Орчин үеийн уран зураг дахь сюрреализмын нэрт төлөөлөгч испанийн зураач, графикч, найруулагч, зохиолч Сальвадор Даль бас гайхалтай гэрэл зурагчин байж.
Тэр зүгээр ч нэг гэрэл зураг сонирхогч, авагч байсангүй сонин, содон уран сэтгэмжийн зохиомжит зураг авч байсан байна. Гэрэл зурагчин Филипп Халсмантай хамт 1951 онд Нью-Йоркт авсан зургууд нь. Харин Халсман бол өнгөрсөн зууны нэртэй улстөрч, саятан, дуучин, зураач, яруу найрагчдын зургийг авч явсан хүн. Тэр хоёр зүгээр ч нэг нэгдээгүй, хамтраад гэрэл зургийн гайхамшгийг бүтээсэн.
Тэд 1941 онд танилцаж 37 жил хамтарсан гэдэг. Хамгийн эхний хамтарсан бүтээл нь өндгөн дотор хэвтэж байгаа нүцгэн Даль байсан нь урлагийнхны дунд бөөн дуулиан дэгдээсэн юм.
Хохимой толгойн дүрслэлд хэдэн эмэгтэй оролцож болох вэ. Сонин илэрхийлэл байгаа биз.
Эсвэл сандал шидэж, муур харайж, ус цацаж байгаа зургийг юу гэхэв. Команд өгмөгц л муур, сандлаа шидээд, усаа цацахад болох юм шиг атлаа энэ зургийг авах гэж 28 удаа дахьсан гэдэг. Хажуугаар нь Даль өөрөө бас харайна шүү дээ. Гэхдээ энэ нь гэрэл зургийн түүхнээ гайхамшиг болон үлдсэн л дээ. Ер нь тэр хоёр харайлтыг харуулсан олон арван зураг авсан байдаг. Далийн өөрийн нь сахлын тухай цувралууд ч бас сонин. “миний сахал яг л миний хүч чадал, мэдрэмж шиг ургаж байна” гэсэн байдаг.
Зураач, гэрэл зурагчин хоёр хамгийн сүүлд 1978 онд уулзжээ.