Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бодибилдинг, фитнессийн “Холбооны цом”-ын тэмцээн болно

Монголын бодибилдинг, фитнессийн холбоо Цо­мын аврага шалгаруулах тэмцээнээ энэ сард зохион бай­гуу­лахаар болжээ. Бодибилдингийн шилдэг тамирчдыг шалгаруулдаг, Монголдоо томоохонд тооцогдох тэмцээнд одоогоор 100 орчим хүн оролцохоор бүртгүүлсэн аж. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд тус холбоонд 200 гаруй тамирчин бүртгэлтэй байдаг гэнэ. Тэмцээн энэ оны гуравдугаар сарын 29-нд болж, шилдэгийн шилдгүүдээ тодруулах гэж байна. Улсын хэмжээний томоохон тэмцээн яагаад нэг өдрийн дотор дуусч байгааг холбооны нарийн бичиг  У.Баярхандаас тодрууллаа.  Биеийн хүч, булчингийн зөв хөгжлөөр өрсөлддөг бодибилдингийн спортод биеийн төгс цогцол булчингийн ялгарлаар өрсөлддөг. Тиймээс тамирчид тэмцээнээс 2-3 хоногийн өмнө хоолоо зохицуулж, усаа хасдаг  гэнэ. Мэдээж, усгүй удах нь маш их тэвчээр  шаарддаг  учраас дотоодын тэмцээнээ ганц өдөр зохион явуулдаг байна.

Энэ сарын 29-нд болох цомын тэмцээн насанд хүрэгчдийн, эмэгтэйчүүдийн, мастерын гэсэн ангилалд өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн ангилалд +65, -75, +75 хүртэлх жинд хоорондоо өрсөлдөх бол Мастер ангилалд 41 наснаас ахмад тамирчид оролцдог байна. Тамирчид долоон өөр позоор булчингаа ялгаруулан  харуулдаг гэнэ. Тухайлбал, гарын хоёр толгойт, гурван толгойт булчин, цээжний, хэвлийн, хөлийн болон нурууны өргөн булчинг урд, хойноосоо үзүүлдэг. Харин эмэгтэйчүүд фитнессийн төрөлд модел фитнесс гэсэн төрлөөр биеийн гоо сайхнаар өрсөлддөг юм. Бүсгүйчүүд биеийн төгс галбир, зөв зохицол, өөрийгөө авч яваа байдлаараа шилдгээ тодруулдаг. Өнөөдөр манай улсад бодибилдинг клуб, фитнесс жим олноор байгуулагдаж тоо нь 100 хол давжээ. Энэ нь уг спортоор хичээллэгсдийн тоо улам нэмэгдэж буйг давхар илтгэнэ. “МБФХ-ны цом 2013” тэмцээн нь олон нийтийн дунд спортоо сурталчлан таниулах зорилготой. Мөн бодибилдингийн спортын олимпизмын үзэл суртлыг дэлгэрүүлэхийг зорьжээ. Ер нь, дэлхий дахинаа олимпын төрөлд энэ спортыг оруулах хандлага эрчимтэй өрнөж байдаг. Монголчууд ч дутахааргүй ажиллаж байгаа юм. Гэвч олимпын наадмын шалгуурт бодибилдингийн спорт уначихдаг хамгийн том бэрхшээл нь сэргээшийн асуу­дал. Тамирчин олон сараар бэлтгэл хийж, олон хоногоор хоол, ундаа хяналтад оруулдаг. Нөгөө талаас бул­­чингийн харагдацыг сайжруулахын тулд уураг хэ­рэг­лэхээс өөр аргагүй байдаг аж. Спортын өөрийнх нь шаардлага болох уураг олимпод бүртгүүлэхэд тушаа болж байгаа гэсэн үг.

МБФХ-ны харьяанд тэмцээнд оролцдог тамирчид зөвхөн өөрийн чин сэтгэл, хүсэл тэмүүллээр энэ спортоор хичээллэдэг гэж У.Баярханд хэллээ. Тэдэнд ямар нэг спонсор байхгүй, тэмцээнд оролцсон амжилтаараа амьдралаа залгуулна гэж бас л үгүй. Тиймээс тэсвэр тэвчээртэй, спортод элэгтэй тулдаа өнөөдрийг хүртэл бодибилдингээ орхиогүй хүн олон. Тус холбоо 1990 онд байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрөгч 20 гаруй жилд тус холбооны ерөнхийлөгчөөр үе үеийн төр нийгмийн зүтгэлтэнүүд, ажил хэрэгч удирдагч нар ажиллаж байсан бөгөөд ардчилсан хувьсгалын удирдагч  С.Зориг, Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, Ч.Чинбат нарын санаачилга хөдөлмөрийн үр дүнд тамирчид бахдам амжилт үзүүлсээр иржээ. 2012 оноос бүтэц зохион байгуулалтаа шинэчилж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл холбооны ерөнхийлөгчөөр ажилласан байна.

МБФХ-ноос цомын аварга, улсын аваргын тэмцээн зохион байгуулж, тамирчдаа тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг байна. Ер нь, Монголд бодибилдингийн тэмцээн тун цөөхөн болдог. Аливаа спортоор амжилт гаргах, чансааг сайжруулахын тулд олон удаа тэмцээн зохион байгуулах хэрэгтэй гэж үзэх хүн бий. Гэтэл бэлтгэлээ удаан хийж, ялагчаа хурдан тодруулдаг нь бодибилдингийн спортын онцлог. Нэг тэмцээнд 3-6 сарын өмнө бэлтгэж байж тодорхой амжилт гаргадаг гэнэ. Тиймээс бэлтгэл, сургуулилтын талаас жилд 2-5 тэмцээн зохион байгуулдаг гэж У.Баярханд ярилаа. Манай тамирчид тив, дэлхийн тэмцээнүүдэд чамгүй амжилттай оролцож байгаа. Хамгийн сүүлд Азийн авар­га шалгаруулах тэмцээнд Л.Баянхүү, Т.Солонго нар мөнгөн медаль хүртээд иржээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-10-нд болсон Бодибилдингийн ДАШТ-д дөрвөн тамирчин оролцсон байна. Тайланд улсын Бангкок хотод болсон энэ тэмцээнд Л.Баянхүү, Ж.Нурлан, Б.Сугарсүрэн, Л.Саруулбат нар өрсөлдөхөөр явсан. Мөн холбооны төлөөлөгч гурван хүн шүүгч, төлөөллөөр ажиллахаар очоод ирсэн юм. Дэлхийн олон орноос хэдэн зуун тамирчин өрсөлдөж байгаа тэмцээнд манай Л.Саруулбат, Б.Сугарсүрэн хоёр шагналт зургаадугаар байрт орсон. Харин Л.Баянхүү, Ж.Нурлан хоёр шагналт долдугаар байрт шалгарчээ. Алт, мөнгө, хүрэл медаль зүүгээгүй ч гэлээ европын, барууны биеийн хөгжил сай­тай хүмүүсийн урд гишгэсэн нь бахархам амжилт ажээ.

0 Сэтгэгдэл
mundag yuma
Хамгийн их уншсан