Хүмүүс бусдын хэрэгцээг ойлгодоггүй. Тиймээс эхлээд өөрийнх нь хэрэгцээг ярь хэмээн “Иргэний оролцоотой хот төлөвлөлт” нэртэй гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах арга зүйн семинарт оролцогчид хэллээ.
Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Өөрөөр хэлбэл, 180 мянган өрхийн эзэмшиж буй 9700 га газрыг шинэчлэн зохион байгуулах замаар дэд бүтцэд холбох нь нийслэлчүүдэд тулгамдсан агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга. Эл “шүдний өвчин”-ийг хурдан хугацаанд илааршуулах чадалтай гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан газрыг нь шинэчлэн зохион байгуулаад зогсохгүй бүс болгон хуваан хөгжүүлэх нь жинхэнэ барилгажилтын гайхамшиг ч болох гэнэ. Энэ талаар Гэр хорооллыг хөгжүүлэх газрын дарга Ш.Ганхуяг “Газар гэдэг улс орны үнэт капитал. Тэр ч утгаараа нийслэлийн захиргаа иргэдийн оролцоонд тулгуурлан газрыг нь шинэчлэн зохион байгуулахдаа төв, дунд, захын гэсэн гурван бүсчлэлд хуваан барилгажуулах төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд төвийн болон дундын гэр хорооллын бүсийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулна. Тэгэхээр хот, иргэн, компани хооронд ямарваа нэгэн асуудал үүсэхгүй. Гол нь, төслийн хөдөлгөгч хүч болсон иргэдийнхээ оролцоотойгоор тухайн нэгж талбар бүрээс газраа хувь нийлүүлэх аргаар авто зам, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн талбай болон төслийн санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор нөөц талбай бий болгох боломжтой. Ингэснээр эрх бүхий иргэдийн газрын хэмжээ багасч, дэд бүтцийн хангамж сайжирч ашиглалт оновчтой болсноор газрын үнэ цэнэ өсөх юм” хэмээлээ.
НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 байршлыг сонгосон. Эдгээр байршилд 78.150 хүн ам бүхий 17.553 нэгж талбарын 1318.1 га талбайг хамарч буй. Эхний ээлжийн сонгогдсон байршлуудыг ямар ч асуудалгүй орон сууцжуулахын тулд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох, гэр хорооллын иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээний нэгдсэн систем бий болгож, хөрөнгийн үнэлгээг нь тодорхой болгох ажил Гэр хорооллыг хөгжүүлэх газрынхны өмнө тулгарч байгаа гэнэ. Гэхдээ бичиг цаасны ажлаас илүүтэй иргэдийнхээ дэмжлэгийг авахгүй бол хэчнээн хууль эрхзүйн орчноо бүрдүүлэн, мөнгөө олсон ч оршин суугчид гөжүүдэлбэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө салхинд хийсэх аюултайг “Жайка” олон улсын байгууллагын мэргэжилтэн Камакүра Хироюүки хэллээ. Тэрбээр “Монгол Улсын агаар, хөрсний бохирдлыг хамгийн их “үйлдвэрлэж” буй гэх гэр хорооллыг орон сууцжуулах замаар иргэдийхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь сайн хэрэг. Япон улс ч гэсэн 20 жилийн өмнө газар зохион байгуулалтын шинэчилсэн төлөвлөгөө гарган зөв ашигласан түүхтэй. Үүний жишээ нь ”Асахикава хотын өртөө юм. Хүн ам битүү суурьшсан жижиг байшингууд цогцолсон эл газар өдгөө орон сууц, амины хаус гээд тухайн бүс нутгийн иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчныг цогцоор нь бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, авто зам, худалдаа, цэцэрлэг сургууль, офисс гэх мэт. Тэгэхээр газраа дахин шинэчлэн зохион байгуулж ашиглахад иргэдийн оролцоо нэг номерын асуудал шүү гэдгийг мартаж болохгүй” хэмээн зөвлөв.
Ц.Баярсайхан: Дэд төвүүдийн бүтээн байгуулалт ирэх оноос эхэлнэ
Энэ үеэр НЗДТГ-ын Хөгжлийн хөтөлбөр, төслийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Баярсайхан Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх гэж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг нийтэд танилцуулсан юм. Тэрбээр “Эл төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэд хотын хоёр дэд төв байгуулна. Өөрөөр хэлбэл, энэ орчмын 400 мянган иргэний амьдрах орчин өөрчлөгдөнө” хэмээлээ. Хэн бүхний анхаарлыг татсан гэр хорооллын газрыг дахин шинэчлэн зохион байгуулах төслийн сонгодог жишээ ч болохоор эл хөтөлбөрийн талаар түүнээс тодрууллаа.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл хэзээ эхлэх вэ?
-НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран Баянхошуу, Сэлбэ дэд төвийн нийт 300 гаруй га газрыг хамарсан бүтээн байгуулалтын ажил есөн жил үргэлжилнэ. Гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр үе шат нь 2014 -2016, хоёрдугаар үе шат 2016-2020 он хүртэл үргэлжилнэ. Харин гуравдугаар үе шат 2018-2023 онд бүтээн байгуулалт дууссан байна гэж төлөвлөсөн.
-Их том бүтээн байгуулалт шүү дээ. Нийтдээ хэдий хэрийн хөрөнгөөр хэрэгжих юм бэ?
-Санхүүжилтийн хувьд Азийн хөгжлийн банк 500 сая ам.доллар, нийслэлээс 200 сая ам.доллар гаргана. Нийтдээ 700 сая ам долларын өртөгтэй хөтөлбөр юм. Эхний ээлжийн ажлын үр дүнгээс хамаарч дараагийн ажлын явц шалтгаална. Гэхдээ бидэнд нэг саад бий. Юу вэ гэвэл, Монгол Улсын өрийн дээд хэмжээний асуудал яригдаж буй учраас хөтөлбөрийн санхүүжилтийг шууд авч болно гэсэн шийд гараагүй байна. Он гараад УИХ-ын намрын чуулганаар эцэслэн соёрхон баталбал олон улсын гэрээ хэлэлцээрээр санхүүжилт орж ирэх байх.
-Ам.метр газрыг нь бага үнээр авах гэж байна гэсэн тунирхалыг одоо ч дахин төлөвлөлтөд хамрагдсан гэр хорооллынхон хэлдэг?
-Аль болох зах зээлийн үнээр авахыг бодно. Холбогдох бүх л журмыг харж үзээд тооцохдоо иргэдтэй зөвшилцөнө. Харин оршин суугчдын хувьд хотын хөгжил цаана нь яригдаж буй учраас хатуурхалгүй уян хатан хандаарай гэж хэлмээр байна.
“Иргэний оролцоотой хот төлөвлөлт”-ийг гардан хийх хүмүүс бол хороодын дарга. Зөв мэдээлэл, сурталчилгаа хийх үүрэгтэй эдгээр хүний хувьд олон санал санаачилга хэлж байлаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэг “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх замаар орон сууцжуулах ажлыг манай хорооны иргэд их дэмждэг, ойлгодог болсон. Өмнө нь, орон гэрээ алдана гэсэн айдас хургаснаас эл ажлын талаар сонсохыг ч хүсдэггүй байсан бол одоо хамрагдмаар байна, бид яаж хүсэлтээ өгөх вэ гэж их асуудаг болсон“ хэмээв. Харин иргэн н.Нарантуяа “Манай Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд БХБЯ-наас “Шинэ хороолол” төсөл хэрэгжүүлж буй. Энэ төсөлд 100-200 айл өрх нэг бүлэг үүсгэн оролцох бөгөөд нийтдээ 168 айл хувийн өмчилсөн газраа нийлүүлж газар ашиглалтаа сайжруулахаар ажиллаж байна. Энэ мэт иргэд нь эвлэлдэн нэгдвэл амьдрах орчноо сайжруулах боломж бидэнд байна” хэмээв.
Ямартай ч, семинарт оролцогчид газрын маргаан болон иргэний амьдралыг баталгаатай болгох үүднээс гэр хорооллыг дахин төлөвлөх бүсэд хамрагдсан газруудад хуульчдын баг ажилллуулъя гэсэн санал гаргаж байлаа.