Дөрөвдүгээр сарын 12 бол хүн төрөлхтний төлөөлөгч, Зөвлөлтийн иргэн Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэн өдөр. Тэрээр 1961 оны эл өдөр Зөвлөлтийн сансрын “Восток” хөлгөөр нисч, дэлхийн бөмбөрцгийг 1 цаг 48 минутад тойрон эх дэлхийдээ эргэн ирсэн.
Манай гаригийн сансрын анхны нисэгч Юрий Гагарин сансрын нислэгийнхээ дараанаас сансрын нисэгчдийг бэлтгэхийн зэрэгцээ туршин нисгэгчээр ажиллаж байгаад 1968 оны гуравдугаар сарын 27-нд онгоцны ослоор амиа алдсан юм. Энэ осол хүн төрөлхтний түүхэнд тайлагдашгүй олон таамаг дэвшүүлсэн үйл явдлын нэг болж үлдсэн. Тухайн үед 200 гаруй шинжээч мэргэжилтэн оролцсон төр засгийн комисс ажиллаж 30 боть тайлан бичиж, дүгнэлт гаргасан ч энэ осол, сансрын баатрын санаанд оромгүй үхэл өнөө хүртэл тайлагдаагүй, таамаг хэвээрээ байгаа. Энэ хугацаанд олон мэргэжилтэн, туршин нисэгчид, эрдэмтэн судлаачид өөр өөрийн таамаг дэвшүүлсэн.
Туршин нисэгч Владимир Серегин тэр хоёрын “МиГ-15” онгоцоор агаарт гарсан тэр өдөр цаг агаар таагүй байсан гэдэг. Тэд төлөвлөсөн нислэг, үйлдлээ бүрэн хийгээд буух талбай руугаа чиглэхэд холбоо тасарчээ. Ингээд л ойгоос онгоцны үлдэгдэл, нисгэгчдийн цогцсыг олсон аж. Энэ зүгээр л нэг онгоцны осол байсан уу...
Хамгийн сонирхолтой нь, ЗХУ-ын баатар, Лениний хоёр одонт, энэ нисэгчийн үхлийн талаархи мөрдөн шалгасан Засгийн газрын комиссын акт, баримтыг төрийн тэргүүн Леонид Брежнев зүгээр л архив руу шилжүүлчихсэн. Хаана ч дэлгээгүй. Тэр ч байтугай гэр бүлийнхэнд нь ч танилцуулаагүй.
Ингээд 1968 оны зун нь Прагад зөвлөлтийн цэрэг дайран орж олны анхаарал ийшээ хандахад мартжээ. Олон жилийн дараа сансрын нисэгчийн ээж Анна хүүг нь Брежневийн дэглэм хөнөөчихсөн юм биш байгаа гэсэн асуулт хүртэл тавьж байсан. Энэ таамаг өнөө хүртэл ам дамжин яригддаг. Гагарин тухайн үедээ дэлхийд хамгийн алдартай, нэг номерийн хүн байсан. Түүний алдар аль ч улсын Ерөнхийлөгчийнхөөс даваад байлаа. Сар руу нисэх Зөвлөлтийн шинжилгээний багийн ахлагчаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүн байлаа. Гэхдээ энэ талаар 1969 онд америкчууд ЗХУ-ыг ардаа орхисон л доо.
Гэхдээ Гагарины онгоц хар нүхэнд орж сөнөсөн гэсэн яриа бий. Шувууны сүрэг ч юм уу ер нь өөр бусад зүйлтэй мөргөлдсөн гэдэг яриа ч бий. Гэвч шалгалтын комисс онгоцны сэг дээрээс ийм ямар ч ул мөр олоогүй. Хөдөлгүүр, удирдлагын аппаратнаас ч гэмтэл илрээгүй. Муугаар бол хоёр нисэгч согтуу байснаас удирдлага алдсан гэсэн таамаг бас бий. Үнэндээ Гагарин эх дэлхийдээ эргэн ирснийхээ дараанаас алдрын тавцанд гарч балгадаг болсон нь нууц биш. Гэхдээ ослын дараа шинжээчид нисгэгчийн цуснаас алкоголь илрээгүй хэмээн тайландаа бичсэн гэдэг.
Өөр бас тэдэн рүү харь гаригийнхан дайрсан гэдэг санаанд багтамгүй хувилбар ч яригддаг. Тэр амьд гарсан ч зөвлөлтийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтэн 1990 онд нас барсан гэсэн таамаг байдаг. Бүр гоо сайхны мэс засал хийлгэсэн, АНУ-ын Тагнуулын төв газрынхан сөнөөсөн гэсэн таамаглалууд ч бий.
Гэхдээ Зөвлөлтийн туршлагатай хоёр нисэгчийн хэн нь ч ослын үеэр өөрөө шидэгчийг ашиглаж онгоцноосоо гараагүй юм бэ гэдэг асуулт үлдсэн. Тухайн үед Зөвлөлтийн хэвлэл Гагарин сөнөж байгаа онгоцоо ойролцоох сургууль дээр унагахгүй гэсэндээ үсрээгүй гэж бичиж байсан ч энэ нь батлагдаагүй. Түүгээр ч зогсохгүй “МиГ-15”-ыг тухайн бүсэд байсан өндөр хурдны нисэх аппарат мөргөж сөнөөсөн хэмээн 1986 онд нэг таамаг гарч ирсэн ч хэн ч батлаагүй, нотлоогүй. Ийнхүү сансрын анхны нисэгч Юрий Гагарины үхэл өнөө хүртэл хүн төрөлхтний тайлагдашгүй оньсого хэвээр байсаар байна.