Эгэл жирийн хүн хэзээ ч суутан болж чаддаггүй гэдэг. Тэгэхээр суутан байна гэдэг анхнаасаа л жирийн бус байхын нэр юм. Тийм ч болоод тэр үү суутан ухаантанууд гол төлөв тун ч хачирхалтай “сум”-тай байсныг түүх тэмдэглэн үлдээжээ.
Жишээлэхэд, суут зураач Сальвадор Дали зургаа зурах болохоор зүүн чихэндээ усан үзэм хийдэг байж. Яагаад гэж асуухаар усан үзмийг чихэндээ тултал нь ойртуулбал чамин хөгжим сонсогддог юм гэдэг байж. Дали ер нь, хүмүүсийг алмайруулах дуртай хүн байв. Америкт айлчилж байхдаа нэгэн уулзалт дээр далайн давалгааны өнгөтэй костюм өмсөж, толгойдоо усанд шумбалтын том дуулга зүүгээд иржээ. Яагаад гэхэд нь ингэвэл хүний сэтгэлийн гүн рүү, дотоод ухамсар руу шумбахад хялбар байдаг юм гэжээ. Нэгэн удаа эхнэр Галагаа мөрөн дөөрөө хонины гуятайгаар зурсан байна. Яагаад гэхэд “Би Галад хайртай бас хонины маханд ч дуртай. Энэ зураг дээр миний хайртай дуртай хоёр юм хоёулаа байгаа юм” гэсэн гэдэг.
Суут хөгжмийн зохиолч Бетховен сахлаа хусахаар онгод орохоо больдог гэж үздэг байж. Тиймээс бүтээл туурвиж байх үедээ хэзээ ч сахлаа хусдаггүй байв. Мөн бүтээлээ туурвиж байхдаа тархиа сайн ажиллуулна гэж үе үе толгой дээрээ хувин дүүрэн хүйтэн ус асгадаг байсан аж. Гэрийн зарц, үйлчлэгч нараасаа зөвхөн 64 ширхэг кофений үрээр кофе чанахыг шаарддаг байв. Нотны цаас, ном, хоолны үлдэгдэлтэй таваг гээд бүх юмаа энд тэнд замбараагүй шидлэж хаядаг бөөн овоорсон цаас, хогин дунд байдаг, түүнийг засч янзласан хүнийг алахаас наагуур юм болдог байжээ.
Хөгжмийн зохиолч Шуберт бичсэн хөгжмийн зохиолоо олон нийтэд танилцуулахын өмнө заавал самны шүдэн дээр тоглож шалгаж үздэг байжээ.
Хөгжмийн зохиолч Роберт Шуман дөрвөн наснаасаа эхлэн үе үе ухаан самуурдаг болоод 46 насандаа нэг мөр солиорсон байдаг. Тэрээр бүтээлээ туурвихдаа эхлээд дуу авиаг нь аккорд, аяс болон нийлж байгааг нүдээрээ хараа харснаа цаасан дээр буулгадаг байжээ. Өөрийг нь ярьдаг ширээ дагаад байна гэж гомдоллодог байсан гэнэ.
Суут Вагнер хөгжмийн шиэн бүтээл туурвих болохоороо гэрийнхээ энд тунд гал улаан өнгийн торго, хилэн даавууны өөдөөс тарааж тавиад, бүтээлээ бичиж байхдаа улаан давуу барьж гартаа имэрдэг, үрдэг байж. Ийм улаан өнгийн даавуу байхгүй бол бүтээлээ туурвиж чадахгүй болчихдог.
Суут физикч Ампер үргэлж л бодолд дарагдаж явдаг их салан хүн байжээ. Хичээл зааж байхдаа самбарын арчууртаа шууд нусаа нийчихдэг байж. Тэгээд сургууль дээрээ өдөржин хамар ам нь цул шохой болчихсон явж оюутнуудын ихэд хөгжөөдөг байсан аж. Нэгэн удаа гэрээсээ гарахдаа “Ампер ажилтай гадуур яваа. Орой л ирнэ” гэсэн бичиг үүдэндээ хадчихаад явжээ. Гэтэл яагаад ч юм ажлаа эрт амжуулчихаад гэртээ өдөр хүрээд ирж. Тэгээд өөрийнхөө бичсэн бичгийг уншчихаад “За за тэгвэл би орой ирэхээс дээ” гээд буцаад гараад явж байсан гэдэг. Ампер юмыг асар хүчтэй, маш нарийн мэдэрдэг нэгэн байсан бөгөөд нэгэн удаа Женев нуурын гоо үзэсгэлэнт байгалийн хараад бахдан биширсэндээ золтой л үхчихээгүй гэдэг.
Ёгт үлгэрээрээ түүхэнд нэрээ үлдээсэн зохиолч Лафонтений онгод алхаж явахад нь ордог байсан болохоор гудамжаар ганцаараа чанга ярьж, шүлэн уншиж, шинэ орж ирсэн санаагаа ярин гар хөлөө савчуулан алхдаг байсан аж. Хотын иргэд үүнд нь дасчихсан болохоор нэг тоодоггүй байсан гэдэг.
Суут Флобер зохиолоо бичиж өөрийн зохиосон баатруудтай ярьдаг, маргадаг, уурладаг инээдэг. Гэнэт босч ирээд өрөөнд дотуураа том том алхалан явж, яриа, шүлэг уншдаг байжээ.
Эдгар По нь хоосон цаас ширтэн юу ч бичилгүйгээр хэдэн цагаар суучихдаг байжээ. Метерлинк ч мөн адил өглөө болгон бичгийн ширээний ямар ч бодол толгойд нь орж ирээгүй байсан ч хамаагүй цаас ширтэн заавал гурван цаг суудаг зуршилтай байв. Дюма зөвхөн дөрвөлжин цаасан дээр бичдэг бөгөөд ийм цаас нь дуусвал дөрвөлжин цаас олж ирэх хүртэл бичихээ больдог байж.
Зохиолч Анатоль Франс зохиолчоо бичихдээ зориулалтын бичгийн цаасан дээр бичдэггүй байжээ. Тэгээд энд тэнд сууж явж байгаад санаа орж ирвэл шууд л гартаа таарсан юу ч байсан хамаагүй дээр нь бичдэг байж. Жишээлэхэд, зоогийн газар сууж байсан бол шууд салфеткан дээр, уушийн газар бол аяганы тавиур дээр за тэгээд цаашлаад нэрийн хуудас, чихрийн цаас заримдаа бүр маш чухал баримтын дээгүүр дараад биччихдэг байжээ.
Оноре де Бальзак бичгийн ширээний ард хөл нүцгэн сууж бүтээлээ туурвидаг байв. Гэрийнх нь шал хүйтэн болохоор хөл нь байнга даардаг ч хөл хүйтэн үед тархи сайн ажилладаг гэж үздэг байв. Шиллер ч мөн адил бүтээлээ туурвиж байхдаа мөстэй төмпөнд хөлөө дүрдэг байв. Шиллер бүтээлээ туурвихын тулд хажуудаа заавал ялзарсан алим тавьдаг. Ялзарсан алим ширээн дээр нь байхгүй бол шинэ бүтээл туурвич чадахаа байчихдаг хүн байжээ. Бальзак нь нэгэн суут хүний тухай ярих болгонд малгайгаа аван хүндэтгэл үзүүлдэг байв. Тэр суут хүн нь өөрөө. Тиймээс өөрийнхөө тухай хэн нэгэнтэй ярих болгондоо малгайгаа авч өөртөө хүндэтгэл үзүүлдэг байсан.
Зохиолч Шатобриан хажууд нь өөр хэн нэгнийг магтахад огт тэвчиж чадаггүй нэгэн байжээ. Нэг найз нь хамт яваад гуталчныг их сайн гутал хийдэг гэж магтахад бараг галзуурахаас наагуур уурлаж байсан гэдэг.
Суут яруу найрагч Иоганн Гёте нь цэвэр агаар яагаад ч орох боломжгүй бүх талаас нь битүүмжлэн тагласан бөгчим өрөөнд л бүтээлээ туурвиж чаддаг байв.
Английн суут зохиолч Чарльз Диккенс 50 мөр бичээд заавал аяга халуун ус уудаг зуршилтай байв. Мөн “Үхлийн үл үзэгдэгч гар миний анхаарлыг их татдаг” гэж ярих дуртай, хотын цогцос хадгалах газар очиж, цогцос хэрхэн авчирч, ажилтнууд нь сүүлчийн замд үдэхийн тулд цогцсыг яаж янзалж бэлдэж байгааг бүтэн өдрийн турш харж зогсох дуртай байжээ.
Суут яруу найрагч Байрон хүүхнүүдэд “үнэхээр нугасгүй” нэгэн байжээ. Ингэхдээ маш өвөрмөц хувийн цуглуулгатай байв. Тэрээр амраглаж байсан хүүхнүүдийнхэээ умдагны үсийг цуглуулдаг байв. Үсийг нь хүүхний нэрийг бичсэн дугтуйн дотор ихэд нандигнан хадгалсан байдаг байжээ.
Зохиолч Альбер Камю нь сэтгэцийн тодорхой өөрчлөлт бүхий эмэгтэйчүүдтэй гэрлэхийг дээр гэж үздэг байв. Түүний хоёр эхнэр нь хоёулаа сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байсан юм. Зохиолч өөрөө ч их хайнга хүн байсан бөгөөд хоёр дахь эхнэрээ төрснийх нь дараа амаржих газраас очиж авахдаа хоёр ихэр хүүхдээ авалгүй яваад өгсөн байсан гэдэг.
Хорьдугаар зууны эхэн үеийн суут жүжигчин эмэгтэй Сара Бернар авсан дотор орж унтах дуртай байжээ.
Суут Эйнштейн хэзээ ч оймс өмсдөггүй хүн байжээ. Нэр алдрын оргилд хүрсэн үедээ ч оймс өмсдөггүй, хүмүүс хараад элдэв яриа гарах вий гэсэндээ оймсгүйгээ нуухын тулд урт төрийтэй гутал өмсдөг байсан аж. Хувцас авах болохоор яг адил гутал, цув, костюм малгай олон ширхэгийг авчихдаг. Яагаад гэхээр алийг нь өмсөх вэ гэж толгой гашилгах шаардлагагүй амар байдаг юм гэсэн гэдэг. Ямагт элдэв зүйл бясалган бодлын ертөнцдөө амьдардаг байсан болохоор ярилцагчид нь хэлж байгаа зүйлээ ойлгуулахын тулд гурав дөрвөн удаа давтан хэлэх шаардлагатай болдог байжээ. Эйнштейн нэгэн удаа бодолд дарагдан явж байгаад найзтайгаа тараад “Орой манайд хүрээд ирээрэй. Профессор Стимсон бас хүрч ирнэ ” гэжээ. Гэтэл найз нь гайхан “Тэр Стимсон чинь би байна шүү дээ” гэхэд Эйнштейн “Тэр хамаагүй ямар ч байсан орой ирээрэй” гээд яваад өгсөн гэдэг.
Зураач Анри Матисс нь ирээдүйн эхнэртээ захидал бичихдээ “Хонгор хатагтай минь би танд хайртай. Гэхдээ би танаас илүү уран зургийг хайрлаж явах болно гэдгийг мэдэж байх хэрэгтэй” гэсэн байдаг. Зураач нь сэтгэл гутрал, нойргүйдлээс болж их тарчилдаг, зүүдэндээ ихэр татан уйлж, муухай орилон огил харайн сэрдэг хүн байжээ. Нэгэн удаа ямар ч бодит шалтгаангүйгээр гэнэт удахгүй сохрох гэж байна гэж айх болсон байна. Эмч нар түүнд яагаад ч сохрох боломжгүй, айх хэрэггүй гэж тайлбарласаар байтал тоосонгүй, сохорсныхоо дараа талных мөнгө олох хэрэгтэй гээд хийл тоглож сурсан байдаг. Шинэ зургаа зурж эхлэхийн өмнө хэн нэгнийг барьж багалзуурдаж алах хүсэл их төрдөг байжээ. Харин зураад эхэлчихсэн үедээ төрдөг мэдрэмжийг хүнд мэдээ алдуулалт хийлгүйгээ хавдрыг нь махны хутгаар огтлож авахтай адил гэсэн байдаг.
Зохиолч Жорж Санд “Тэр суут хүмүүсээс чинь бүр залхаж гүйцлээ. Тэдний намтрыг уншиж, хүрлээр цутгаж, гантигаар сийлсэн хойно нь харахад сайхан. Харин амьд сэрүүнд нь тэдэнтэй харьцана гэдэг тун ч таагүй. Тэд бүгд ууртай, дээрэнгүй, жөтөөч, хартай хүмүүс” гэсэн байдаг. Суут гүн ухаантан Шопенгаур энэ талаар “Өдөр тутмын амьдрал дээр суут ухаантнуудын дэргэд тэвчиж байх бэрх төдийгүй тэд ёс суртахгүй, хэрцгий хүмүүс байдаг. Оюун ухааны оргил дээр ганцаардал л хаан суудаг юм” гэсэн байдаг. Мартаснаас Шопенгауэр нь нэгэн удаа ялихгүй зүйлээс болж гудамжинд явж байсан эмгэнийг хэрцгийгээр зодоод, түүнээсээ болж шүүхэд дуудагдан буруудаад тэр эмгэнд насанд туршид нь төлбөр өгч байсан этгээд юм.