдүйн дүгнэлтэнд бодох ёстой тооцоололтын аргачлалыг байр сууриа хадаглахгэсэн,хов жив болгох гэж,Сонгогдын өмнө матаас-хутгуураа нуухын тулд цээжээрээ хаасан болж Матарын нулимс унаган ,гадаад дотоодгүй улсын нэр хүндийг унагаж байгаа,э/з-ийн хөрөнгө оруулалтыг зарцааж байгаа МАН,АН-дотрохи фракц,урьд өмнө нь төрд байсан зөнсөн айд,хөөгдсөн Ерөнхийлөгч нарч үүнтэй холбоотой.Замбраагүй ярих чинь ардчилал биш шүү дээ.Ичих нүүргүй-увайгүйгээр хуцаж байгаа Ж.Энхбаяр,Бямбацогт,Хаян хярваа.Амаржаргал,Баттулга ,Батүүл гэх мэтийг хардаа.Та нар зүгээр л увайгүйгээр ард түмний өмнө хэрүүл хийж доромжилдогоо ардчилал гэч бүү бод?Хөгийн МАЛУУДАА???
Уг нь зєв л ярьж байна Сэгсгэрээ,Аль уулын алмас вэ чи
Хамгийн их уншсан