Дөрвөн настайдаа автын ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Д.Бадралыг спортынхон андахгүй. Зүүн гар нь хөдлөх боломжгүй ч эрүүл хүүхдүүдтэй ширээний теннисээр өрсөлдөж явсаар 2004 онд спортын мастер болжээ. Түүнээс хойш паралимпын холбооны гишүүн тамирчин болж 2012 оны Лондоны олимпын эрх авах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Олимпод оролцох цаг дөхөж байтал түүний элэг циррозтой, шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй хэмээн эмч нар мэдэгджээ. Хүсэн хүлээсэн олимпдоо ч оролцож чадсангүй. Энэтхэгт хагалгаанд орвол 70 сая төгрөг болох аж. Түүнчлэн Д.Бадралын дүү элэгний донор болох гэнэ. Эмч нар настай хүмүүс эрхтэн шилжүүлээд эдгээд, сэргээд байхад 34-тэй залуу дорхноо тэнхэрнэ хэмээн урам хайрлаад байна. Түүний ээж Д.Тулга сэтгүүлчдэд хандан хүүдээ туслахыг хүсч мэдээлэл хийлээ. Эмчилгээний төлбөрт зориулсан 70 сая төгрөг олохын тулд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Буянт-Ухаа спорт цогцолборт энэ сарын 17-ны 17:00 цагт Д.Бадралд туслах хандивын тоглолт болно. Элэг шилжүүлэн суулгах хүсэлтэй Д.Бадралд урлагийн оддоос гадна спортын сургуулийн оюутнууд, багш ажилчид туслахаар болсныг энэ үеэр дуулгасан юм. Та ч бас Д.Бадралд тусалж, хүсэн хүлээсэн олимпын тэмцээнд оролцох боломжийг олгож чадна. Үүний тулд 94945480, 99664437 утсаар холбогдоорой.