Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

  УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон зарим гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ. Лав гурван гишүүн УИХ-ын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийн зөрчилтэй нь тодорхой болоод байна.Учир нь Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт бий. Мөн УИХ-ын тухай хуулийн 43.1-т “Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй” гээд 43.1.4-т “Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал” гэж заасан.Тодруулбал, УИХ-ын гишүүн нь Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг энэ хуулиар хоригложээ.Гэтэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч хэвээр байна. Тэдэнд УИХ-ын Тамгын газраас дээрх хуулийн зөрчил үүсээд байгааг сануулсан зөвлөмж, мэдэгдэл хүргүүлжээ.Тэгвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд МҮХАҮТ-ыг “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн” гэж заасан. Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг тус байгууллагын дүрмээр зохицуулдаг байна. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг Их хурлаас нь сонгоно. Харин Удирдах зөвлөлийн хурлаас чөлөөлж, зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар эргүүлэн татах татах эрхтэй юм байна. Д.Энхтүвшин 2023 оны есдүгээр сард МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. УИХ-ын гишүүн болсноор дээрх албан тушаалаас чөлөөлөгдөх, эсвэл эргүүлэн татуулах хангалттай хугацаа, боломжийг өнгөрөөсөн байгаа юм.МҮЭХ-ны тухайд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль гэх сонин нэршилтэй хууль үйлдчилдэг. Тэнд “Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй” гэсэн заалтууд байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын тухайд 2024 оны есдүгээр сард БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын урилгаар МҮЭХ-г төлөөлж тус улсад ажилласан. Тэр айлчлалаар “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжид тусгах талаар тодорхой ажлууд хийхээр тохиролцсон.МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монгол Солонгосын парламентийн бүлгийн гишүүнээр сонгогдсоны хувьд хоёр орны парламент хууль тогтоох чиглэлээр ажилчин хүний эрх ашгийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхийлэн ажиллахыг чухалчлан саналаа илэрхийлсэн. Айлчлалын үeэр С.Эрдэнэбат гишүүн хөдөлмөр халамж үйлчилээний нэг цэгийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн чанадад дахь ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах Монголдоо буцан ирж ажиллахыг дэмжих, нийгмийн даатгал, цалин хөлсний маргааны тухай ярилцсан” гэж МҮЭХ-ноос мэдээлсэн байдаг.Түүнчлэн ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи / цаашид "Академи" гэх/ нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төрийн байгууллага байна” гэж тодорхойлсон. Улмаар “Их чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ: …академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, “Академийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилна. Хэрэв батламжлаагүй бол дахин сонгууль явуулна. Академийн ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхий сайдын шинжлэх ухаан, технологийн зөвлөх байна” гэж заажээ.

Одоогоор ШУА-ийн Их чуулган хуралдаж Д.Рэгдэлийг чөлөөлөөгүй, дараагийн ерөнхийлөгчөө тодруулаагүй байна. Д.Рэгдэл өөрөө “Миний оронд үүрэг гүйцэтгэгч томилсон” гэж байгаа ч хэдхэн хоногийн Вьетнамын ерөнхийлөгч айлчлах үеэр Монгол Улсын ШУА болон Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулахад манай талаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар гарын үсэг зурсан.Ер нь бол Д.Энхтүшин, С.Эрдэнэбат, Д.Рэгдэл нар өнөөдөр тус тусын байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр бөгөөд байгууллагуудынхаа албан ёсны вэбсайтын хойморт зураг, мэндчилгээтэйгээ байж л байна.Аль ч байгууллага нь тэднийг чөлөөлсөн хийгээд орных нь хүнийг томилоогүй байна. Тэгэхээр энэ гурван гишүүн Үндсэн хуулийн 29.1, УИХ-ын тухай хуулийн 43.1.4-ийг зөрчөөд бүтэн гурван сар гаруй болчихсон байна.Гэтэл УИХ-ын Тамгын газар сая л “анзаарч”, зөвлөмж мэдэгдэл өгч байгаа аж.Тэгээд ч Монгол Улсын ямар ч хууль тогтоомжоор “УИХ-ын гишүүн бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч”, “УИХ-ын гишүүн бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч”, “УИХ-ын гишүүн бөгөөд ШУА-ийн ерөнхийлөгч” гэдэг албан тушаал байх учиргүй юм. Харамсалтай нь өнөөдөр Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, Д.Рэгдэл нар ийм сэтэртэй явж байна.Хамгийн гол нь энэ гурван гишүүн эрх баригч МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Тиймээс бүрэн эрхээс нь чөлөөлж, эргүүлэн татаж чадахгүй гэж үзэж буй бололтой.УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуулиа барьдаг бол энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх учиртай. Тэгээд ч Ёс зүй, дэгийн байнгын хороо энэ асуудалд анхаараад эхэлжээ. Гэвч УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан Б.Баярбаатар энэ Байнгын хорооны даргаар ажиллаж байна. Гишүүдээр нь МАН-ын Нарийн бичгийн дарга байсан А.Ариунзаяа, үний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Х.Баасанжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Бум-Очир, С.Лүндэг, дээрээс нь дээр нэр дурдагдсан ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл орчихжээ. Ийм нөхцөлд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн зөрчилтэй МАН-ын жагсаалтын гурван гишүүнийн бүрэн эрхийн асуудал хөндөх нь гонжийнжоо гэж үзэж буй хүн олон байна. 

Уг нь УИХ-ын энэ Байнгын хороонд Ж.Батсуурь, Ч.Лодойсамбуу, Д.Жаргалсайхан нарын “сөрөг хүчин”-ий гишүүд бий. Харамсалтай нь тэдний АН нь засагт хамтарчихсан. Тэгэхээр сөрөх бас хэцүү. Угаасаа ч өнөөдөр бараг сөрөг хүчингүй болчихсон л доо.Нөгөөтэйгүүр, ийм хэмжээний зөрчилтэй гурвын гурван гишүүн гурван сар гаруй явсан нь тус УИХ-ын Тамгын газартай шууд холбоотой. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дээрх гишүүдэд зөвлөмж мэдэгдэл хүргүүлээд өнгөрөөж буй нь зөвхөн уснаас хуурай үлдэж, эрх баригч намд тал зассан үйлдэл хийж байгаа л харагдаж байна. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Бас УИХ-д МАН-ынхан олонхийг бүрдүүлж буй.Тийм учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар хэн хэнээ харсаар, нам намаа бодсоор дугаарч чадахгүй УИХ-ын “ерөнхийлөгч” гишүүдийн зөрчлийг дараад өнгөрөх магадлал өндөр байна.

Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анх удаа холимог тогтолцоогоор сонгогдож орж ирсэн 126 гишүүнтэй УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхнаасаа ийм илтэд хуулийн, тэр дотроо Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн зөрчилтэй гишүүдтэй яваад байгаа нь чухамдаа мордохын хазгай л болж байна. Шулуухан хэлэхэд, хэрвээ эдгээр “ерөнхийлөгч” гишүүн бүрэн эрхтэй хэвээр үлдвэл энэ УИХ цаашдаа хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд улам л хэцүү болно. Өнгөрсөн 30 жилийг тогтолцоотой нь, 76-тай нь газар доогуур ортол муулж байгаад ийм өөрчлөлт хийсэн. Үүгээр орж ирсэн гишүүд нь хүртэл Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиа зөрчөөд сууж байх нь үнэндээ ёс зүйг халиад хуулийн хойморт гарчихсан явдал болж байгаа хэрэг юм. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН, тэгээд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо эргүүлэн татаж чадах уу гэдгийг харах үлдэж байна!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАХ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)

Өнөөдөр сонин - 2024.10.07 ДАВАА №191 (8006)

Өдрийн сонин - 2024.10.07 ДАВАА № 188 (7554)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан