Аливаа үйлдлийн эсрэг адил хэмжээтэй сөрөг хүч тулгарна гэсэн физикийн хууль үйлчилдэг. Хүн төрөлхтөн агаар мандалд нисдэг төхөөрөмж бүтээж, удалгүй сансрын уудамд нисдэг пуужин бүтээсэн. Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог, харин сар дэлхийг тойрдог, сар өөрөө гэрэл цацруулдаггүй, нарны гэрлийг ойлгодог болохоор гэрэлтэж байгаа мэт харагддаг гэдгийг бүгд мэдсэн. Удалгүй Нил Армстронг саран дээр хөл тавьсны дараа сар нэртэй дэлхийн дагуул гариг дээр мөнгө, хөрөнгө нь байвал ямар ч хүн саран дээр буух, тэнд газар эзэмших боломжтойг бүгд мэдсэн. Ингээд л хүн төрөлхтний хөгжлийг дагасан, сансар хорвоо, гариг хоорондын аялалтай холбоотой сөрөг зүйлс эхэлсэн гэж болно.
Жишээлэхэд, “Lunar Embassy Corporation” буюу “Сарны Элчин сайдын яам” нэртэй компанийн захирал Деннис Хоуп гэгчийн мэдээлж байгаагаар манай хойд хөршийн 11 мянга гаруй иргэн саран дээр газар худалдан авчээ. Саран дээр газар эзэмшиж болдог юм байх даа гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Гэтэл тийшээ очоод эдлэн газраа тойруулан хашаа хатгаж эсвэл түүнийгээ барьцаалах боломжгүй гэдгийг хүмүүс мэдсээр атлаа сая нэр дурдагдсан компанийн зарж байгаа саран дээрх газрыг маш ихээр худалдан авчээ. Одоогоор энэ компани нь сарны гадаргууны 7,5 хувийг дөрвөн сая хүнд зараад байгаа гэдэг нь үнэхээр гайхалтай. Деннис Хоуп гэгч энэ сүйхээтэй америк залуу өөрийгөө дэлхий нэртэй гариг, нарнаас бусад нарны аймгийн бүх гариг эрхсийн газрын эзэн гэж 1980-д онд зарлаж байгаад сарнаас эхлээд Санчир, Бархасбадь хүртэлх бүх гаригийн гадаргуу дээрээс хүссэнээ худалдаж авахыг хүмүүст санал болгожээ. Сэргэлэн эр зүгээр ч нэг санал болгосонгүй дэлхийн 35 улсад салбараа нээж байгаад нарны аймгийн гаригуудын газрыг худалдаж эхэлжээ. Ийм замаар тэрээр өөрийгөө огт зовоолгүйгээр 600 сая ам.долларын ашиг олсон байна. Иймд мань хүний өөрийн өмч гэж зарласан төдий болсон гариг дээр газар худалдаж аваад, түүнээ хэзээ нэгэн цагт ашиглана гэдэг харганы ноос түүж эсгий хийхтэй адил гэдгийг зарж байгаа нь ч тэр, худалдан авч байгаа нь ч тэр сайн мэдэж байгаа атлаа л ийнхүү зальжин этгээдийг 600 сая ам.долларын хөрөнгөтэй болгочихсон байх юм.Энэхүү компанийн менежер Антон Носик энэ талаар “Надад энэ бизнес маш их таалагдаж байгаа. Энэ үнэндээ бол юу ч байхгүй зүйлийг зарах, худалдан авагчийг дамшигласан хэрэг гэдгийг бүгд ойлгож байгаа атал зарим хүн мөнгө олж болоод байдаг юм. Харин саран дээр худалдан авсан газар гэдэг үл хөдлөх хөрөнгийн тухайд гэвэл би хэзээ нэгэн цагт өөрийн мэдлийн газрын хэмжээг шалгахаар тийшээ нисэх нь юу л бол. Тэгэхээр саран дээрх газар эзэмшигч сертификат гэдэг нь зүгээр л ханан дээр өлгөх төдий зориулалттай гоё цаас төдий” гэжээ.
Саран дээр газар эзэмшдэг хүмүүсийн дотор Америкийн сансрын нисгэгчид, Холливудын одод, Оросын шоу бизнесийн одод, үндэстэн дамнасан том корпорациудын эзэд, Ерөнхийлөгч хүртэл бий.
Саран дээр нэг акр буюу 0,4 га газар худалдан авахаар болвол гурван мянган рубль төлөхөд л болно. 10 акр газрын үнэ 19 мянган рубль болно гэдгийг “Сарны Элчин сайдын яам”-ны Орос дахь төлөөлөгч мэдэгджээ. Хүмүүс гол төлөв янз бүрийн баяр ёслолыг тохиолдуулан саран дээр газар худалдаж авдаг, ялангуяа найзын хурим, өөрийн төрсөн өдрөөрөө авдаг гэдгийг тус корпорацын төлөөлөгч онцолсон байна. Ингээд барих, харах, үнэрлэх, амтлах боломжгүй зүйл худалдан авсан хүн өөрийнх нь нэр, овгийг бичсэн сарны газрынх нь гадаргууны байршил ба хөршүүдийн газар, сарны үндсэн хууль гээчийг бичсэн сетификат л хүлээн авна. Ийм бичиг баримт хууль зүйн үүднээс ямар ч нөлөөгүй гэдгийг мэргэжлийн хуульчид онцолж байгаа юм. Хуульчид сарыг агаар мандалгүй, усны баталгаатай эх үүсвэргүй хүний анхаарлыг татаад байхаар зүйл биш, ямар ч байсан ойрын зуу гаруй жилийн туршид саран дээр зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн сансрын нисгэгчид л амьдрах боломжтой гэдгийг онцолжээ. Тэр бүү хэл, хүн суурьшихад илүү тохиромжтой Ангараг мэтийн гариг руу нисэхдээ хэрэглэдэг дамжлага бааз төдий л байх аж. Гэтэл луйварчид Ангараг гаригийг ч зүгээр байлгасангүй нэг акр буюу 0,4 га газрыг нь 2,5 мянган рублиэр зараад эхэлчихсэн байна. Ангараг гаригийн гадарга дээр буусан “Кьюросити” ихээхэн хэмжээний ус илрүүлсэн тухай мэдээлэл дуулиан дэгдээсний дараа тус гариг дээрх газрын үнэ огцом нэмэгдсэн сурагтай.Ер нь, хүн төрөлхтөн байсан цагт оргүй хоосныг наймаалж байгаа хүмүүсийн цуваа тасрахгүй, оргүй хоосныг худалдан авагч хүмүүсийн тоо ч буурахгүй бололтой.