Казахстандаа нэлээд алдартай зураач болох Карипбек Куюковын виз хүссэн мэдүүлэгт Их Британи ба Умард Ирландын Вант улсын Элчин сайдын яамнаас өгсөн хариу Казахстанд нэлээдгүй шуугиан тарьжээ. Асуудлын гол нь хурууны хээ. Казахстанаас Их Британи руу явахын тулд Элчин сайдын яаманд хандан нэвтрэх виз авахын тулд анкет бөглөхдөө хурууны хээгээ өгөх ёстой байдаг аж. Гэтэл Куюков нь хуучин Зөвлөлтийн цөмийн туршилт хийдэг байсан Семипалатинск орчимд төрсөн, цацраг идэвхийн хордлогын улмаас төрөлхийн хоёр гаргүй төрсөн хүн юм.
Тэрээр Их Британид өнгөрөгч сард цөмийн зэвсгийн эсрэг бага хуралд оролцох ёстой байж. Тэгээд Алма-Ата дахь Их Британийн визийн төвд хандахад төвийнхөн нь мань хүнийг хоёр, гурван талаас нь зураг даржээ. Тэдгээр зураг дээр хоёр гаргүй гэдэг нь тод харагдаж байсан гэдгийг зураач өөрөө онцолсон байна.
Гэтэл их өвөрмөц тайлбартай татгалзсан хариу бүхий захидал ирсэн аж. Захидалд “Татгалзсан хариу өгөхөд хүргэсэн асуудлын шалтгаан нь визийн мэдүүлгийн хамт өгсөн таны биометрик /хүний өндөр, жин, хурууны хээ г.м. бүх төрлийн мэдээлэл/ өгөгдөл чанарын шаардлага хангахгүй байгаа явдал юм. Тиймээс визийн дэмжлэг үзүүлэх төвтэй дахин холбогдож мэдүүлгээ шинээр бөглөхийн сацуу биометрикийн чанартай өгөгдлүүдийг танилцуулна уу” гээд захидлын тайлбарт нь “биометрик өгөгдөл” гэж хурууны хээг хэлж байгаа гэдгээ онцолсон байсан аж.
Нэгдүгээрт, Казахстан даяараа мэддэг хүн, хоёрдугаарт өөрсдийнх нь авсан зураг дээр гаргүй гэдэг нь харагдсаар атал гаргүй хүнээс хурууны хээ чинь чанарын шаардлага хангахгүй, дахиж өг гээд виз өгөхгүй байна гэдэг зөөлөн хэлэхэд сонин асуудал. Куюков зураач өөрөө энэ талаар тайлбар өгөхдөө “Намайг хурууны хээгээ дахин өг гэсэн. Гэтэл би чинь яагаад ч хурууны хээ өгөх боломжгүй хүн” гэсэн байна. Мөн өнгөрсөн жил АНУ руу явахад энэ мэт хачирхалтай шаардлага, хүндрэл огт тохиолдож байгаагүй гэдгийг онцолжээ.
Куюуков нь төрөлхийн хоёр гаргүй бөгөөд зурахдаа шүд, хөлийн хуруунуудаа ашигладаг. Уран бүтээл туурвихын сацуу цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцдог.
Ажиглаад байхад Их Британид очих хүн нэлээд асуудалтай тулгардаг бололтой. Наад зах нь манай нэлээд нэр бүхий хүнд жуулчны виз өгч нутагтаа оруулж байгаад баривчилсныг та санаж байгаа байх. Виз бөглөхдөө их сонин гэж болохоор асуултуудад хариулах шаардлагатай болдог. Жишээлэхэд, “Та Нэгдсэн Вант улсад эсвэл өөр улсад алан хядах ажиллагаа үйлдэх, түүнд бэлдэх, зохион байгуулах, ийм ажиллагаанд бэлдэхэд оролцож байсан эсэх, алан хядлагыг дэмждэг эсвэл тийм ажиллагаанд оролцдог байгууллагын гишүүн байсан эсэх” гэсэн асуулт байх юм. Цаашилбал, “таны намтарт өөрийг тань муу гэж харуулах тохиолдлууд байсан эсэх” гэх мэт асуулт байдаг бололтой.
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд, социалист лагерьт хамаарч байсан Румын, Болгар, манайх гэх мэт ядуу, ядуувтар улсын хүмүүс Их Британийн виз бөглөхтэй холбоотой энэ мэт асуудалтай тулгардаг аж.
Дээрх асуулт өнгөц харахад хачин, бүр тэнэг санагдаж болох юм. Үнэн хэрэг дээрээ эдгээр асуулт нь дээрх орнуудаас тус улсыг зорих хүний тоог аль болох цөөлөх, тогтоон барих зорилготой холбоотой гэж болно. Өөрөөр хэлбэл, хууль бус цагаачлал, манайхны ярьдгаар “очоод харлана даа“ гэсэн хүний тоог цөөлөх зорилготой гэнэ.
Тэгэхээр хэрэв өөрийг чинь муу гэж харуулах тохиолдол амьдралд чинь байсан эсэх гэдэг асуултад үгүй гээд хариулчихлаа гэж бодвол “Facebook” дэх хуудсан дээрээ “Яадаг муу ... вэ” гэх мэт тайлбар үлдээчихсэн байвал сайн хүн хэзээ ч ийм үг ашиглахгүй гэдэг нь ойлгомжтой болохоор танд татгалзсан хариу өгөх үндэслэл болно. “Тwitter” дээр өөрийн зурагны оронд Бин Ладений зургийг тавьчихсан байвал алан хядах, шашны хэт явцуурсан үзлийг дам дэмжсэн болоод мөн л виз өгөхөд татгалзсан хариу өгөх шалтаг болно гэх мэтээр. Олон мянган хүн тэмүүлдэг их гүрний виз олгох тасгийн ажилтан байх лут юм.
Өндөр хөгжилтэй орны иргэн биш байна гэдэг лүд ч юм даа...
Гэхдээ нөгөө талаас уран олборлогч хамгийн том компаниудын нэг “Rio Tinto” нь Их Британийнх, дээр нь энэ улс цөмийн зэвсэгтэй болохоор цөмийн зэвсгийн эсрэг хуралд цацраг идэвхийн хор хөнөөлийн бодит жишээ оролцохыг энэ мэтээр шалтаг заан аргалсан байж болох талтай. Тэгээд ч Казахстанд “Казатомпром”-ын хамтаар уран олборлох сонирхол багагүй байгаа талаар “Rio Tinto” концернийн Төв Азийг хариуцсан захирал Кристофер Велтон мэдэгдчихсэн байдаг.