Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Өсөхбаяр Дэлхийн зулайд Төрийн далбаагаа мандуулснаа илтгэв

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн зуу гаруй орны төлөөлөгч Улаанбаатарт хуран чуулж АОХН-ийн Сайд нарын бага хуралд оролцож буй сайн өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнд өөдрөг мэдээ дуулгалаа.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж Төрийн тэргүүний санаачилга, ивээл дор болсон монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулан бөмбөрцгийн зулайд хүрч төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулах аялал амжилттай өндөрлөснийг илтгэв. Уулчин Г.Өсөхбаяр энэ сарын 20-ны үдэш дэлхийн бөмбөрцгийн 90 градуст хүрч төрийн далбаагаа мандуулсан юм.
Үүрэг, зорилгоо амжилттай биелүүлсэн Г.Өсөхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий төрийн далбааг Хойд туйлд мандуулаад эргүүлэн авчирч буйгаа хэлж далбааг Төрийн тэргүүнд гардуулж өглөө. Уг төрийн далбаа өмнө нь өнгөрсөн 2012 оны зун Лондонгийн олимпийн тэнгэрт намирч байсан юм.
Уулчин Г.Өсөхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврыг биелүүлж улсынхаа төрийн далбааг дэлхийн хамгийн хойд цэг 90 градуст мандуулаад эргүүлэн авчирч буйдаа маш их баяртай байгаагаа хэлэв. Тэрээр Хойд туйлд хөл тавьсаныг нь гэрчлэх батламжаа Ерөнхийлөгчид үзүүлж зорилгодоо амжилттай хүрснээ давхар “баталгаажуулсан” юм. Дэлхийн зулайд хүрмэгцээ Г.Өсөхбаяр багийн ахлагчийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж байсан билээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нар дэлхийн зулайд хийсэн аяллын талаар яриа өрнүүллээ.

 Уулчны аяллын замд саад бэрхшээлүүд тохиолдож байсан ч бүгдийг даван туулсанбайна. Хамгийн хэцүү, ядарсан, даарсан үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэл найдвар өвөрлүүлж байсан дүр төрх нүдэнд харагдаж тулгарсан саад бүрийг давж чадсандаа баярлаж байгаагаа тэрээр хэлсэн юм.
Хойд туйлд Монголын төрийн далбаа мандана гэдэг гайхамшигтай зүйл. Хойд туйлаас харахад бүх зүйл урд зүг болж харагддаг. Энэ гайхамшигт, зоригт үйлсийг биелүүлээд сайн явж ирсэнд туйлын баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Цаашдаа олон олон амжилт гаргаж монгол түмнээ баярлуулж, эр зоригийн спорт шүтдэг монголчуудын хийморийг мандуулахад оруулах их үйлстээ улам их амжилт олохыг Төрийн тэргүүн хүсэн ерөөв.
Нийт аяллын туулах замыг агаараас авсан зургаар тооцоолж,89 дүгээр өргөргөөс хойд цэгийн 90 градус хүрэхэд110 км гэж төлөвлөж байсан ч газар дээрээ очиж саад бартааг тойрч гарахад нийт 200 гаруй км замыг цанаар туулсан байна. Мөсөн дор далайн маш их даралттай ус байдаг. Мөс байнга хагарч хөдөлж байдаг учир саад бэрхшээл ихээхэн тулгарч байжээ.

АОХН-ийн бага хурал Улаанбаатарт болж дэлхий нийтийн хараа Монгол руу чиглэсэн энэ өдөр бас нэг сайн мэдээг Г.Өсөахбаяр хойд туйлаас авчирсанд Монгол Улсын Ерөнхийлөгч их баярлаж буйгаа хэлсэн юм.
Улзалтын дараа Г.Өсөхбаяр сэтгүүлчидтэй товч ярилцсан юм. Сэтгүүлчид түүнээс дараагийнх нь аяллын талаар асууж сонирхлоо. Г.Өсөхбаяр “Энэ удаа хийсэн аялалдаа маш их сэтгэл хангалуун байна. Монголынхоо ард түмний итгэл, Монгол Улсын Төрийн тэргүүний үүрэг даалгаврыг биелүүлж улсынхаа төрийн далбааг дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг, хойд туйлын 90 градуст мандуулсандаа баяртай байна. Цаашдаа хийх ажил, мөрөөдөл бий. Зардал байвал сар руу хүртэл нисэх мөрөөдөл байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан