Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилов


Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн болохыг Улсын Их Хурлын дарга мэдээлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн тус банкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилуулах саналаа танилцуулсан юм.

Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.

Тэрээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.

Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Я.Содбаатар нар байнгын хорооны хуралдаан даргалагчаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Харин Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан санал хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн захиас зөвлөмж өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, О.Содбилэг, Т.Аюурсайхан, Л.Элдэв-Очир нар саналаа хэлж байр сууриа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь Н.Золжаргалыг хүсэлтийн нь дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, гишүүдийн 95.1 хувь нь Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан