Монголын даамчид олон улсад амжилтаараа шагшуулж яваа. Тэд өнгөрсөн жил Ази тивийн аваргаас арвин ургацтай ирсэн. Харин өнөөдөр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй даамчид Узбекистан улс руу хөдөллөө. 2013 оны тивийн аваргын тэмцээнд ухаан сорьж, амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр мордсон нь энэ. Аян замд гарахын өмнөхөн холбооны тэргүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголын даамын холбооны шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байна. Энэ жилийн тэмцээний онцлог юу бол?
-Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жилээс хойш бүх насны ангиллаар зохиогдох онцлог юм. Өөрөөр хэлбэл 5-7 нас буюу хамгийн багаас эхлээд насанд хүрэгчид хүртэл зургаан ангиллаар өрсөлдөнө. Манай улс Азийн аваргын тэмцээнд өргөн бүрэлдэхүүнээр хоёр дахь удаагаа оролцох боллоо. Тиймээс нэлээд олон тамирчин авч явахаар бэлтгэж байгаагаас ихэнх нь өсвөрийн тамирчид. Нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явахаас урьд нь Азийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн, амжилт гаргасан даамчид багтсан.
-2012 оны Ази тивийн аваргын тэмцээнээс Монголын даамчид хэдэн медаль хүртэж, ямар ямар амжилт гаргасан бэ?
-Өнгөрсөн жил Монгол Улсыг төлөөлсөн тамирчдаас дунд насныхан голдуу медаль хүртэж байсан. Тухайлбал, хөвгүүдийн 14-16 насанд “Эхлэл” сургуулийн сурагч Ц.Отгонбилэг, охидын төрөлд Дорноговь аймгийн сурагч Д.Одонтуяа, охидын 11-13 насанд “Шавь” цогцолборын сурагч Б.Сугаррагчаа нар алтан медаль хүртсэн. А.Дашбаяр 14-16 насны хөвгүүдийн ангилалд мөнгө, Б.Мөнхжин хүрэл медалийг атгасан юм. 11-13 насны даамчдын дунд хөвгүүдээс М.Одгэрэл хүрэл, охидоос Г.Хэрлэнмөрөн мөнгөн медальтай ирсэн. Хамгийн бага, ирээдүйн найдвар буюу 7-10 насны ангилалд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сурагч Т.Ганчимэг хүрэл медалийн эзэд болсон юм. Харин эрэгтэй насанд хүрэгчдийн эхний гурван байрыг Г.Ганжаргал, Д.Эрдэнэбилэг, О.Түвшинболд нар эзэлсэн. Эмэгтэйчүүдээс Д.Нямжаргал аваргалж, Э.Мандахнаран хүрэл медаль хүртсэн. Залуучуудын ангилалд ШУТИС-ийн оюутан О.Энхбат аваргын алдарт хүрсэн байгаа. Манай тамирчдын хувьд Хятад, Солонгосын даамчидтай их ширүүн өрсөлддөг.
-Монголын даамын холбоо 2013 онд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Олон улсын даамчид Монголд ирнэ гэж дуулсан?
-Манай холбооны хувьд 2013 он их чухал үйл явдалтай, онцлох жил болно. Маргааш /өнөөдөр/ Азийн аваргын тэмцээн рүү шилдэг тамирчдаа авч явах гэж байна. Ирэх зургадугаар сард эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын төлөө даамчид маань өрсөлдөнө. Энэ тэмцээнд оролцож буй тамирчид тодорхой эрх авч оролцдог учраас бэлтгэлээ хангаж байгаа. Хамгийн чухал үйл явдал бол энэ оны аравдугаар сард тохионо. Бид эмэгтэй даамчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авсан. 10 хоног үргэлжлэх тэмцээнд чансаагаар дэлхийд тэргүүлж буй 16 даамчин өрсөлдөх юм.
-Эмэгтэйчүүдийн ДАШТ-нд манай улсаас хэдэн тамирчин оролцох бол?
-Зохион байгуулагч орны хувьд бид нэг тамирчнаа Дэлхийн аваргад зүй ёсоор оролцуулна. Мөн өнгөрсөн жил Ази тивийн аварга болж, Монголдоо анх удаа их мастер цол хүртсэн эмэгтэй тамирчин Нямжаргалыг оруулна. Түүнээс гадна ивээн тэтгэгчийн нэрэмжит бас нэг тамирчин оруулах бодолтой байгаа. Үндсэндээ Дэлхийн аваргад Монголоос гурван тамирчин өрсөлдөх байх. Бусад 13 тамирчны дунд тив, дэлхийн аварга цолтой зургаан даамчин оролцохоо илэрхийлсэн.
-Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад Дэлхийн даамны холбооноос та бүгдэд тодорхой шаардлага тавьсан байх?
-ДАШТ-ийг зохион байгуулахад олон улсын холбоо, байгууллага дүрмийнхээ хүрээнд оролцох хэдий ч голлох ажлыг бид өөрсдөө хариуцан ажиллана. Дэлхийн төвшинд Монголын эмэгтэй даамчид хүчтэй өрсөлдөгч болж байгаа. Манай улсад 30-аад мянган хүн сонирхон тоглодог энэ спортын дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулъя гэж бид 2-3 жилийн өмнө шийдсэн юм. Үүнийгээ Дэлхийн даамны холбоонд тасралтгүй уламжилж, мэдэгдсээр яваад 2013 онд зохион байгуулах эрхээ авсан. Гэвч нэг асуудал байна. Энэ тэмцээнийг зохион байгуулах санал гаргаснаас хойш төсөв мөнгийг Засгийн газарт мэдүүлж ирсэн. Гэвч өмнөх Засгийн газар үүнийг баталж өгөөгүй. Харин одоо төсвийн тодотголд нэмж оруулах саналаа боловсруулан ажиллаж байна. Залуучуудын, оюутнуудын, өсвөрийн аваргын тэмцээн бол зохион байгуулалт нь ямар нэг бэрхшээлгүй болчихдог. Харин ганц удаа ДАШТ болох гэж байхад төрөөс дэмжээсэй гэж бид хүсч байгаа.