Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын жүдо бөхийн терапист Масотоши Нишикидо Blance Stretch-Mongolia-ийн зөвлөх эмчээр ажиллаж эхэллээ

  Б.ЖАВХЛАН

Япон улсын спортын анагаах ухааны эмч Масотоши Нишикидо Blance Stretch-Mongolia-ийн зөвлөх эмч, багшаар ажиллаж эхэллээ. Тэрээр 2019-2024 оны хооронд Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн терапистаар ажилласан билээ. Терапист гэдэг нь нуруу болон булчин, үе мөчний бэртэл гэмтлийг бариа заслын аргаар эмчилдэг Японы уламжлалт эмчилгээ юм.Масотоши Нишикидогийн хувьд 2013 онд анх Монголд сурагч солилцоогоор ирж байсан бөгөөд 2016 оноос АШУИС-д уламжлалт анагаах ухааны эмчээр магистрт суралцсан юм. Харин 2019 оны арван хоёрдугаар сард жүдо бөхийн Х.Болдбаатар багш хамтран ажиллах санал тавьснаар Монголын жүдочдын түүхэн амжилтуудтай  хувь заяа нь холбогдсон гэдэг. Учир нь 2019 онд жүдо бөхийн 73 кг-ийн тамирчин Ц.Цогтбаатар бэртэл авсан, зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай байсан бөгөөд хагалгаанд орох юм бол 2020 оны Токиогийн олимпод оролцох боломжгүй болох байж. Гэвч Ц.Цогтбаатар нь 2020 оны олимпоос медаль авах боломжтой чансаа өндөртэй тамирчин учир хагалгаанд оруулахгүйгээр эмчлэх арга хайж байжээ. Тиймээс Масотоши Нишикидо хамтран ажиллах саналыг хүлээн авч тохирох дасгалын эмчилгээг хийж эхэлэн 2020 оны нэгдүгээр сард Ц.Цогтбаатар Улсын аваргын тэмцээнд орж түрүүлсэн байна. Тиймээс дасгалаа үргэлжлүүлэн дэлхийн аваргад оролцохоор бэлдэж эхэлжээ. Энэ үед Жүдо бөхийн холбооноос ганц Ц.Цогтбаатартай ажиллах бус багийн бүх тамирчидтай хамтран ажиллаач гэдэг хүсэлт тавьснаар, Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн эмчээр ажиллах болжээ. Үүний дараа Ц.Цогтбаатар 2021 оны Токиогийн олимпоос хүрэл медаль авч, 2022 онд Дэлхийн аваргаас алтан медаль авсан аж. Энэ цаг үеэс тэрээр Монголын жүдо бөхийн олон тамирчидтай ажиллаж өөрийн ур чадварыг харуулан ажилласан гэдэг. Хамгийн сүүлд 2024 оны Парисын олимпод Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн терапистаар ажилласан бөгөөд МУГТ Б.Баасанхүүгийн олимпийн өмнөх бэртлийг эдгээхэд илүү анхаарч алтан медаль хүртэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд энэ хүрээд ажлаа хүлээлгэн өгсөн юм. Харин түүний дараагийн аялал болох эмчээр ажиллах тухайгаа “Би хувийн эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Надад жүдо, сагс, гар бөмбөгийн багаас хамтран ажиллах санал ирсэн. Багт ажиллахаар зөвхөн багийн хүмүүсээс өөр хүнд тусалж чадахгүй байна. Тиймээс хувийн эмнэлэг нээж, сайн шавь нар бэлдэхийг зорьж байна. Намайг нутаг буцаахад миний мэргэжлээр ажиллах сайн мэргэжилтэн Монголд үлдэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс өндөр ур чадвартай олон эмч бэлдэх нь чухал” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан юм.

Эх сурвалж: www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан