50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн 1994 оноос эхлэн зохион байгуулагдсан ч, анх удаагаа завсарлахад хүрсэнийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Шинэ оны босгон дээр дээд лигийн тэмцээнээ зохион байгуулахаар нээлтээ хийсэн ч, “албан ёсоор уламжлал болсон дээд лигийн тэмцээндээ оролцохыг зөвшөөрсөн багууд, лигийн нээлтийн өмнөх өдөр холбоонд татгалзсан хариу өгсөн гэх зэрэг” тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаж чадахгүйд хүрсэн юм. Ингэснээр олон жилийн турш дээд лигийн тэмцээнд “зодоглож” ирсэн “Хараагийн харцага”, “Баянзүрх Бүллс”, лигийн шинэхэн цэрэг “Сбл Бекс” багууд МҮСБХ хэмээх шинээр байгуулагдсан холбооны “Супер” лигийн тоглолтод оролцоход хүрсэн юм. Цаашлаад дээд лигт олон жил тоглож ирсэн тамирчид, дасгалжуулагчид ч үндэсний гэх тодотголтой сагсан бөмбөгийн холбоонд нэгдэж, лигийн тэмцээн ч амжилттай үргэлжилж байгаа. Үүнд олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн Монголын сагсан бөмбөгийн холбоо дуугүйхэн зайгаа тавьж өгч, тэдний үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй.
Олон хоног, сар үргэлжилж байгаа энэ яриаг дахин үргэлжүүлж нуршихыг хүсээгүй ч, тамирчдын эрх ашгийн төлөө дахин “илүү үг” хэлэхгүй өнгөрч чадсангүй ээ.
Лигийн удаа дараагийн аварга “Хасын хүлэг” багийг үндэсний сагсан бөмбөгийн холбоо дээд лигийн тэмцээнд оролцохыг эрс эсэргүүцсэн. Үүнийхээ хариуд“ Хасын хүлэг” баг бол МАН-ых буюу Монгол Ардын намын баг, цаашлаад “Хасын хүлэг” багийг тэмцээнд оролцуулсан ч, бүтэн бүрэлдэхүүнээр нь оролцуулахгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо битгий хэл, Соёл, спорт аялал жуулчлалын яам нь эсэргүүцээд, тамирчдын эрх ашиг хөндөгдөөд байгааг ойлгуулах гээд ч дийлээгүй. Энэхүү байдлаас үүдэж хамгийн бүрэлдэхүүн сайтай баг дийлэнх тамирчдаа бусад багт алдахад хүрсэн.
Гэсэн ч О.Баярцогт дасгалжуулагчаар удирдуулсан "Хасын хүлэг" багийнхан бүрэлдэхүүн суларсан ч шинэ залуу, өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчдыг эгнээндээ нэгтгэн бэлтгэл сургуулилтаа базаасаар байсан. Мөн лигийн олон удаагийн аварга гэдгээ үндэсний дээд лигийн хамгийн бүрэлдэхүүн сайтай багаар нэрлэгдээд байгаа "Танан Гарьд" багтай хийсэн тоглолтод баталж ойрхон онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн. Хаа явсан газартаа хүмүүст үзүүрлэгдэж лигийн тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болсон "Хасын хүлэг" багийн тамирчдад хэдхэн хоногийн өмнө үндэсний лигийн тэмцээнд оролцох боломж олджээ.
Энэ сарын 18- нд “Хасын хүлэг” багт “Сбл Бекс” баг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд нэгдэж оролцохыг хүссэн албан бичиг явуулж “Хасын хүлэг” багийн эзэд, дасгалжуулагч, тамирчид ч үүнд нааштай хариу илгээсэн. Спорт бол зөвхөн амжилтын төлөө байх учиртай. Тиймдээ ч “Хасын хүлэг” “Сбл Бекс” энэ замыг сонгоход хүрсэн. Ингэснээр хоёр багийн тамирчид нэгдэж, багийн дасгалжуулагчид ч үндсэн ажилдаа орсон байна. Энэхүү шийдвэр, хүсэлтээ Үндэсний супер лигийн журмын дагуу 2.3, 2.4, 2.5 дахь заалтуудыг үндэслэн гуравдугаар тойрог эхлэхээс өмнө шинэчлэгдсэн мэдүүлгээ МҮСБХ-ны мэргэжлийн зөвлөлд танилцуулж гардуулжээ. Гэтэл тус холбооны зүгээс мэргэжлийн зөвлөл хуралдсан ч зөрчилтэй агуулга бүхий бичиг ирүүлсэн байна.
Тодруулбал : Уг бичиг нь ямар агуулгатай байгааг доорхи байдлаар тодорхой тайлбарлахад:
1. МҮСБХ лигийн аварга шалгаруулах тэмцээний журамд техникийн зөвлөгөөний шийдвэрийг шинэчлэн найруулж оруулаагүй техникийн алдаа гаргасан байна гэсэн байна. Алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж ээ.
2. Багууд шаардлагатай гэж үзвэл 3-р тойрог эхлэхээс өмнө Лигийн өмнөх тойргийн тоглолтод оролцоогүй Монгол тоглогчдыг шинээр элсүүлж болох бөгөөд НЭГ БАГТ 2-С ИЛҮҮГҮЙ тоглогч шинээр орно гээд өөрчилчихжээ.
3. Энэ шийдвэр дээр одоо бүр сонирхолтой бас нэг заалт байна. Монголын сагсан бөмбөгт үүсээд байгаа нөхцөл байдлыг нэгдсэн бодлого, чиглэлд оруулах, БАГИЙН ЭЗДИЙН ХҮСЭЛТИЙГ харгалзан СБЛ багийг ШУТИС-ын Шаркс багтай нэгтгэн оролцуулсаны адил “Хасын Хүлэгүүд” багийг хэрэв Эхлэл –МВМ багийн эзэдтэй тохиролцоонд хүрвэл үндсэн бүрэлдэхүүнд нь 50%-с дээшгүй өөрчлөлт хийн ҮСЛ АШТ –д оролцохыг ЗӨВШӨӨРСҮГЭЙ гэсэн байх юм.
Угтаа ямарваа нэгэн тэмцээн уралдаан эхлэхээсээ өмнө дүрэм журмаа баталж, тохирдог уламжлалтай. Гэтэл Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо яагаад, анхны багуудтай хийсэн гэрээ, журмаа өөрчилсөн гэдэг нь бас эргэлзээтэй. Тэмцээн ид дундаа ороод, багуудын статистик үзүүлэлтүүд тодорхой болчихсон, дээр дороо ороод ширүүн өрсөлдөж байгаа энэ үед гэнэт тэмцээний журмыг өөрчилж , “Хасын хүлэг”-ийг "Сбл"-тэй бус "Эхлэл-МБМ"-тэй хамтарч болно гэсэн өөрчлөлт нь хэний ч гайхшралыг төрүүлж байгаа юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо ч энэ тал дээр тайлбар хийхийг хүсэхгүй яваа. Гэсэн ч Супер лигийн гуравдугаар тойрог хүртэл баг тамирчид дахин хүсэлтээ илгээнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо спортыг, сагсан бөмбөгийн спортын өнгө төрхийг тодорхойлох гэж, цэвэр өрсөлдөөнийг бий болгох гэж, сагсан бөмбөгийн спортод элэгтэй тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг хөгжүүлэхийн төлөө байгуулагдсан бол энэ тал дээр нааштай хариу өгнө гэдэгт сагсан бөмбөг сонирхогч мянга, мянган залуус итгэлтэй байгаа болов уу. Хэн нэгний үзэл бодол, улс төржих зэргээс болж спорт, тамирчид хохирох учиргүй. Тэд зүгээр л сагсан бөмбөгийн спортод хайртай, сагс тоглохыг хүссэн залуус.....