Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хагас зууныг үдсэн “ширэн бөмбөг”

Америкийн сагсан бөмбөгийн лигийн домогт од 50 нас хүрлээ


Ширэн бөмбөгнөөс гараа салгаад 10 жил болсон ч тэрээр өнөөдрийг хүртэл мөнгө “үйлдвэрлэгч” хэвээр байна. Өнөөдөр түүний өв хөрөнгө нь 650 сая ам.доллар хэмээн бичигддэг ч өдөр бүр энэ дүн ссөөр байгаа билээ.


Майкл Жордон 50 нас хүрлээ. Өнгөрсөн долоо хоногийн турш Америкийн хэвлэлүүд зөвхөн түүний тухай бичиж байлаа.  Мэдээж Америкийн сагсан бөмбөгийн лигийн зургаан удаагийн аварга “Chicago Bulls”-тай холбоотой   түүний амьдралын алтан үеүд, спортод үлдээсэн их мөр, сагсан бөмбөгийн талбайд өнгөрүүлсэн мартагдашгүй торгон мөчүүд нь хэвлэлийн хуудаснаа ахин гэрэлтсэн.
 1997 оны NBA-гийн түүхэн гоолууд, 1991,1989 оны  финалын тоглолтуудыг өнөөдөр ч түүний шүтэн бишрэгчид санан дурссаар байдаг билээ. Хагас зуун жилийг үдэхдээ тэрээр сагсан бөмбөгийн од бас тэргүүлэх бизнесмэн гэдэг нэр зүүх болсон тухай олон сая хүн ам уралдан ярьсаар.

 Өнгөрсөн жил тэрээр Nike, Hanes, Upper Deck, 2K Sports, Presbyterian Healthcare, Five Star Fragrances зэрэг компанитай гэрээ хийж 80 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Түүнээс гадна зургаан ч ресторан, Өмнөд Каролинд орших  автозасварын төв, мотоспортын баг, сагсан бөмбөгийн Charlotte Bobcats багийн 80 хувийг эзэмшдэг гээд л түүний бизнес ид цэцэглэлтийн цаг дээрээ байна.


Лигийн цагирагт хийсэн сүүлчийн бөмбөгнөөс 10 жилийн дараа тэрээр орлогоороо дэлхийн хамгийн ашиг орлоготой тамирчны яг ард шил дарж эхэллээ. 2012 онд боксчин Флойд Мэйвезер 85 сая ам.долларын орлогоор тамирчдыг тэргүүлсэн бол Жордон түүний ард жагссан. Жордоны орлогын гол эх үүсвэр нь мэдээж Nike — Jordan брэнд. Энэхүү компанитай Жордон 1984 оноос эхлэн түншилж байгаа. Ийнхүү анх таван жилийн гэрээ жил бүр хагас сая ам.долларын урамшуулал авна хэмээн хийсэн байдаг. Өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэрээний дүн одоо бол нууцын зэрэглэлд байдаг. Гэхдээ Nike түүнд жил бүр 60 саяас багагүй ам.доллар шилжүүлдэг хэмээн ажиглагчид “харддаг”.


“SportsOneSource”-ийн ажиглагчдын дүгнэснээр  Америкийн сагсан бөмбөгийн пүүзний зах зээлийн 58 хувийг алдарт Жордон брэнд эзэлсэн хэвээр гэнэ. Тэгвэл Adidas 5,5, Reebok 1,6 хувийг л эзэлж байна гэсэн судалгаа гарсан гэдэг. Жордон брэндийн спорт гутлыг Кармело Энтони, Крис Пол нарын NBA-гийн оддоос гадна бейсболист Дерек Жетер, NASCAR-ийн тамирчин Дэнни Хэмлин нар өмсдөг. Энэ амралтын өдрүүдэд Nike цоо шинэ загвар Air Jordan XX8 гэгчийг танилцуулав.


 Шинэ загвар худалдаанд 250 ам.доллараар гарах нь.  Мэдээж шинэ загвартай хамт Air Jordan брэнд худалдаалагдана. Гэхдээ 130-150 ам.доллараар зарагдах нь тодорхой. “Susquehanna Financial” –ийн шинжээч Jordan брэнд халаагаа өгөх болоогүй гэдгийг онцлоод 2012 онд Nike-ийн энэхүү брэндийн борлуулалт 25-30 хувиар өсч, Nike-ийн нийт спорт хувцасны борлуулалт нь 1,75 тэрбум ам.доллар хүрсэн гэжээ. Тэгвэл Америкийн зөвхөн спорт гутлын борлуулалт 1,25 тэрбум ам.долларын орлого олсон байна.  Хэдийгээр  NBA-гийн оддоос өөрийн нэрийн пүүзний борлуулалтаар Леброн Жеймс тэргүүлдэг ч алдарт 23 дугаар Nike-д Маймагийн довлогчийн орлогоос зургаа дахин их орлого оруулдаг. Мөн энержи ундаа Gatorade, спортын хувцас үйлдвэрлэгч Hanes гээд олон брэнд Жордонг дэлхий нийтэд сануулсаар байна. Тэр өнөөдөр ч дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтад дээгүүр байр эзэлсэн хэвээр.  Лионель Месси, Криштиан Роналду, Дэвид Бэкхем нарын оддын дараа л түүний нэр явсаар л байна.


Өнөөдөр Жордон 650 сая ам.долларын хөрөнгөтэй. Бас үр ашгаа өгөх нь тодорхой нэг багтай. Charlotte Bobcats багтаа тэрээр жил бүр 20 сая ам.доллар зарцуулдаг. Одоогоор энэ нь зарлага ч гэлээ хэзээ нэгэн өдөр энэ мөнгө нь хэд нугарч орж ирнэ гэдэгт итгэдэг.


Майкл  50 нас хүрлээ. Мартагдашгүй хагас зууныг түүнтэй хамт спортын хорхойтнууд үдлээ.  Түүний дараагийн зогсоол бол Forbes-ийн тэрбумтны жагсаалт биз ээ.







0 Сэтгэгдэл
сайхан тамирчин шүү, харахаар л хурд хүч баяр баясгалан мэдрэгдээд..
Хамгийн их уншсан