Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас санал болгож Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр 17.4 сая ам.долларыг “Чингис” бондоос хөнгөлөлттэй зээл хэлбэрээр аж ахуйн нэгжид олгохыг зөвшөөрсөн юм. Дөрвөн жилийн хугацаатай жилийн 9 хувийн хүүтэй энэхүү зээлд хамрагдахаар нийт 150 гаруй компани төслөө ирүүлснээс ҮХААЯ-ны зүгээс 105 аж ахуйн нэгжийн төслийг банк руу шилжүүлжээ. Энэхүү төслийн зээлийг олгох, хяналт тавьж, эргэн төлөлтөд анхаарч ажиллах эрх авсан Голомт банкны хувьд 105 төслөөс 34-д зээл олгох боломжгүй гэж буцаасан бол 26-тай нь 22 тэрбум төгрөгийн зээл олгох гэрээ байгуулаад байгаа юм. Энэ нь 10 га талбайд өвлийн хүлэмж барина гэсэн үг. Өнгөрсөн жил “Түмэн сүйх” компани энэ төслөөр 940 сая төгрөгийн зээл авч, 0.5 га-д голланд загварын хүлэмж барьж, эхний 65 тонн өргөст хэмхээ хураагаад байгаа. Тэгвэл “Өвлийн хүлэмж байгуулах” төсөлд хамрагдсан “Ногоон сор” компанийн хүлэмжийн аж ахуй дээр өчигдөр ҮХААЯ-ны дэд сайд Д.Цогтгэрэл болон албаны бусад хүмүүсийн хамт очлоо.
Тус компани 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийт 7 га талбайтай, үүнийхээ 3 га-г ашиглаад эхэлжээ. Төсөлд хамрагдаж зээл хүсэхээс өмнө 60х10 харьцаатай 11 хүлэмжинд нарийн ногоо тариалж байсан аж. Ингээд төсөлд хамрагдсанаар шинээр 160х11метр хэмжээтэй 7 шинэ хүлэмж, мөн эдгээр хүлэмжээ бүхэлд нь халаах хийн зуух, усалгааны систем гэх зэргийг шийдэж чадсан гэнэ.
Нийт 5 тэрбумын зээл хүсч төслөө илгээсэн ч арилжааны банкны зүгээс “Ногоон сор” компанийн төсөлд 2.4 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой гэж үзээд зээлийн эхний хэсэг хэмээн 1.7 тэрбум төгрөг олгожээ. Одоогоор тарвас, гүзээлгэнэ, усан үзэм, юуцай, улаан лооль, салат байцаа гээд нийт 10-аад төрлийн нарийн ногоо тариалж байгаа гэнэ. Барс, Меркури, Good price зэрэг бөөний худалдааны төвүүдэд ногоогоо нийлүүлж эхэлжээ. Талбайгаасаа улаан лоолио кг-ийг нь 3250 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа аж.
Энэхүү төслийн талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээгээс тодрууллаа.
-Төсөл хэрэгжсэнээр хэдий хэмжээний ногоо зах зээлд нийлүүлэх вэ?
-Монголчууд жилдээ 15 мянган тонн нарийн ногоо импортоор авдаг. Төсөл ёсоор 10 га-д өвлийн хүлэмж баривал 3500 тонн нарийн ногоо зах зээлд нийлүүлнэ. Энэ бол зөвхөн хотын хэрэгцээнд зориулж. Одоо аймгууд маань энэ төслийг ихэд сонирхож бидэнд хандаж байгаа.
-”Чингис” бондын мөнгөнөөс зээл олгож байгаа ч зээлийн барьцаа хатуу дээрээс нь зээлээ тасалж өгөх зэрэг хүндрэл байна гэж аж ахуй эрхлэгчид маань ярьж байна?
-“Ногоон сор” компанийнхны ярьж байгаагаар барьцаа хөрөнгө энэ тэрээ тооцоод 2.4 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэж гарсан боловч увуулж цувуулсаар .7 тэрбумыг дөнгөж өглөө. Гэтэл бүтээн байгуулалтын ажлыг ингэж саатуулж, хөрөнгө оруулалтыг нь цувуулж өгөх шаардлага байхгүй. Цаг хугацаатай уралдаж бүтээн байгуулалтаа хийгээд бушуухан ногоогоо тарьж байж, зээлээ төлөх юм шүү дээ. Гэтэл ногоог нь ургасны дараа зээлийн дараагийн хэсгийг өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ хэд маань одоо л энэ тухайгаа дуулгаж байна шүү дээ.Бид зээл олгож байгаа арилжааны банкныхаа удирдлагуудтай уулзаж энэ талаар ярилцана.
-Жишээ нь, энэ компанийн хувьд хэдэн жилийн дотор зээлээ төлөх боломжтой вэ?
-Эхний нэг жил хөрөнгө оруулалт нь явагдаад дараагийн жилээс зээл хүүгээ төлөөд явна. “Ногоон сор”-ынхны ярьж байгаагаар гурван жилийн дотор зээлээ төлчих юм байна гэнэ. Тэгэхээр бизнесийнхэн маань бүх тооцоогоо нарийн хийж байж төсөлд оролцсон гэдэг нь тодорхой. Үүнээс гадна цаашдаа стандартын баглаа боодол, өнгө үзэмжинд анхаарах, үүн дээрээ гарал үүслээ тодорхой бичих гэх зэрэг асуудал багагүй байгаа. Бид энэ төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжтэйгээ маш ойрхон ажиллаж байгаа. Бүтээгдэхүүний төрөл зүйл борлуулалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ гэх мэт зүйлийг нарийн тооцох мөн гадаад дотоодын мэргэжилтнүүдээр сургалтууд хийж байна. Ингэж байж бодит үр дүн гарна.
-Үрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Өнөөдөр манайд үрийн аж ахуй хөгжөөгүй байна. Энэ маань өөрөө шинэ салбар. Ил хөрсний ногооны үрийн асуудлыг бид шийдсэн. Одоо хүлэмжийн аж ахуйн үрийн асуудлыг шийдэх ёстой. Магадгүй “Ногоон сор” компани анхдагч болоод нэг хүлэмжээ үрийн чиглэлээр хөгжүүлээд явах боломжтой. Үр гэдэг бол хэцүү. Тэр тусмаа нутагшсан үр гэдэг 8-10 жил шаарддаг. Эхний ээлжинд бид сайн чанарын үр импортоор аваад нутагшуулах ажлаа хийнэ.
-Одоогоор нийслэлд хамгийн том хүлэмжийн аж ахуй эрхлэгч нь “Дэвшил” компани байна уу?
-”Дэвшил” бол бүтэн өвлийн хүлэмж биш. Маш өндөр өртөгтэй, халаалтын зардал ихтэй. Тэгэхээр бидний хувьд аль болох зардлыг багасгаж, байгалийн энергийг ашиглахын төлөө ажиллаж байна. Нарлаг хүлэмж гэдэг маань жилийн 12 сарын гурвансард нь л нэмэлт дулаантай. Бусад сард нь нарны энергиэ ашиглана.