Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Болормаа: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна

 

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга З.Болормаа “Өнгөрөгч долоо хоногт амбулаториор 1200 хүн үйлчлүүлжээ. Үүний 7.8 хувь нь томуугийн өвчлөл байв. Томуу, томуу төст өвчнөөр 15 хүртэлх насны хүүхдүүд 86 хувь, 1 хүртэлх насны хүүхдүүд 21.2 хувь, 2-4 насны хүүхдүүд 23.5 хувийг, 5-9 насны хүүхдүүд 19.5 хувь, 10-15 насны хүүхдүүд 22 хувийг эзэлж байна. 5-14 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэлт нь нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд эрсдэлт бүлэг буюу хүүхдүүд томуугаар илүү их өвчилж байна.  Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 8 эрүүл мэндийн төвд 1311 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Нийслэлийн хэмжээнд 1308 ор нэмэлтээр дэлгэн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал 5.3 тохиолдлоор өссөн байна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчлөл алаг цоог дэгдэлттэй буюу томуугийн А хүрээний вирус ихэвчлэн илэрч байна. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол ханиаж найтаах, олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэх шаардлагатай байна” гэлээ.ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн Тархвар судлаач эмч Ч.Уртнасан “Орны ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байна. 15-аас доош насны хүүхдүүдэд томуугийн өвчлөлийн шинж илэрсэн үед сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх, гэрийн асаргааг сайжруулах, мөн шинж тэмдэг илэрсэн үед эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна. 6-гаас дээш насны буюу сургуулийн насны хүүхдийг эм өгөөд сургуульд нь явуулчихаад байна. Энэ нь хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлж хүндрэх эрсдэлд хүргэж байна. Иймд томуугийн шинж тэмдэг илэрсэн үед эхний 5 хоног сургуульд нь явуулахгүй байх, 5 хоногийн дараагаас маск зүүлгэж явуулж байхыг зөвлөж байна. Учир нь шинж тэмдэг эхэлсэн эхний хоногуудад бусдад халдвар тараах эрсдэл маш өндөр байдаг. Орон нутагт 13 аймаг алаг цоог дэгдэлттэй байна. Өвчлөл ихсэх хандлагатай байна" гэлээ. 

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан