Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхөө аваръя

Монголчууд бөхийн спортод үнэхээр хайртай. Бөхгүйгээр бидний амьдралыг төсөөлөхөд бэрх. Олон төрлийн бөх байдгийн дотор манайхан чөлөөт бөхөд онцгой хайртай гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Гэтэл Олон улсын Олимпын хороо нэртэй байгууллага гэнэт чөлөөт бөхийг зуны тоглолтоосоо хасах болсноо мэдэгдэж дэлхий нийтийг алмайруулсан. Олимпын нэртэй тоглолтыг хоёр мянган жилийн  тэртээ үүсэн бий болсон цагаас бөх барилдаан заавал ордог байсан болохоор үнэхээр гайхалгүй ч яах билээ. Энэ хачирхалтай алхмын талаар дэлхийн хэвлэлүүд шуугисаар байна. Энэ удаад Германы хамгийн алдартай “Шпигель”сэтгүүлд сэдвийг хөндөн нийтлэл бичжээ.  “Олим­пийн төлөөх тэмцэл” нэртэй энэ нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
Чөлөөт бөхийг Олимпын тоглолтоос хассаныг бөхөд хайртай дэлхийн хүн болгон эсэргүүцэн нэгдээд байгаа. Одоо бөхөд хайртай хүмүүс Гүржийн нийслэл Тбилиси хотноо зохион байгуулж буй чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг энэ спортыг сурталчлах арга болгон ашиглаж байна. Чөлөөт бөхийн тэмцээн нь илүү сонирхолтой, зурагтаар харуулахад жирийн үзэгчдийн анхаарлыг татдаг тэмцээн болох ёстой. Энэ зорилгын төлөө эвлэршгүй дайснууд гэгддэг АНУ ба Иран хүртэл тохиролцсон гэхээр чөлөөт бөх ямар ач холбогдолтойг харуулж байгаа юм.
Гэхдээ ний нуугүй хэлэхэд, Европын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь дэлхийн бүү хэл, Европтоо ч хангалттай олон тооны хүний анхаарлыг татаж чаддаггүй. Тэр тусам хаа байсан Гүржид, Тбилисид болж байгаа бол анхаарал бүр ч татахгүй. Гэтэл энэ удаад байдал тэс өөр. Дэлхийн нийтийн анхаарлыг ингэж татах болсны төлөө гишүүд нь чөлөөт бөхийг Олимпын тоглолтоос хасах са­наатай байгаа Олон улсын Олим­пын хороонд талархах хэрэгтэй байх. Тэдний са­наархлын ачаар чөлөөт бөх нь дэлхийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг бараг тат­даггүй шахам спортын төрөл байснаа хамгийн их анхаардаг болж хувирлаа.
Тбилисид явагдаж байгаа Европын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь дэлхийн нийтэд бөх гэдэг зурагтаар үзэмжтэй харагддаг, олимпын төрөлд орж байх бүрэн эрхтэй спортын төрөл гэдгээ харуулах боломж олгосон дэвжээ болон хувирлаа. Олон улсын Олимпын хорооны гишүүд нь Гүржийн нийслэлд болж байгаа энэ тэмцээнийг маш анхааралтай ажиглах нь мэдээж.
Үүнээс үзвэл, энэ хоёрдугаар сард Олимпын хорооноос гаргасан гэнэтийн шийд­вэр нь бөхөд саад болохоосоо илүүтэйгээр тус­ла­­сан гэж болох юм. Энэ шийдвэрийг гарах хүртэл чөлөөт бөх нь өөрөө өөрийгөө болгох гээд явдаг байлаа. Чөлөөт бөхийн олон улсын холбоо  буюу ФИЛА нэг их хичээл зүтгэл гаргадаггүй, байсхийгээд л дүрэм журмаа өөрчилдөг байсан болохоор спортын энэ төрөл нь өргөн олон нийтийн анхаарлаас улам бүр гадагшилсаар байсан юм. Үр дүнд нь бөхийн барилдааны үр дүнг дэвжээний шүүгчийн субъектив шүүлт шийддэг хэмжээнд хүрсэн.
Энэ байдал ирээдүйд өөрчлөгдөх ёстой. Чөлөөт бөх нь Олон улсын Олимпын хороонд таалагдах ёстой харин энэ бол телевизүүдэд таалагдах ёстой гэсэн үг. Дэвжээн дээр болж байгаа барилдаан илүү үзүүштэй болох ёстой. Тактик аль болох бага жинхэнэ барилдаан аль болох их. Энэ зорилгод яаж хүрэх гэж байгаагааг ФИЛА –ийн ерөнхийлөгч Себри гаралтай Ненад Лалович хараахан тайлбарлаж чадаагүй байгаа. Гэхдээ өөрийнх нь хариуцаж авсан спортын төрөлд эрс шинэчлэл хийх шийдэл төгс байгааг харуулж байгаа юм. Тэрээр “Бид чөлөөт бөхийг сайжруулалгүй явсаар иржээ. Бид ичээндээ, гүн нойронд унтаж байсан бол харин одоо сэрлээ” гэж хэлсэн. Түүний хэлснээр 2014 оноос хэтрүүлэлгүйгээр шинэ дүрэм боловсруулна.  “Ойлгомжтой дүрэмгүй спорт ямар ч ирээдүйгүй байдаг” гэж Лалович онцолсон.
Серб гаралтай Лалович нь энэ сарын эхээр ерөнхий­лөгчийн албан тушаалыг авсан юм. Түүний өмнө ФИЛА-ийн ерөнхийлөгч бай­сан Швейцарийн Рафаэль Мартиненттиг чөлөөт бөх Олимпын тоглолтоос хасагдаж магадгүй хүртэл доройтсон гол буруутан гэж олон хүн үзэж байгаа юм. Германы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Манфред Вернер “Энэ хүн Олимпын хороотой хангалттай дотно харилцаж байгаагүй. Харин Лаловичийг сонгосны дараа холбооны амьдрал жинхэнэ буцалж эхэлсэн. Дэлхий даяараа чөлөөт бөхийг Олимпын тоглолтоос хасахыг эсэргүүцсэн” гэж хэлсэн юм.
Чөлөөт бөхийг аврах энэ хөдөлгөөн нь үнэхээр санаанд оромгүй түншлэлийг бий болгосон билээ. АНУ-ын хамгийн заналт дайсны нэг гэгддэг Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нь Теге­ранд болсон Дэлхийн цо­мын тоглолтын үеэр АНУ-аас ирсэн бүрэлдэхүүнтэй хамт, Америкийн далбааны урд зогсон зургаа авахуулахыг зөв­шөөрсөн, зураг дээр инээм­сэглэсэн байдалтай гар­сан. Үүний хариуд энэ тавдугаар сард Ираны шигшээ баг Нью-Йоркт айлчлан Төв вокзал дээр үзүүлэх барилдаан хийнэ.
АНУ-ын Батлан хамгаала­хын сайд асан, Ираныг эсэр­гүүцэгчдийн нэг гэдгээрээ алдартай Дональд Рамсфцельд хүртэл чөлөөт бөхийг Олимпын тоглолтын төрөл хэвээр хадгалан үлдэх кампанит аж­лын хүрээнд Тегеранд хү­рэл­цэн ирсэн. Рамсфельд за­луудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан бол бөх нь Иранд үндэсний спорт гэж тооцогддог. Германы чөлөөт бө­хийн холбооны тэргүүн Вер­­нер энэ талаар хэлэхдээ “Улс­төрчид олон жилийн турш хийх гээд чадаагүй зүйлийг бөхчүүд хийж чадсан” гэсэн юм.
Энэ бүхний дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин чөлөөт бөхийг Олимпын төрөл болгон үлдээхийн төлөө саналаа өгсөн гэдгийг ФИЛА-ийн албан тушаалтнууд онцгойлж байгаа юм. Яаж ч бодсон Оросын газрын тосноос олсон мөнгө ба Путиний санал хоёр дэлхийн спортод чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Германы холбоо ч чадах бүхнээ хийж байгаа. Тухайл­бал, маркетингийн агентлаг хөлслөн авч ажиллуулсан бөгөөд “Бид барилдан тэмцсэн хэвээр. Бид гэр бүлийн гишүүн хэвээр” гэсэн зурагт хуудас гаргаж, “Бөхийг аваръя” нэртэй футболк гаргаад байгаа. Мөн Бундестагт хандан тусламж хүссэн.
Энэ ням гараг хүртэл Тбилисид чөлөөт болон сонго­мол бөхийн төрөлд меда­лийн төлөөх барилдаан болно. Гэхдээ энэ удаагийнх шиг медаль нь ач холбогдол багатай тэмцээн урд өмнө нь болж байсангүй. Өнөөдөр тэмцээний үр дүн гэхээс илүүтэйгээр бөхийг аварч үлдэхийн төлөөх лоббичид ба улстөрчид, албан тушаалт­нуудын нууц хэлэлцээр хэрхэн явагдаж байгааг сонирхох нь илүү чухал байна. ФИЛА ч энэ арга хэмжээнд үнэхээр даацтай бэлдсэн гэж болно.
Гэхдээ хамгийн чухал нь энэ тавдугаар сарын 19-нд болох Олон улсын Олимпын хорооны ээлжит хуралдаан юм. Энэ хуралдаан дээр чөлөөт ба сонгомол бөхийн ирээдүйн талаар эцэслэн шийдвэр гаргана. Гол нь энэ хуралдаан Санкт-Петербург хотноо болох бөгөөд Путин тун ч жинтэй үгээ хэлэх нь гарцаагүй байгаа нь бөхөд хайртай хүмүүст ихээхэн найдвар төрүүлж байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан