Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Унаач хүүхдийн амийг хуулийн ганцхан заалтад даатгадаг

Монголчууд адгуус урал­дуулж таашаал авдаг “хачин” улс. Ингэхдээ адгуусыг нь унаж хурдлуулан олныг баясгасан хүүхдийн эрүүл мэнд, амь насыг юман чинээ тоодоггүй. Морьдоо уралдаанд давхиулж, бай шагнал хүртэх нь чухал болохоос хэзээ ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьсан удаа­гүй. Аймаг, сум, бүр улс дам­нан хурдан морь худалдаж авахдаа гар татаж мэддэггүй, наад­мын түрүүг үнэтэй жийп, хэ­дэн арван сая төгрөгөөр байлж, түү­ний төлөө тэмцэлддэгийг нь яана. Тэгсэн хэрнээ алгын чи­нээ хүүхдэд хамгаалалтын мал­гай, хувцас аваад өмсгөчих сэтгэл дутдаг.

Жилийн жилд л уралдааны үеэр хурдан мориноос унаж хүүхэд амиа алддаг. Эрэм­дэг зэрэмдэг болж, эрүүл мэн­дээ­рээ хохирох нь энгийн үзэгдэл. Товчхон хэлэхэд, унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас адгууснаас ч дор үнэлэгдсээр байна. Тэдний амь нас, эрүүл мэндийг нь ингэж гаргуунд хаяж байгаа юм чинь хичээл сурлага, амьдрал ахуй нь адгуус уралдуулан цэнгэж буй томчуудад бүр ч сонин биш гэдэг нь тодорхой.

Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар аймаг, бүсийн чанартай хурдан морины уралдаан зургаан удаа зохион байгуулжээ. Эдгээр уралдааны үеэр 9-15 насны 10 хүүхэд мориноос унаж, бэртсэн бол Ховд аймгийн Жаргалан суманд энэ сарын 18-нд буюу цэргийн баярт зориулж хурдан морь уралдуулах үеэр нэг хүүхэд моринд чирэгдэж нас барсан байна. Бэртсэн хүүхдүүдэд эмч тархи нь доргисон, гар, хүзүү, гавалын хүнхэрийн хугаралтай, хөлийн шагайн үений холбоос сунасан гэсэн онош тавьжээ. Тэдний олонх нь мориноос унаснаас болж толгойдоо хүнд гэмтэл авсан аж. Тархины хүнхрийн хугалтай хүүхдийн хувьд амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж, Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт олон хоногийг үдсэн байна. Ашгүй сайн эмч нарын ачаар хүү аюулын ард гарчээ. Харамсалтай нь, хурдан моринаас унаж, хүүхэд амиа алдсан, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон байхад хэн ч хариуцлага үүрдэггүй. Тийм эрх зүйн орчин, тогтолцоо нь ч манайд байхгүй. Үхсэн, эрэмдэг зэрэмдэг болж хоцорсон үрийнхээ төлөө эцэг, эх нь л шаналж, дээлтэйгээ хатдаг. Өнөөх уралдаан зохион байгуулагчид, хурдан морины эзэд, уячид зугаа цэнгэлээ л бодно уу гэхээс унаач хүүхдийн төлөө сэтгэлээ чилээдэг гэж үү. Олон хоног өвдөж шаналсан шаналалыг нь хуваалцдаг бил үү. Харин ч “Энэ хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан гарчээ” гээд хариуцлагаас мултарч, нэр цэвэр үлдэхийг хичээнэ. Ийм утгатай заалтыг ч Морин спорт уячдын холбооны уралдааны дүрэмдээ “хүүхэд сайн дураараа хурдан морь унана, хурдан морь унах хүүхдийн эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Унаач хүүхэд Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелүүлнэ” гэж оруулсан байх юм. Өөрөөр хэлбэл, эл дүрмээр хүүхдэд үүрэг оногдуулжээ. Үүнээс улбаалж, долоохон настай хүүхэд үүрэг хүлээж, уралдаанд оролцох уу гэсэн асуулт ч ургаж байна.
Бүр уралдааны үеэр мориноосоо унасан хүүхдийг жийп машинаараа дайрчихаад “Эцэг эхтэй нь тохиролцчихсон юм” гэж хээвнэг хэлж суугаа хүн ч байна. Эцэг эх нь хүүхдийнхээ амь насыг хэдээр үнэлсэн нь ч анхаарал татна. Хөдөө орон нутагт болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдээс шалтгаалж морь нь уралдааны замаас буцсан эсвэл дээгүүр байрт ороогүй тохиолдолд эзэд нь унаач хүүхдээ зодож, дарамталсан явдал ч гарсан тухай яриа чих дэлсдэг. Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхэддээ адгууснаас дор ийм байдлаар хандсаар байх уу.     

Ер нь, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд зааснаар тухайн иргэн ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирсон бол хохироосон тал нь эрүүл мэндийн бүх үйлчилгээ үзүүлэх заалт бий. Гэвч үүнийг унаач хүүхдэд төдийгүй бусад салбарт ч тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй.

Одоогоос хоёр жилийн өмнө гэртээ атга гурил, чимх давс авахын төлөө хурдан морь унасан хүүхэд амиа алдсан. Үүн шиг олон олон хүүхэд амьдрахын эрхэнд хурдан морь унаж, өөртөө эрсдэл учруулж буйг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч хурдан морь унаж, бэртэж гэмтсэн хүүхдийн олонх нь хөдөөгийн борог амьдралтай айлынх байдаг. Уг нь, дээрх уралдааны дүрэмд унаач хүүхэд шан харамж, шагнал авах ёстой тухай ч тусгажээ. Хэрэв унасан морь нь айргийн тавд багтсан бол тусгай шагнал авах нь. Гэвч энэ нь бас л мөрдөгддөггүй. Унаач хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэхээ уяач, хурдан морины эзэн тааллаар л шийднэ. Тогтсон хөдөлмөрийн хөлс, үнэлгээ гэж зүйл ч алга. Тэгэхээр борог амьдралтай айлын хүүгээр хурдан морио унуулж, хурдлуулсны хариуд юугаа өгөх нь эзний дур гэсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь эцэг эхэд нь мөнгө өгөх, гэрт нь шуудай гурил, кг давс, хичээлийн хэрэглэл, хувцас авч өгөх төдийхнөөр л хэмжигдэж байна. Халуунд халж, хүйтэнд хөрдөг унаачийнхаа хөдөлмөрийг ингэж үнэлдэг хэрнээ хурдан морийг болохоор 80, 100, бүр 200 сая төгрөгөөр худалдаж авах нь энүүхэнд. Угтаа бол хурдан морь унаж, олныг баясгаж буй хүүхдийн хөдөлмөрийг ингэж үнэлмээр. Уралдаанд хэний морь түрүүлж вэ гэж сонирхоход дандаа л УИХ-ын гишүүд, томоохон пүүс, компаниудын захирлын нэр л дуулддаг. Бүр хэдэн арван тэрбумаар хурдан моринд зориулж хөшөө сүндэрлүүлсэн нь ч бий. Гэтэл тэр морийг нь унаж, хурдлуулсан хүүхдүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж, алдар­шуулсан удаа бий бил үү. 

Хүүхдээр ингэж тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхээ болъё, ядаж есөөс дээш нас­ны хүүхдээр хурдан морь унуулъя, хурдан морь унаж буй хүүхдүүдэд хамгаалалтын хув­цас өмгөе гэсэн шаардлагыг одоогоос долоон жилийн өмнө Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран холбогдох байгууллагад тавьсан. Хур­дан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стан­дартыг ч батлуулжээ. Гэвч энэ бүхэн тэгсхийгээд л намжсан. Тэр стандартыг нь мөрддөг, хянадаг газар, хүн ч алга. Унаач хүүхдийн эрх зөрчигдлөө гэж байнга ярьдаг хэрнээ асуудал нь шийдвэрлэгдсэн ч юмгүй бахь байдгаараа. Харин ч эсрэгээрээ хурдан морь, уралдаан нь бизнес болон хөгжиж, бидний ирээдүй болсон хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохироод үлдэж байна.

Хэдэн жилийн өмнө Хүний эрхийн үндэсний комисс хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн ангилалд оруу­лах санал гаргаж. Гэтэл энэ нь эсэргүүцэлтэй тулгарч, юун хүүх­дийн тэвчишгүй хөдөлмөр хурдан морь уралдуулах нь үндэсний уламжлалт баяр наадам бүр тодруулбал, эрийн гурван наадмын нэг гэсэн тайлбарын өмнө хүч мөхөстсөн гэнэ. Тэгэхээр хүүхдийн эрх, уламжлалт баяр наадам хоёрын алийг нь нэгдүгээрт эрэмбэлэх вэ гэсэн асуудал тулгарч байна.

Манай улсад өдгөө 500 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүнээс Үндэсний баяр наадмын тухай хуульд “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн унаач хүүхдийн эрхийг хамгаалсан ганцхан заалт байна. Мэдээж, бусад хуулиас ийм заалт хайгаад ч олохгүй. Дээрх мэт дүрэм, стандартаар хүүхдийн эрхийг хамгаална гэвэл бүр ч бүтэхгүй. Тиймээс Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, унаач хүүхдийг эрүүл мэнд, амь насны эрсдлээс хамгаалах, тэдэнд ямар нэг байдлаар эрсдэл учирсан тохиолдолд холбогдох хүмүүст хариуцлага тооцох, хөдөлмөрийг нь үнэлэх жишиг тогтоох шаардлагатай байна.   

0 Сэтгэгдэл
Hamgaalaltiin huvtsastai bolgoochee
Хамгийн их уншсан