Хавтгайрсан гавьяат цолыг үнэд оруулсан нэгэн явдал сар гаруйхны өмнө болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дуучин Н.Төмөрхуягт хүртээсэн явдал байлаа. Түүний тухай, яг энэ цаг үед сэтгэлд мөнхөрсөн дуунуудынх нь тухай олон хүн бичсэн, ярьсан, хөөрсөн. Н.Төмөрхуяг энэ цолыг авахаас өмнө хоёр ч удаа “Ард түмний гавьяат” цол хүртэж байлаа. Тэгэхээр тэр бол ард түмний хүү. Гэхдээ ард түмэн гэдэг үг агуу ойлголт. Ард түмний хүү дуртай цагтаа ард түмэнд сэтгэлээ уудалдаггүй юм.
Монгол Улсын гавьяат цолыг энгэртээ гялалзуулан нөгөө муу хөлөө ч үл анзаарч, хөөрч догдолсоор Төрийн ордноос гүйх мэт гарч ирэхдээ тэрээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярыг сугадаж яваа харагдсан. Түүнтэй хамт төрийн шагнал хүртэгсэд бүгд л гэр бүлийнхэнтэйгээ... Харин Б.Бямбабаяр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга учраас л Н.Төмөрхуягтай хамт яваа юм байна гэх хүмүүс байсан ч тэд бол уран бүтээлээр холбогдсон анд найзууд ажээ. Тэдний нөхөрлөл хаанаас, хэрхэн эхэлсэн талаар сонирхлоо.
Шинэхэн гавьяатын 18 жилийн дараах уран бүтээлийн тоглолт тун удахгүй болох гэж буй учраас ажил ихтэй. Мэдээж түүний найз Б.Бямбабаяр ч тоглолтод нь туслаад зав муутай. Гэвч хоёр найз их ажлын дундуур СТӨ дэх Монголын хөгжмийн зохиолчдын холбоо гэж хаягласан өрөөндөө намайг хүлээн авлаа.
1989 он. 25 жилийн тэртээ. Төрсөн нутаг Хэнтийгээрээ овоглосон, бас ч үгүй хэдэн дуутай, урт үсээрээ имиж хийсэн, солгой гараараа гитар тоглодог царайлаг залуу.
Багшийн сургуулийн Хөгжмийн ангийн оюутан. Хэд хэдэн дуунд аялгуу хийчихсэн, гялтгар бор царайтай дэвэргэн залуу.
Энэ хоёр залууг Төрийн шагналт хөгжмийн зохиолч агсан Ц.Чинзориг холбож өгсөн гэдэг. Хэнтийн залуу ч энэ агуу хүний “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” зэрэг дууг дуулчихсан байж. Харин Багшийн сургуулийн хөгжмийн ангид сурдаг залуу бол Ц.Чинзориг гуайн гарын шавь. Энэ л эрхэм хүнээр холбогдсон хоёр залуу өдгөө ч нөхөрлөсөөр. Тэдний нөхөрлөлийг ярихын тулд дандаа л дууны тухай ярих хэрэг гарна. Гэхдээ уншигч та уйдахгүй биз ээ.
Нөхөрлөлийн үндэс агуу их Р.Чойномын аархал байв
Алдарт яруу найрагч Р.Чойном, гавьяат Н.Төмөрхуяг Хэнтийнх. Тэд хэдийгээр насаар хол зөрүү ч уран бүтээлээр салшгүй холбоотой. Энэ талаар шинэхэн гавьяат маань “Бид нэг нутгийн улс. Р.Чойном ах манай ээжтэй нэг анги. Намайг тав зургаатай байхад манайхаар орж гардаг байсан юм. Хөдөө аймагт гудамж бүр агенттай. Хүүхэд байхдаа архинд нь их явсан даа. Илүү гарсан мөнгөөр нь молоко, хатаасан алим авч ойр хавийн хүүхдүүдтэйгээ хувааж иддэг байлаа. Тэгэхээр ойр явсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз дээ” хэмээн ярьсан. Мөн тэрээр “Би энэ агуу хүн нас барахынхаа өмнө бичсэн арван бадаг шүлгээс дөрвийг нь аваад 1989 онд хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр найздаа “Чи ая хийдэг хүн л юм бол энэ шүлгэнд нэг сайхан аялгуу хийгээч” гээд өгсөн юм. “Гунигийн дуу” тэгж төрсөн. Сайхан дуу болсон. Анх би, дараа нь талийгаач С.Цэрэнчимэд дуулсан. Хамгийн сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам дуулсан байна билээ” хэмээн ярив. “Чинзориг багштай Багшийн сургуулийн урлагийн зааланд орсон юм. Тэгэхэд хөгжмийн зохиолч Мөнхбат, морь Энхтүвшин, Сүхээ, Магсаржав гээд л хэдэн хүүхэд байсан. Бямбабаяр төгөлдөр хуур тоглоод л. Тэгж л танилцлаа шүү дээ” хэмээн ярилаа. Ингэж л хоёр найзын нөхөрлөл урлагийн замаар холбогдож,
Ундааны дээж архийг болвол хө
Ууна гэж юунд нь хэллээ дээ
Учир ерөөлгүй чамдаа болвол хө
Сууна гэж юундаа амлалаа даа
Авдар авдаар нь сөгнөхгүйгээс хойш
Архийг юундаа амсав даа хө
Амьдын жаргал эдлэхгүйгээс хойш
Анхнаасаа юундаа амлав даа хө... гэх дуу төрсөн түүхтэй.
Долгорсүрэн маань шагналын даагаа вагонд ачих гээд л, мөн ч хөгтэй шүү
Нөхөрлөөд удаагүй байв. Салхитын наадамд очиж хөгжөөхөөр болоод мань хоёр, Ш.Гүрбазар, талийгч Ё.Сүхбаатар, С.Цэрэнчимэд, тухайн үедээ улсын начин байсан Д.Долгорсүрэн заан гээд л өргөн бүрэлдэхүүнтэй хөдлөв өө. Хүүхдийн тоглоом шиг жаахан хэмжээтэй даралтат хөгжим дээрээ микрофон барьчихаад л Б.Бямбабаяр тоглоод л, Н.Төмөрхуяг, С.Цэрэнчимэд хоёр дуулаад. Салхитад өмнө нь болж байгаагүй доргио бүжгийг л зохион байгуулсан юмдаг хэмээн хөөрөн ярих нөхдийн сэтгэл яг тэр 1989 оныхоороо.
Хамт явсан Д.Долгорсүрэн нь наадамд түрүүлж, даагаар шагнуулчихаад “ЗИЛ-130” машинд ачиж, өртөөн дээр авч ирээд хот руу суудлын вагоноор авч явна хэмээн зөрүүдэлж, болохгүй гэж учирласан нэгэнд нь “Вагон нэг л хөдөлчихвөл адуу хөдлөхгүй” хэмээн ойлгуулах гэж ядсан хөгтэй явдлыг ч дурсав.
Аялан тоглолт
1992 он. Хоёр найз аялан тоглолтод гарав. Өвөрхангай, Булган, Эрдэнэтээр. Германы өсгөгч, “Casio 670” хөгжимтэй тухайн үедээ л бүрэн зэвсэглэчихсэн хоёр замдаа Б.Бямбабаярынхаа ээжийнхээр дайрав. Мотор асаагаад өсгөгчөө залгачихсан дуулаад л, хөөрч догдолсон ээж нь үнээгээ саагаад л...
Энэ явдлаас хэдэн жилийн дараа настай буурай хотод эмнэлэгт хэвтэж байхдаа “Үнээнийхээ зэлэн дээр касио хөгжим сонсоод суух ч сайхан шүү” хэмээн хуучилсан ч түүнд хэн итгэхэв дээ. Ёстой л хүүхдийн доог тохуу болсон гэдэг.
Түүний дараа Хэнтий, Дорнод руу тоглолтоор явж. Энэ тоглолтынхоо дурсамжаас Н.Төмөрхуяг ах “Найзынхаа ЗИЛ-130-ыг аваад л давхисан. Би бариад л Хөвсгөлийн Наф бид хоёртой цуг явсан. Би тэгэхэд учиргүй давхисан юм аа. Өвөл эрт харанхуй болно гээд. 80-120 км-ын хооронд л явсан байх. Тэгсэн л Наф хажуунаас нэг юм хэлээд байна. Чи юу гээд байгаа юм бэ гэсэн чинь “Чи ганц гараараа жолоогоо бариад байна” гэж байна. Тэгээд л нөгөөхийгөө орилуулаад явж байтал гэнэт чимээгүй болчихлоо шүү. Харсан чинь л талд зээр бэлчээд л. Наф тэрийг хараад гөлийчихөж. Тэгснээ “Хөөе, Төмөр өө, малладаг малчин нь ойрхон байгаа юу” гэдэг байгаа” хэмээн дурсав. Хангай газрын хүү Б.Бямбабаяр ч тэр л үед зээр анх харснаа нуусангүй. Тухайн үед аялан тоглолтоор яваад шуудай дүүрэн мөнгө олчихоод л буудлын өрөөнд газар асгаад тоолдог байсан тухайгаа ч ярив.
Зовох цагт нөхрийн чанар танигдана
Найзын сэтгэл гэдэг агуу. Гэхдээ тэр сэтгэлийг мэдэрч байгаа хүнээс илүү мэдрүүлж чадсан нь азтай мэт. 2006 онд дуучин Н.Төмөрхуягийн хөл хүндээр өвдөж, суугаа болсон юм. Яг энэ үед л Б.Бямбабаяр анд нөхрийн чанараа таниулжээ. Найзыгаа тэргэнцэртэй нь түрээд гурван ч эмнэлгээр явсны эцэст хэвтүүлж эмчлүүлэхээр болоод 45 хоног ажил, амьдралаа хойш тавин асарчээ. Нөхөрлөл гэдэг хэцүү бэрхийг давах тусам бэхэждэг мэт. Гэхдээ тэр энэ сайхан сэтгэлээ ахмад хүний үгийг сонсож явсных хэмээн даруухан тайлбарлах. Харин Н.Төмөрхуяг гуай “Сайн явахад найз минь гэх хүн олон байсан. Харин одоо бол цөөрч дээ. Сайн найз минь байсан, одоо ч хэвээрээ байгаа ганц хүн бол Бямбабаяр” хэмээн ярьсан.
Н.Төмөрхуяг гуайг гавьяат авсных нь маргааш олж уулзах гээд утас руу нь залгатал холбогддоггүй. Тэгээд Б.Бямбабаяр ах руу залгатал “Төмөрөө амралтанд явчихсан. Хэсэг тэндээ байна байх” гэсэн хариу өгөв. Төрийн шагнал авсан даруйдаа яагаад яваад өгдөг юм болоо хэмээн гайхсныг хэлэх үү сая уулзахдаа асуухад “Найз маань намайг Багануурын уурхайн амралтад амраасан юм аа” гэлээ.
Залуу ч байж, халуун ч байж гэдэг шиг мань хоёрт бор дарсанд орж явсан үе бий. Хүн алдана чиг, ононо чиг. Гэхдээ одоо хэн байгаа нь чухал.
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо гэж байгууллага бараг л мартагдах шахсан үед ерөнхийлөгчөөр нь томилогдоод бор дарснаас татгалзаж, зүтгэснийхээ хүчинд хэдэн нотноос өөр өмчгүй хөгжмийн зохиолчдынхоо төлөө хийсэн зүйлтэй, хэний ч өмнө бардам зогсох болсон урлагийн гавьат зүтгэлтэн Б.Бямбабаяр.
Эр хүн нэг алдаж, эрэг нэг нурна гэдгээр алдаж явсан ч онох гэж хичээж байгаа, уран бүтээлээрээ монголчуудын зүрх сэтгэлд заларч чадсан, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин “солгой” Н.Төмөрхуяг.
Монголын дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа дархалж чадсан уран бүтээлч хоёр найз.
“Намирсан улаан ороолт, улаан өмд, цагаан цамцтай залуу тайзан дээр гарчихаад л уянгалуулаад байхаар чинь эмэгтэйчүүдийн сэтгэл татагдана биз дээ” хэмээн нөхрөө шоглох Б.Бямбабаяр, “Яадаг юм, улаан ороолтоо энэ тоглолтдоо заавал зүүнэ” хэмээн ярих Н.Төмөрхуяг хоёр аль хэдийнээ нэгэн жарныг элээсэн ч тэртээ 25 жилийн өмнөх шигээ хар багын найзууд мэт шинэхнээрээ.