Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэ

НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд ажиллаж, "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК болон "АПУ" ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр НОК-ын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас хамгаалалт гарган, аюулгүй байдлыг хангуулж, нийслэлийн Онцгой байдлын газраас хяналт тавьж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас цахилгааны шугамд хэмжилт хийн, цэвэрлэх байршлыг тогтоож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болголоо.  

Тэрбээр “Байгалийн гамшгаас сэргийлэх нь зөвхөн төрийн ажил бус бүх нийтийн оролцоо шаардлагатай. Мэргэжлийн байгууллагуудын хэлж буйгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор манай улс бараг борооны улиралтай болсон байна. Улаанбаатар хотыг гамшгийн тэсвэртэй болгоё гэвэл урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх шаардлагатай. Бороо арваннэгдүгээр сар хүртэл орж буй тул голын урсцыг нарийсган хоёр талаар нь барилга барьсан, голын ай сав газрыг цэвэрлэдэггүй байдлыг өөрчлөх шаардлага нэгэнт бий болсон. Иймд Сэлбэ, Дунд голын ай сав газрын лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахаас өөр гарцгүй. Энэ хүрээнд мод бургасыг нүүлгэн шилжүүлэхээс гадна голыг нэг метр гаран ухаж, лаг хагшаасыг цэвэрлэхгүйгээр үер, усны аюулаас урьдчилан сэргийлж чадахгүй” гэв.

Мөн энэ жилдээ багтан Арслантай гүүрнээс Дунд голын Туул гол руу цутгах цутгал хүртэл үерийн эрсдэлээс сэргийлэн ажиллах бол ирэх жил Зуслангийн бүсээс Арслантай гүүр хүртэл мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Ийнхүү ирэх жилүүдэд даланг хүчитгэх, түшиц хана бэхжүүлэх, цаг үедээ тааруулан бороогүй үед усаа тогтоон барих ажлыг хийнэ гэдгийг онцолсон юм. 

Мөн шинээр барилга ашиглалтад оруулж буй аж ахуйн нэгж байгууллагууд дээврийн усныхаа хаялгад шийдэл гаргаж, усаа хуримтлуулдаг, түүгээрээ ногоон байгууламжаа усалдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай байгааг тодотгов. Тэрчлэн ус ихээр тогтдог байршлуудад үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой суурилах зардлыг Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэхээс гадна иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай зориулалтын машин техник, эд материалын бусад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан