“Нээлттэй нийгэм форум” манай улсын ирэх оны төсвийн төсөлд дүгнэлт хийж хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Өчигдөр тус байгууллага төсвийн орлого, зарлага ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг хэлэлцүүлэгт Сангийн яамны, эдийн засагч, судлаачид оролцож санал бодлоо хуваалцлаа. Цаашид улсын өр, орон нутгийн төсөв зэрэг асуудалд дүн шинжилгээ хийж танилцуулах ажээ. Эдийн засагчид судлаачид ирэх оны төсвийн орлого, зарлага, өрийн дарамт, алдагдал ямар байхыг илүү сонирхож байв.
“Нээлттэй нийгэм форум”-ын судлаачидын дүгнэлтээс дор өгүүлье.
Энэ жилийн төсвийн тасалдал одоогоор 672 тэрбум төгрөг байна. Үүний 43 хувь нь НӨАТ, 41 хувь нь Ашигт малтмалын нөөц ашиглсаны татварын орлогын тасалдал аж. Цаашид гадаад нөхцөл байдал сайжрахгүй бол 800 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр улсын төсөв тасарна хэмээн үзжээ. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж буй явдал бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ий дөрвөн хувьд хүрэх гэнэ. Уул уурхайн салбарын өсөлтийг энэ жил хэт өндөр үнэлж төсөвь тооцсон нь том алдаа болсон. Тухайлбал, тус салбараас олно гэж тооцсон орлого 60 хувиар доогуур байгаа юм. Ашигт малтмалын зах зээл, Хятадын эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийг тооцолгүй хэт өөдрөг төсөөлөл хийжээ. Тэгвэл ирэх оны төсвийн төсөөллийг эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэдэгт тулгуурлан хийсэн байна. Ийм учраас ирэх жилийн төсвийн орлогыг энэ оны тодотгосон төсвөөс 3.7, зарлагыг 4.5 хувиар нэмэгдүүлж тооцсон аж. Тэгэхдээ нийт орлогын 82 хувь буюу 5.9 их наяд төгрөгийг татварын орлогоос 17 хувь буюу 1.19 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр байна. Эндээс үзэхэд энэ жилийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээс харьцангуй өндөр төсөөлөл гараад байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн найман улиралын турш буурсан, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамт, Хятадын эдийн засгийн удаашрал, ашигт малтмалын зах зээлийн байдлыг тооцоогүй байна хэмээн шүүмжиллээ. Ирэх онд эдийн засаг сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа. Тухайлбал, эдийн засгийн өсөлт огцом буурч инфляц нэмэгдэх аюул бий. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, гадаад валютын нөөц хурдацтай шавхагдаж ханшийн дарамт нэмэгдэж байгааг судлаачид, эдийн засагчид анхааруулж буй билээ. Үүнээс гадна төсвийн тэлэлт үрэлгэн байдал үргэлжилж буй аж. Жишээ нь цалин, тэтгэвэр тэтгэмж, олон улсаас авсан зээлийн үйлчилгээний төлбөр ирэх жилийн төсөвт нэмэгдэж буй нь ихээхэн дарамт болно хэмээн “Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид дүгнэжээ.
Манай улсын төсвийн орлогод ашигт малтмал хамгийн их жин дардаг. Энэ жил газрын тос, зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн, үнэ ханш харьцангуй тогтвортой байсан ч улсын төсвийн орлого тасарч буй билээ. Энэ оны төсвийн орлого 6.9 их наяд төгрөг хэмээн төсөөлсөн. Сангийн яамны мэргэжилтнүүдийн тооцоогоор төсвийн орлого одоо хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.1 их наяд төгрөг болж буурах тооцоо гараад байгаа. Иймд 800 тэрбум төгрөгийн орлого тасалдах нь. Ашигт малтмалын нөөц ашиглсаны татвар энэ оны эхний найман сарын байдлаар 246.2 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тэгвэл уул уурхайн салбар ирэх онд 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх төсөөлөл гараад байна.
УИХ 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Ирэх онд улсын төсвийн орлого 7.1 их наяд төгрөг байна хэмээн тооцсон. Мөн төсвийн алдагдал нь ДНБ-ий хоёр хувь буюу 478 тэрбум төгрөг байх төсөөлөл хийгээд байна. Одоо хэлэлцэж буй ирэх оны төсвийн төсөлд манай улсын ДНБ 23.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 19.1 тэрбум төгрөг байв. Энэ жил 21.6 тэрбум хэмээн төсөөлсөн байдаг. Сангийн яамнаас тооцсоноор эдийн засгийн өсөлт энэ жил 6.9 хувьтай гарна. Тэгвэл ирэх жил 7.1 хувьтай байхаар төсөөллөө.
Эдийн засгийн хямралын нөлөөгөөр импорт энэ жил 779.2 сая ам.доллараар буурсан. Гэвч ирэх онд импорт 800 сая ам.доллараар нэмэгдэх төсөөлөл төсвийн төсөлд тусгажээ.
Э.Алтанзул: Тэлсэн зах зээлийн төсвийн орлогыг шууд бууруулах боломжгүй
Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн.
-Төсвийн орлогоо багаар тооцож хатуу бодлого баримтлах ёстой гэсэн зөвлөгөөг гадаад, дотоодын эдийн засагчид, манай улстай хамтран ажилладаг олон улсын байгууллагууд зөвлөж байгаа. Ирэх жилийн төсвийн орлогыг бууруулж тооцох уу?
-Ирэх оны төсөвт эдийн засгийн бодит өсөлтөө харгалзан үзэж татварын орлогоо багаар тооцсон. Хамгийн гол нь татварын бус орлого нэмэгдүүлэхийг зорьж буй юм. Нэгэнт тэлсэн зах зээлийг бид аль болох хүчтэй савлуулахгүйгээр зарлагаа санхүүжүүлэх ёстой. Иймд төсвийн орлогыг шууд бууруулах боломжгүй. Аажим аажмаар бууруулах учиртай. Ирэх оны төсвийн төслийн гол онцлог нь энэ юм. Мөн төсөвт тодотгол хийх нөөц судалгааг хийгээд байна.
-Эдийн засагчид ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал муу хэвээр, ашигт малтмалын үнэ өсөхгүй гэж байгаа. Тэгэхээр төсвийн орлого бас л тасарч мэдэх юм. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ оны төсвийг харьцангуй өндрөөр төсөөлсөн. Тухайлбал, 31 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргахаар тооцсон юм. Гэтэл өнөөдрийн байдлаар төлөвлөсөн хэмжээний нүүрс экспортолж чадахгүйд хүрсэн. Зэсийн баяжмалын экспорт төлөвлөсөн хэмжээнээс давж байна. Тэгэхээр давсан нь буурснаа нөхөөд нийт орлогын дүнгээ барих боломжтой. Ирэх онд ч ийм төсөөлөл гарч буй юм.
-Ирэх жилийн төсөвт өмч хувьчлалаас олох орлого огцом нэмэгдсэн байгаа. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Ирэх онд төсөвт 163 тэрбум төгрөгөөр өмч хувьчлалын орлого нэмэгдэхээр төсөөлж байгаа. Тухайлбал, “МИАТ” ХК-ийн 49, “Хөтөлийн цемент шохой” ХК, Хөрөнгийн биржийн 49 хувийг хувьчлалаас нийт 153 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө. Дээр нь улсын хэмжээнд ашиглагдахгүй актлагдсан 70 гаруй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж 10 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. УИХ-аас төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн жагсаалт батлах учиртай. Одоогоор энэ жагсаалтыг батлаагүй байна. Иймд эдгээр асуудал хэрхэн батлагдахыг хэлэх боломжгүй юм.