Америкийн NВА-ийн домогт тоглогч, сагсан бөмбөгийн “шарлотт” клубын эзэн Майкл Жордан ганц бие амьдралаа орхиж эртний найз Иветт Приеттатай гэрлэлээ. Куба гаралтай, загвар өмсөгч Иветта 35 настай юм байна. Тэд хуримаа өнгөрсөн бямба гарагт Флорида мужид Жорданы гэрээс холгүй тэмдэглэсэн байна. Сүмд болсон тэдний хуримын ёслолд 300 гаруй зочин ирсэн бол төгсгөлийн зоогт нь 2000 зочин байсан байна. Зочдын дунд нэрт гольфч Тайгер Вудс, “Нью-Йорк”-ийн сагсан бөмбөгч байсан Патрик Юинг нар байжээ.
Зочдын өгсөн бэлэг сэлт, эд зүйлсийг хосууд Жеймс Жорданы буяны сан руу шилжүүлсэн байна.
Энэ бол 50 настай сагсан бөмбөгчийн хоёр дахь гэрлэлт юм. Тэрээр 16 жил хамт амьдарсан, гурван хүүхдийн нь ээж Хуанитагаас 2006 онд салсан юм.