Хурдан морь унадаг нэгэн хүү нэрээ нууцалж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт ийм нэгэн захидал илгээсэн байна. Тэрээр захидалдаа “Манай сургуульд 500 хүүхэд суралцдаг. Олон хүүхэд хурдан морь унадаг учраас хичээлийн хоцрогдол ихтэй. Сургуулийн 60-70 хүүхэд морь унадаг. Бидний хийдэг ажил:
• Өглөө 08:00 цагт очоод морь услах, тэжээл өгөх гэх мэт маш их ажил хийдэг.
• Өдөр бүр 11:00 цагт уралдаантай байдаг учир хүүхэд бүр морь унадаг.
• Орой морь услаад тэжээл өгөөд 19:00 цагт гэртээ харьдаг.
• Бид морь унаж ирээд халуун хоол цай иддэггүй. Өөрсдөө хоол хийж иддэг.
• Хувцас, малгай, бээлийг өөрсдөө гаргадаг.
• Өвөл хаврын цагт чих, гар, хацар, хөл хайрах, хагарах, хөлдөх асуудал нь хэвийн зүйл болтлоо давтагддаг.
• Мориндоо өшиглүүлэх, унах тохиолдол их байдаг.
• Цалин гэж сард 150.000 төгрөг авдаг.
• Морь унаж байгаа хүүхдүүд хоорондоо их зөрчилддөг.
• Унаач хүүхдүүд хичээлээс их хоцорч, тасалдаг учир сурлагаар хоцрогдолд ордог.
Би 2013.03.03-нд Дүнжингаравын уралдаанд морь унасан. Гар, чих, хацар, хөл их даарсан. Уралдаанд орж ирээд халуун хоол идээгүй, өөрсдөө хийж идсэн.
2013.03.09-нд бас САА-н уралдаанд орсон. Маш хүйтэн өдөр байлаа. Дараагийн уралдаан нь дөрөвдүгээр сарын 7-нд болон тавдугаар сард болно.
Хүүхдүүд гэрээсээ зургадугаар сард яваад наймдугаар сард ирдэг. Зун хоёр сарын турш гэрээсээ хол айл айлаар явж, наадам болгонд морь унаж цалин гэж өнөөх л 150.000 төгрөгөө авдаг. Гэр орноо тэжээхийн тулд арга буюу хийдэг” гэж бичжээ. Хүүгийн бичсэн энэ захианд унаач хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буй нь тодорхой байна. Гэхдээ захианд дурдсан зүйлүүд бол унаач хүүхдийн эрх зөрчигдөх эхлэл. Цааш нь, уралдааны үеэр мориноос унаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох гээд асуудал үргэлжилнэ. Гэтэл хамгаалалтын хувцасгүй хүүхдээр хурдан морь унуулж, уралдаанд оролцуулснаар түүний эрүүл мэнд, амь насанд асар их эрсдэл учруулж буйгаа томчууд мэддэг ч, мэдээгүй царай гаргадаг гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй.
Өөрөөр хэлбэл, монголчууд уламжлалт ёс заншил, хурдан морио хайрладаг хэрнээ унаач хүүхдийнхээ эрхийг ингэж л хөсөр хаячихаад байна. Өнөөдөр хурдан морины ханш, уралдаан тэмцээний бай шагнал, уяачдын өмсч зүүсэн нь ямар байгаа билээ. Энэ бүхнийг бичигч надаар хэлүүлэлтгүй уншигчид маань мэдэж буй биз ээ. Гэтэл унаач хүүхдийн хөдөлмөр, амь насны даатгалын хэмжээ энэ бүхний хажууд инээд хүргэм аж. Хамгийн өндөр цалинтай унаач нэг сая төгрөг авч байхад хамгийн багадаа хүүгийн захидалд бичсэнээр 150 мянган төгрөг. Зарим унаач хүү үүнээс бага төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлдэг. Тогтсон хөдөлмөрийн хөлс ч гэж байхгүй. Өгөх хүнийх нь таалал л мэднэ гэсэн үг. Унаач хүүхдийг даатгалын компаниуд доод тал нь 5000 төгрөгөөр даатгадаг жишигтэй гэнэ. Хуульд даатгалын дээд, доод хэмжээ тийм байна гэсэн зохицуулалт байхгүй учир мөн л унаачаа хэдэн төгрөгөөр даатгах нь уяач болон хурдан морины эзний эрхийн асуудал. Тэгээд ч даатгалын мөнгөөр унаач хүүхдэд учирсан эрүүл мэнд, амь насны эрсдлийг хаана гэвэл ёстой лөөлөө байлгүй. Унаачаа 5000 төгрөгөөр даатгууллаа гэж бодъё. Унаач уралдааны үеэр мориноосоо унаж хүнд бэртлээ гэхэд энэ мөнгөөр ганцхан тариа ч авч хүрэхгүй. Гэтэл өнөөх даатгал нэрээр мөнгө хурааж авсан компанийнхан цаг нь тулахаар утсаа салгаад алга болчихдог гэнэ. Ийм тохиолдол өмнө нь гарсныг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хэлж байна. Тиймээс тус байгууллага энэ жилийн улсын баяр наадмаар морь унаач бүх хүүхдийг даатгалын компаниудтай гэрээ байгуулж, даатгуулахаар төлөвлөжээ. Нэг талаар энэ нь сайн ч, нөгөө талаар унаачийг хэдэн төгрөгөөр даатгуулах бол гэсэн асуулт анхаарал татаж байна. Арай ч, 5000 төгрөгөөр даатгуулахгүй байлгүй гэж найдъя.
Хүүхдийн төлөө үндэсний газрын гаргасан судалгаагаар энэ он гарсаар улсын хэмжээнд хурдан морины уралдаан 30 орчим удаа зохион байгуулжээ. Уралдааны үеэр 70 хүүхэд мориноос унаж, бэртэж гэмтсэн бол нэг хүүхэд амиа алдсан гэнэ. Тиймээс цаашид унаач хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт холбогдох байгууллагынхан л арга хэмжээ авна байх гэж харж, хүлээж суух биш олон түмэн ч санал бодлоо уралдуулах цаг хэдийнэ болчихоод байна.
Одоогоос 18 жилийн өмнө Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагч, сэтгүүлч А.Баярмагнай “Ер нь, хурдан морь Монголын уламжлалт том бизнес. Хамгийн өндөр үнэ хүрсэн хурдан морь 1910-аад онд 80 лан алтаар зарагдаж байсан. Өнөөдөр энэ үнэ харьцангуй дээшилсэн. Гэхдээ хурдан морь унаач хүүхдийнхээ асуудлыг бид орхичихоод байна. Хөгжлийг нь гүйцэж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж чадахгүй байгаад л хамаг учир бий” хэмээн ярьсан. Үнэндээ манай улсад олон хууль, дүрэм байдаг ч унаач хүүхдийн эрхийг хамгаалсан заалт ганцхан байгааг өмнөх дугаартаа бид хөндсөн билээ. Тиймээс холбогдох хуульд эсвэл шинээр бие даасан хууль санаачилж, хурдан морь унадаг хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг баталгаажуулсан зохицуулалт оруулах шаардлагатай байна гэдгийг хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан дуу нэгтэйгээр хэлж байна. Тэд УИХ, Засгийн газрын хэмжээнд асуудлаа тавьж эхэллээ. Харин монгол хүний эрх ялангуяа, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчсөн энэ асуудлыг төр засаг дараа шийдвэрлэнэ гэж битгий л хойш нь тавиасай гэж хүсье.