Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их өрийг эцэслэв

Б.ШИРНЭН

2000-2003 онд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт өрийн 97.8 хувийг чөлөөлөхөд тодорхой хэмжээний төлбөр үлдсэн. Гэхдээ уг үлдэгдэл болох 174.2 сая ам.долларын өрийг чөлөөлөх асуудлыг ОХУ-ын Төрийн ДУМ саяхан хэлэлцэн баталсан билээ. Тус улсын Засгийн газраас өргөн барьсан хуулийг баталснаар манай улс 3.8 сая ам.долларын төлбөрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн юм. Тэгвэл Засгийн газраас өчигдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 ам.долларыг Сангийн яам, Монголбанкнаас ОХУ-ын талд шилжүүлжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөнгө шилжүүлсэн баримтыг ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовт гардуулан өглөө.


Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Их өрийн үлдэгдлийг хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монголбанкны өнөөдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 ам.долларыг ОХУ-д шилжүүлсэн баримтыг гардуулж байна.  Энэ нь хоёр улсын харилцаанд тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр юм. Энэ өрийг барагдуулснаар хоёр улсын хувьд цаашдаа эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өрийн асуудлыг дуусгахад олон хүмүүс ажилласан. Тэдэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өмнөөс талархал илэрхийлж байгааг дамжуулж өгнө үү.

Элчин сайд Искандер Кубарович Азизов:

-Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын өмнө Монгол Улсаас урьд нь хүлээсэн бүх санхүүгийн үүрэг эцэслэгдэж байна. Ингэснээр хоёр талд зээл санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж үүслээ. Түүнчлэн Монгол Улс олон улсын зээл санхүүгийн зах зээлд гарах шинэ боломж нээгдэж байна гэж үзэж байна” гэлээ.

Тэдний цохон тэмдэглэж буйгаар манай тал ОХУ-ын өрийн үлдэгдлийг барагдуулснаар хоёр улсын хувьд санхүүгийн хамтын ажиллагаа эхлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Учир нь, ОХУ хуучны өрөө барагдуулаагүй бол дахин зээл олгохгүй байхаар хуульчилсан байдаг юм.

Их өрийг эргэн сөхвөл...

“Их өр” хэмээн Монголын шинэ үеийн түүхэнд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн нь Оросоос Монгол Улс 1947-1990 оны хооронд социализмыг байгуулахын төлөө авсан зээл тусламж болох 11.4 тэрбум шилжих рублийн өр юм. Энэ мөнгөөр төмөр замаа тавьж, цахилгаан дамжуулах шугамаа барьж, дулааны станцтай болж, уурхайгаа ашиглаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэр гээд хэдэн арван томоохон бүтээн байгуулалтыг бий болгосон байдаг.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн мөчөөс эхлэн ОХУ-ын зүгээс мөн манай талаас их өрийн асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Хэдийгээр үе үеийн Засгийн газар боломжийг эрж хайсаар байсан ч 2000-2004 онд ажилласан Н.Энхбаярын Засгийн газар энэ өрийг “дарсан” гэж улс даяар зарлаж байсан удаатай. Гэхдээ 11.4 тэрбумын шилжих рублийг бид 250 сая ам.доллараар хаачихлаа гэж хөөрцөглөж байтал Монгол Улс ОХУ-тай хамтран эзэмшдэг “Монгол-росцветмэт”-ийн бүрт­гэ­­лээ тас мартчихсан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл “Монголросцветмэт”-ийг анх байгуулахад ОХУ оруулсан 180 сая ам.долларын хөрөнгө буюу зээл нь сөхөгдөн гарч ирснээр өнөөдрийн асуудал үүссэн юм.

Халхголын ялалтын 70 жилийн ойд оролцохоор ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев их өрийн үлдэгдэл болсон 180 сая ам.доллараа хэрхэн барагдуулах тухайгаа асууснаар сөхөгдсөн ч манай зүгээс хэлгүй дүлий царайлж байж гэмээнэ 2010 онд Ерөнхий сайд Сү.Батболдын айлчлалын үеэр  97 хувиа тэглүүлж, 3.8 сая ам.доллар төлөх гэрээ хийж чадсан ч шийдэгдэлгүй явсаар өнөөдөртэй золгосон аж. Уг нь, 2011 онд төсөвт энэ өрийг төлөхөөр суулгасан гэдэг ч, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бид энэ өрийг өчигдөр эцэслэж чадав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан