Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн алт, мөнгө хүртсэн монгол жүдочид дэлхийн аваргад зодоглоно


Гурван өдрийн турш Ази тивийн аварга хэмээх алдрын төлөө 28 орны шилдэг жүдочид хүч үзлээ. Эхний хоёр өдөр хувийн барилдаанууд үргэлжилж, сүүлийн өдөр таван гишүүнтэй улс бүрийн баг шилдгээ шалгаруулав.
Долоон жинд хүч үзсэн хувийн барилдаанд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 14 жүдоч зодоглосон. Медалийн тоо, амжилтын үзүүлэлтээр Япон, Солонгосын ард буюу гуравдугаарт орлоо. Тодруулбал, нэг алтан медаль, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн юм.

Тавдугаар байрт гурван тамирчин, долдугаар байрт нэг тамирчин шалгарсан. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Даваадоржийн Төмөрхүлэг Азийн аварга боллоо. Харин -73 кг жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Бат-Эрдэнэ, -70 кг жинд Ц.Насанжаргал нар мөнгөн медалийн эзэн болсон юм. Зургаан хүрэл медалийг эрчүүдээс Б.Тэмүүлэн, О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Б.Мөнхтуяа, Д.Сумьяа, М.Уранцэцэг, Ц.Цэрэннадмид нар хүртээд байна. Харин Ч.Болдбаатар, Н.Батсуурь, Г.Энхриймаа, нар тавдугаарт, Х.Цогтгэрэл долдугаар байрт шалгарсан амжилтаар Азийн аваргын 2013 оны тэмцээнийг дуусгалаа.
Д.Төмөрхүлэг Ираны бөх Бахрамен Хаяат Эхсаныг эхний үед цэвэр ялсан. Хоёрдугаар шатанд Хонконгийн жүдоч Чү Юү Лиүнийг мөн л давсан. Үүний дараагийн учраа Солонгосын Хуан Бо-Баеийг юүко үнэлгээгээр ялж аваргын төлөө барилдсан юм. -66 кг жинд нийт 18 жүдоч өрсөлдөж, 21 барилдаан гарсан. Үүний хамгийн сүүлийнх буюу алтан медалийн төлөөх өрсөлдөөнд Д.Төмөрхүлэг Японы Фүкүока Масакитай зодоглосон юм. Тэмцээн эхлээд хоёр минут өнгөрч байхад Ф.Масааки юүко үнэлгээ авсан ч дараа нь идэвхгүй барилдаан үзүүлж алдсан. Харин нэг минутын дараа буюу 3:44 секундэд Д.Төмөрхүлэг иппон үнэлгээ авч тэмцээнийг дуусгасан юм. Энэ удаагийн тэмцээнд монголчууд 10 медаль хүртсэн амжилт нь 2016 онд тохиох олимпод оролцох эрх авахад эерэг нөлөөтэй. Тухайлбал, тивийн аваргын зэрэглэлтэй тэмцээнд түрүүлбэл олимпын эрхийн 400 оноо дагалддаг юм. Харин дэд байрт 240, хүрэл медальтан 160 оноо авах бол тавдугаар байрт 80, долдугаар байрт 64 оноо авна. Одоогийн байдлаар Азийн аварга Д.Төмөрхүлэг 730 оноогоор -66 кг жиндээ долоодугаарт жагсч байгаа. 400 оноо нь нэмэгдсэнээр 1120 оноотой яваа Францын бөх Ларосе Дэвид, 1072 оноотой Гүржийн жүдоч Шавдатуашвили Лаша нарын урд гишгэнэ. Ийнхүү жиндээ тэргүүлэх байр суурийг олох юм. Харин бусад жүдоч маань харгалзах оноогоо авч олимпод оролцох боломжоо ахиулна.

Багийн тэмцээнд улсаас нэг л баг өрсөлддөг. Таван жингийн тамирчдын нэгдсэн амжилтаар үнэлж, байр эзлүүлэх юм. Багийн дүнгээр эхний таван байрт шалгарсан орны тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах учиртай. Манай эмэгтэйчүүдийн багт Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяа, Ц.Цэрэн­надмид, Ц.На­ран­жаргал, Б.Мөнх­туяа нар багтсан. Тэд хувийн барилдааны ам­жилтаар тавдугаар байрт жагсч байсан бол багийн үзүүлэлтээр мөнгөн медаль хүртэж чадлаа. Эмэгтэйчүүд эхлээд Узбекстантай таарч 5:0 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Тайванийн шигшээ багтай өрсөлдөөд мөн 5:0 даваагаар ялсан юм. Харин нөгөө зоонд Солонгос, Японы бөхчүүд таарч япончууд ялалт авснаар манай эмэгтэй жүдочидтой алтан медалийн төлөө зодоглосон.

Эхний барилдаанд Б.Бат-Эрдэнэ Японы бөх Мияакава Такүмитэй барилдсан. Мияакава манай бөхийг үүрч далаар нь цэвэр хаяж 100 оноогоор шууд ялсан юм. Хоёр дахь учраа Д.Сумъяа, Нае Удакагийн хооронд болсон. Эн тэнцүүхэн бөхчүүд нэг нэгэндээ мөчөөгөө өгөхгүй таван минутын турш барилдсан юм. Харамсалтай нь шүүгч Д.Сумъяад идэвхгүй барилдсан гэж шидо буюу торгууль өгсөн байсан нь барилдааны хувь заяаг шийдлээ. Монголчууд хоёр удаа ялагдчихаад байхад Ц.Цэрэннадмидын учраа эхэлсэн. Тэрээр Кана Абэтэй барилдаад нэг минут өнгөрөхөд хоёулаа шидогоор торгууллаа. Гэвч удалгүй манай бөхийг даралтад оруулж, Абэ оноогоо ахиулсаар ялалтад хүргэсэн юм. Ийнхүү Монголын баг Азийн аваргын мөнгөн медаль хүртэж, япончууд аваргалах нь тодорхой болсон. Үүний хойно хоёр ч барилдаан үлдээд байлаа. -70 кг жинд барилдаж буй Ц.Наранжаргалын өрсөл­дөгч Харуко Тачимото байсан юм. Тачимото иппон үнэлгээгээр Ц.Наранжаргалыг буулгаж авсан бол сүүлийн барилдаанд Б.Мөнхтуяа зодоглосон. +78 кг-д хүнд жинтэй Татаема Маетай учраа таарсан юм. Барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад Б.Мөнхтуяаг даралтад оруулж ялалт авсан. Хүнд жинтэй бөхийг дийлээгүй Б.Мөнхтуяа 100 оноо алдсанаар эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл дэх барилдаанууд өндөрлөсөн юм.

Харин эрэгтэй багийн хувьд нийт 11 баг өрсөлдсөн. Киргизийн багийг 1:4-өөр ялж, хоёрдугаар үедээ япончуудад хожигдсон. Гурав дахь учраа Туркменистаныг 0:5 харьцаагаар ялсан юм. Үүний дараа Узбекистаны багтай хүрэл медалийн төлөөх барилдаан эхэлсэн. -66 кг жинд Д.Төмөрхүлэг барилдаж өрсөлдөгчдөө торгуулийн оноогоор ялсан. Барилдаан булган сүүлтэй байж Г.Одбаяр базари, Х.Цогтгэрэл Иппон, Б.Тэмүүлэн базари үнэлгээгээр өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өрсөлдөгчдөө иппон үнэлгээгээр ялагдаж монголчууд 1:4-ийн харьцаагаар хүрэл медалийн эзэн боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан