Энэ солонгос залуу манай их аваргаас 11 насаар ах. Өөрөөр хэлбэл дөч гарсан эр. Гэхдээ одоо энэ хүн дэлхийд ид гялалзаж байгаа ази залуу. Хайр сэтгэл хийгээд карьерийн хувьд тэр эцсийн шатандаа хүрээгүй нэгэн. 2008 оноос Холливудад хөл тавьсан ч өөрийгөө энэ ертөнцийн хүн биш хэмээн тодорхойлох дуртай. Өнгөрсөн сарын сүүлээр түүний тоглосон Холливудад бүтээсэн G.I.Joe кино олны хүртээл болон Монголын кино театруудаар ч гарч байгаа юм.
Холливудын алдарт од Брюс Уиллис, Кэтрин Зета Жонс, Энтони Хопкинс, Хелен Миррен нартай хамтран тоглосон “Рэд2” кино нь наймдугаар сард нээлтээ хийнэ. Ингээд түүний тухай зарим мэдээллийг хүргэе.
“Кино бүрэлдэхүүнээ анх харчихаад би яг л шүтэн бишрэгчийн хувиар гайхан алмайрсан. Би энэ хүмүүстэй зурагаа авхуулах ёстой шүү гэдэг бодол л толгойд эргэлдэж байлаа” хэмээн Ли Бен Хон ярьсан байгаа юм. Тэгвэл Брюс тэдний ертөнцөд нэвтэрч орж ирсэн солонгос эрд их л хүндэтгэлтэйгээр хандаж байсан гэнэ. Тэрээр уулзах бүртээ халуун дотноор гарыг нь барьж, солонгос үндэстэн шиг бөхөлзөн мэндчилж байжээ. Мөн түүнтэй хамт солонгос хоол дуртайяа идэж, кино ертөнц Холливудын талаар ярилцаж байсан аж. Ли Бен Хон “Миний эцсийн зорилго Холливуд биш. Би сониуч зангаараа л энэ айлын хаалгыг тогшиж, өрөөсөн хөлөө оруулчихлаа. Би энд өөрийгөө хөндлөнгийн хүн гэдгийг мэдэрч байна. Миний хувьд солонгос кинонууд маань хамгийн эрч хүчтэй бас хамгийн хөгжилтэй хэвээрээ байгаа шүү” хэмээн ярьжээ.
Тэгвэл энэ эртэй бид “ Амьдралын ээдрээ” киноны Ким Ин Ха гэдэг дүрээр танилцсан. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас тэрээр Ли Мин Чжон хэмээх жүжигчин бүсгүйтэй дотноссон гэнэ. Анх 2006 онд тэд танилцсан ч Ли Бен Хон дөнгөж кино ертөнцөд орж ирж байгаа бүсгүйн цаашдын амжилтанд нөлөөлөхийг хүсээгүй аж. Өөрөө ч маш олон кинон дээр ажиллаж байсан учраас бүсгүй хүнтэй холбогдохыг хүсээгүй жилүүд байжээ. Гэвч зургаан жилийн дараа тэд учирсан байна. “Бидэнд ижил төстэй зүйл олон бий. Бид өдөр бүр эцэс төгсгөлгүй ярилцаж чаддаг. Ярилцах сэдэв үргэлж олддог юм. Хэдийгээр насны зөрүү ихтэй ч тэр миний насныхантай учраа олохдоо сайн шүү” хэмээн Ли Бен Хон найз бүсгүйгээ магтжээ. Ли Мин Чжон Монгол НD телевизээр орой бүр гарч байгаа “Үнэн” киноны гол дүрд тоглож буй бүсгүй юм.