Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Цэвээнпүрэв: Би зодог тайлах болоогүй, дахиад хоёр гурван жил тулалдана

Мэргэжлийн боксын дэлхийн хоёр удаагийн аварга, “Монголын дайчин” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэвтэй ярилцлаа.


-Дэлхийн хэмжээний тамирчнаас Монголын боксын рингинд ямар амжилт гаргаж байсныг асуумаар байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?
-Монголын ринг ч хатуу шүү дээ. Би Монголын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа орж байлаа. Нэг ч удаа аварга болж үзээгүй. Тухайн үед миний жинд дэлхийн шилдэг тамирчид байсан. Дөрвөн удаа орохдоо хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн. Нэг жил нь бүр медальгүй үлдэж байсан. Хөнгөн жинд ямар их өрсөлдөөн байдаг юм бэ гэдгийг л ойлгосон. Сонирхогчийн боксын тамирчин байх үедээ гадаадын тэмцээнд оролцож, олон улсын тэмцээнд хоёр түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарч байсан. Миний сонирхогчийн боксын тамирчин байх үеийн амжилт товчхон л доо. Боксоо олигтой сурч чадаагүй байж л мэргэжлийн тамирчин болсон хүн л дээ.
-Яагаад мэргэжлийн тулаанч болохоор шийдэв. Энэ хүнд спортод хальтарсан шалтгаан юу байв?
-Манай гавьяат тамирчин Лхагваа 1995 онд мэргэжлийн тамирчин болсон. Тэр үеэс түүний бэлтгэлийг хангаж хамт явсан л даа. Хамт бэлтгэл хийж явж байгаад л 1996 оны намар мэргэжлийн боксын тэмцээнд тулалдсан юм. Монголын нэрийг гаргаж явсан Лхагвагаа дэмжиж явж байгаад л энэ спортод орсон гэх үү дээ.
-Мэргэжлийн боксын тэмцээнд 42 тулаан хийснээс 36-д нь ялалт авсан байна. Үүний 23-ыг нь нокоудаар буулгаж авсан байна билээ. Хамгийн хүнд тулаан юу байв. Ер нь, шантарч байв уу?
-Шинэ цэрэг байх даа шантарч байлаа. Индонезийн Ява аралд 800 жилийн дараа Монгол хүн очиж зодолдож байсан. Юу хэлэх гээд байна вэ гэхээр 800 жилийн тэртэй Хубилай хааны илч төлөөлөгч тэнд ажиллаж байсан гэдэг юм. Түүнээс хойш 1999 онд би очиж 12 үе тулаан хийгээд оноогоор ялагдаж байв. Халуун орчинд олон үе тулалдахаар хоолой хатаад, амьсгаа авахад хүнд байсан. Гэтэл нутгийнхаа тамирчинг ялуулах гээд ус өгдөггүй. Түүний дараа л энэ их хэцүү спорт байна гэж бодож байсан.

-Таны хэвлэлд өгсөн ярилцлагыг харж байхад, Англи таныг иргэнээ болооч гэсэн хүсэлт тавихад та тодорхой хариу өгөөгүй. 2012 оны Олимпын дараа хаана амьдрахаа шийднэ гэж хэлсэн байсан л даа. Та хаана амьдрахаа шийдсэн үү?
-Шийдсэн. Монголдоо амьдарна. Надад эх орон, газар нутгаа гэсэн сэтгэл байдаг. Үүнийг үндсэрхэг гэж хэлж болохгүй л дээ. Алтан амиа эх орныхоо төлөө зориулах цэргүүд байдаг бол тэдний нэг нь би. Эх орныхоо хойч үе болсон залуусаа сургах, тэдэнд би ах шиг нь ах байж, зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой л гэж боддог юм.
-Ямар нэгэн спорт хөрөнгө мөнгөгүйгээр явдаггүй гэдэг. Тэгвэл таныг 40 гаруй тулаан хийхэд ямар компани, аж ахуйн нэгж тусалж дэмжиж байв. Санхүүгийнхээ дэмжлэгийг хаанаас авдаг байв?
-Намайг дэмждэг байгууллага, хувь хүн олон бий. Тухайлбал, Айрофлотын газрын дарга нь онгоцны тийзийг хөнгөлөлттэй захиалж өгдөг байх жишээтэй. Замын Ялгуусан компанийн захирал Санжаагийн тусламж их байдаг. Энэ мэтээр тусалдаг хүн олон. Үндэсний хөрөнгөтнүүд спортыг авч явдаг гэдэг бол маргах аргагүй үнэн.
-Олон улсын чанартай тэмцээн уралдаан, тэр дундаа халз тулаанд түрүүллээ гэхэд хэр их мөнгө дагалддаг юм бэ. Нууц биш бол та хамгийн их мөнгө авч байсан тулаан юу вэ?
-Тийм ч их мөнгөтэй байдаггүй л дээ. Дэлхийн хэмжээний од тамирчид бол маш өндөр үнээр тулаан хийдэг. Тулаан гэдэг бол хүнд шүү дээ. Ямар ч хамгаалалтгүй, жижиг бээлийтэйгээр тулаан хийдэг. Тулаан бооцоо хэр их тавихаас, шагналын сан хэр их байхаас шалтгаалж явагддаг юм. Энэ спортыг монголд хөгжүүлэх гээд байгаагийн учир нь сонирхогчын боксоор хичээллэж байсан залуус 26-27 хүрээд л амжилт гаргасан ч гаргаагүй ч зодог тайлдаг. Гэтэл сонирхогчдын бокст амжилттай байгаагүй тамирчин мэргэжлийн спортод алдартай болдог жишээ бий. Филиппиний конгрессийн гишүүн Майни Пайкэ гэдэг хүн зүгээр л боксчин байсан. Мэргэжлийн бокст алдартай болсон. Дараа нь конгрессын гишүүн болоход 90 хувийн санал авсан байх жишээтэй. Түүнийг АНУ-д тулаан хийхэд Филиппинд гэмт хэрэг гарахгүй байх жишээтэй. Ард түмэн нь хүндэлдэг, гэмт хэрэгтнүүд нь хүртэл хүндэлж байна шүү дээ.

-Тэгвэл та өнөөг хүртэл тулалдахдаа амьдралаа хангалттай аваад явах хөрөнгө цуглуулж чадсан уу. Яагаад ингэж байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн зарлиг гарч тамирчдад тэтгэмж олгож эхлэхээс өмнө амжилт гаргаж байсан сайн тамирчид маань ид яваа насан дээрээ л зодог тайлдаг байсан л даа?
-За яахав, өөрийнхөө хэмжээнд цуглуулсан. Гэхдээ би зогсох болоогүй. Би ирээдүйгээ гэгээн сайхан өглөө шиг л төсөөлдөг. Бидэнд бүх зүйл байна. Тэгэхээр өнөөдрийнхөө бүх зүйлээ хязгаарлаад, итгэлгүй байж болохгүй. Бүх зүйлээ л дайчлах хэрэгтэй.
-Та хэзээ болтол энэ спортоороо хичээллэх вэ. Зодог тайлах тухай бодож байна уу?
-Эрүүл мэндээ бодох хэрэгтэй, гэмтэл бэртэл авчихав аа гэж санаа зовж байдаг хүн байдаг л даа. Тэдэнд баярлаж байдаг юм. Гэхдээ амиа хоохойлж хойш суух бодол надад байхгүй. Би зорьсон зорилгоосоо хойш суудаггүй.
-Хэдэн жил тулалдана гэж?
-Ямар ч байсан хоёр, гурван жил байгаа шүү.
-Мэргэжлийн боксын спортод тань шиг 40 гартлаа тулалдсан түүх бий юу?
-Миний хувьд Азийн амжилтыг эвдчихээд байгаа. 40 хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр монгол залуусаа 50 хүртлээ л спортоор хичээллэ гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол манайхан 30 гараад л том том гэдэстэй болчихоод байна. Англид бол 50, 60-тай хүмүүс бэлтгэл хийж л байдаг юм.
-Ер нь, мэргэжлийн бокс хамгийн өндөр настай нь хэд хүртлээ тулалддаг юм бэ?
-36 л байх. Азийн нэг тамирчин 36 настай тулалдаж байхыг нь харсан юм.
-Таныг зодолдохоос гадна кинонд тоглосон гэж сонссон. “Харгис тулаанч” ч билүү дээ нэг тийм харгис хүний дүр бүтээсэн гэж сонсч байсан юм байна?
-Харин тийм ээ. “Харгис Монгол” гэсэн дүр гаргаж ирээд түүнд тогло гэсэн. Сонирхоод байсан чинь тийм ч таатай биш юм билээ. Хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн кино гэхээр нь нээх ойшоохгүй байгаа. Гэхдээ Германы нэг эрдэмтэн чиний тухай баримтад тууж бичье гэсэн санал тавьсан. Хамтарч ажиллахаар болсон. Онигор нүдтэй, шар арьстнуудыг дэмждэггүй газар бол баруун Европ шүү дээ. Тэнд байдаг бүх зовлон зүдгүүрийг би даван туулсан. Энэ бүхнийг өгүүлсэн тууж бичих санал тавьсан юм.
-Англид Цэвээнпүрэв судлал гэж байгуулсан гэж сонссон. Үүний үр дүн гарсан болов уу. Та болохоор “Би монгол хүн. Миний амжилтын нууцыг олж чадахгүй” гэж хэлсэн байсан?
-Сонинд “Цэвээнпүрэвийг тэмцээнд оролцуулахгүй 15 сар байх нь Британийн боксын холбоо гэмт хэрэг хийсэнтэй ялгаагүй. Энэ хүнийг л үзэх ирдэг юм” гэж бичсэн байсан юм. Мөн нэгэн телевизийн сэтгүүлч, “Британийн боксын холбоо, түүний жингийн тамирчид айж байгаа нь шившиг” гэж хэлсэн байдаг. Энэ нь яахав дээ, тухайн үед миний сэтгэлийг л засах гэсэн байх. Гэсэн ч миний тэмцээнд ороогүй хугацааг нөхөж чадахгүй л дээ. Тэр үед бахархаж л байсан.

-Европт Азийн тамирчин амжилт гаргахад хүнд байдаг гэж та хэлж байсан. Мэдээж сэтгэл зүйн дарамт их байдаг байх. Тэр зовлон, бэрхшээлийг даван туулахад таньд юу хань болж байв?
-Монголын дайчид, Бат хааны цэргүүд баруун европт очиж цусанд нь ойлгуулсан байдаг л даа. Тиймээс бид чадна гэж өөрийгөө хурцалдаг байлаа. Ингээд тэнд байгаа зовлон, бэрхшээлийг даваад амжилт үзүүлээд ирэхээр европчууд намайг гэхээсээ илүү Монголын түүхийг сонирхож эхэлж байгаа юм. Тэгээд л биднийг ямар хүмүүс вэ гэдгийг ойлгож байгаа юм. Зарим нь Монголын далбаа эвхээд халаасандаа хийчихсэн, түүнийгээ тэмцээн дээр гаргаж ирээд намайг дэмжиж байх жишээтэй.
Англичууд өөрсдөө маш дайнч улс. 54 улсыг колончилсон улс шүү дээ. Тэр хүмүүсээс ялгаараад ирэхээр намайг үзэх дуртай болсон шүү.
-Тамирчин хүний хамгийн гол зүйл нь сэтгэл зүйн бэлтгэл байдаг гэдэг. Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Сэтгэл зүйн бэлтгэл бол баригддаггүй, харагддагүй, ойлгогддогүй юм. Мэргэжлийн том аваргууд тусдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Миний сэтгэл зүйн багш маань түүхч хүн бий. Намайг жин хасаад, 12 үе тоглочихоод ядраад байж байхад багш маань, “Чи ядраад байгаа юм уу. Монголын дайчин юм байгаа биз дээ. Чи хэн юм бэ. Монголын дайчинг хүмүүс харах гээд ирж байна. Энэ хүмүүс чамайг харах гэж ирж. Монголын Чингис хаан яадаг байлаа, монгол дайчид ямар байдаг билээ” гэхээр ядарч байсан хүн чинь өөрийн эрхгүй омогшдог юм. Тэгээд л биеийн бэлтгэл 100 хувь хангагдчихсан, түүнээс ч илүү сайн хангагдсан байхад ямар ч тулаанд ялагдмааргүй хүч ордог юм.
-Биеийн болон сэтгэл зүйн бэлтгэл маш сайн байхад дээрээс нь Монгол дүр төрхөө илэрхийлсэн малгай, хувцас өмсөөд гарч ирэхэд өрсөлдөгч тамирчинд сэтгэл зүйн хүчтэй цохилт болдог байх?
-Тэгэлгүй яахав. Намайг рингинд гарахад миний урд хоёр монгол залуу Монгол Улсын төрийн далбааг барьдаг юм. Тэдний араас үнэгэн малгай өмсөөд гараад ирэхээр мэдээж өрсөлдөгч тамирчинд сэтгэл зүйн дайралт өгдөг юм.
-Ойрд таны хийх хамгийн том тулаан юу байна вэ?
-Мэргэжлийн боксын гадаад харилцааг сайжруулахын тулд ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр 2013 оны анхдугаар мэргэжлийн боксын тулаан зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээнд залуу тамирчиндаа үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор “Ширэн бээлий” клубын Төрбат багштайгаа хамтарч ажиллаж байна. Энэ тэмцээний дараагаар мэргэжлийн бокст залуу тамирчид орж амжилт үзүүлэх боломжтой. Өнөөдөр Монголд мэргэжлийн бокс зогсонг байдал орчихлоо, тулалдаж байгаа хүн алга. Тиймээс үүнд анхаарал хандуулах цаг болчихжээ. Олимпын хоёр тамирчин мадель авахуулахын тулд ард нь 200-300 хүн ард нь байдаг юм. Ингэж олон жил хөдөлмөрөө зориулчихаад зүгээр л гудамжинд гардаг. Боксын оргил нь мэргэжлийн бокс байдаг. Тиймээс залуу тамирчдаа оргилд нь гаргахыг зорьж байгаа юм.

-Та энэ тулаанд аль улсын ямар тамирчинг амлачихаад байгаа вэ?
-Өмнөд Солонгосын шилдэг залуу тамирчин бий. Мөн Ардчилсан Солонгос улсын тамирчин ирэх магадлалтай байгаа. Залуу тамирчдаа эхний ээлжинд хүнд тулаан хийлгэхээс зайлсхийж байна. Харин миний хувьд ямар ч тулаанд бэлэн. Манай хоёр хөршид мэргэжлийн бокс маш өндөр түвшинд хөгжсөн. Казахстан, Орос, Хятад хүртэл мэргэжлийн боксын дэлхийн аваргатай болчихоод байхад бид чимээгүй сууж болохгүй ээ. Тэр утгаараа энэ тэмцээний зорилго оршиж байгаа юм.
-Дөрөвдүгээр сард болох тэмцээнийг холбогдох яам төдийлэн сайнаар хүлээж авахгүй байна гэж байсан. Ер нь, ямар шийдэлд хүрээд байна вэ?
-Яамны зохих албан тушаалтанд танилцуулсан. Цаашид хүсэлтээ өгнө. Дэлхийд номер нэгт явж байна шүү дээ. Гэтэл Монголд маш муу байна. Тиймээс миний залгамж халаа гарах хэрэгтэй. Дагвадорж аварга шиг Монголын бахархал төрөх хэрэгтэй гэдэг хүсэлтээ өгнө дөө.
-Удахгүй болох тэмцээнд хэдэн тоглолт болох вэ. Монгол залуус оролцох уу?
-10-аад залуу оролцож, мэргэжлийн тулаан хийнэ.
-Ярилцсанд баярлалаа.

Г.Даваабаатар

0 Сэтгэгдэл
цэвээнпүрэв яах араггүй монголын бахархал шүү дээ.дэлхийд импер болсон улс гүрэн их цөөхөн Монголыг импер улс гэдэгийг дэлхий зөвшөөрч байхад бид дайчин залуугаа дэмжих хэрэгтээ 40 нас хэдий их хугцаа мэт санагдах боловч Чингис хаан энэ насандаа дэлхийг санаандаа бахтааж явсан юм шүү.найз минь цаг хугцаа чамайг зогсоохгүй шувуу нэсэж яваад үхэх сайхан гэдэг гэнэ лээ амьжилт хүсэе.
end mongo chuhal bish tulaanii sportoor hicheelleed medreed uz tegwel chi oilgono.
amjilt husie chi jinhene mongol er hun
tamiin togoonii tatagch mini chi hoolondoo hahaj vhvel taarna.Sainiig helehgvi ch umhii amaa hamhiad suuj bai shal durgvi hvrgechihlee .Tseveen-pvrevtee ajiliin amjilt ...hvsiye.
Ulam ih amjilt husie mongolian warrior doo.
ODOO ZODOG TAILAA HANGALTTAI MONGOTEI BOLSON BIZDEE INGEJ BAIGAAD RINGIN DEEREE YHEJ MEDNE NAS CHINI YAVSAN BNA SHYY YHEHED NEG TSOHILT L HANGALTTAI GEED BAIDAG SHYY
Хамгийн их уншсан