Хятад улс хөлбөмбөгийн спортыг дорвитойхон хөгжүүлэхээр шийдсэн бололтой. Хөлбөмбөгийн дэлхийн од Дэвид Бекхэмийг өөрийн олон улс дахь элчээр нэрлэж, эх орондоо сүр дуулиан болгон хүлээн авлаа. Алдарт хөлбөмбөгчнийг Бээжингийн олон улсын нисэх буудалд газардахад нь хэдэн зуун фанат нь тосон авч, халуун дотноор угтан авчээ. Д.Бекхэм нэгэн дунд сургуульд зочилж, хүүхдүүдтэй нь хөлбөмбөг тоглосон байна. Тэрээр мөн Хятадын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд цаашид юу хийх тухай уулзсан хүмүүстэйгээ ярилцаж явсан байна. Тэрээр Хятадын хөлбөмбөгийн элчийн хувьд Хятадын супер лигийг дэлхий дахинд сурталчлах үүрэгтэйгээр ажиллах ажээ.
Саяхан Хятадын хөлбөмбөгийн спортын холбооны албан тушаалтан, лигийн тоглогч 33 хүнийг хамарсан авлигын хэрэг илэрч, бүгдийг нь цаашид энэ спортод үлдэх эрхийг хассан юм. Магадгүй Дэвид Бекхэм Хятадын хөлбөмбөгт санаа тавьснаар сэв суусан нэр хүндийг нь өргөж магадгүй хэмээн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байгаа ч Д.Бекхэм ямар нэгэн зүйл цэвэрлэх гэж энд ирээгүй гэдгээ тодорхой хэлсэн бөгөөд өмнөх явдал надтай ямар ч хамаагүй гэсэн байна. Тэрээр зөвхөн энэ спортыг Хятадын хүүхэд залууст сурталчлан, хөлбөмбөгт хайртай дуртай болоосой гэж хүсч байгаа гэдгээ мэдэгджээ.
Д.Бекхэм Бээжинд хоёр хоног саатахдаа олон сургуулиар зочилж, хөлбөмбөгийн фанатуудай уулзахын зэрэгцээ орон нутагт ч бас зочлох аж. Хятадад мэргэжлийн хөлбөмбөг үүсч хөгжсөний 20 жилийн ой, супер лигтэй болсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа учир энэ жил онцлон дэлхийн алдартай хөлбөмбөгчийг урьж, хамтран ажиллаж байгаа нь энэ.