Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УБТЗ” ХНН: Наушки-Сүхбаатар боомтын галт тэрэг солилцоо нэмэгдэж байна

“УБТЗ” ХНН болон Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга нар цахимаар хуралджээ.

Хурлын үеэр “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Олег Казаков “Энэ сард тохиож буй чухал үйл явдлуудын нэг бол Хятад-Монгол-Орос-Беларусь-Польш чиглэлд сүүлийн 5 жилд анхны чингэлэг галт тэрэг аялж эхэлсэн явдал юм. Уг галт тэргийг Замын-Үүд өртөөнд нарийн царигаас өргөн цариг руу шилжүүлэн ачих хугацааг тооцон 51 цагийн дотор УБТЗ-ын гол замаар аялуулж, энэ сарын 24-нд Сүхбаатар-Наушки хилийн боомтоор Дорнод Сибирийн төмөр замд хүлээлгэн өглөө. 2024 оны эхний саруудын тээврийн тоон үзүүлэлтийг харахад хөрш төмөр замууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. 2030 он гэхэд Сүхбаатар-Наушки боомтоор дамжин өнгөрөх ачаа эргэлтийг 4.8 сая тоннд хүргэх зорилттой ажиллаж байна” хэмээн онцлов.

Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга Евгений Ларин “2024 оны эхнээс Орос, Монголын хилээр дамжин өнгөрөх ачаа тээвэр нэмэгдэж байгаа нь Сүхбаатар, Наушки өртөөдийн технологит ажиллагааг сайжруулсантай шууд холбоотой. Дорнод Сибирийн төмөр зам Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Статистик тоо, баримтаас харахад, бидний тоон үзүүлэлтүүд түүхэн дээд амжилтад хүрч байна” гэв.

Ийнхүү 2024 оны тавдугаар сарын байдлаар ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ төлөвлөснөөс хоёр хувиар давж, 2855.5 мянган тонн болжээ. 2023 онтой харьцуулахад энэхүү өсөлт 15 хувиар өссөн байна.

Хилийн галт тэрэг солилцооны хувьд Монгол Улс руу өдөрт дунджаар 7.7, ОХУ руу 7.3 галт тэрэг хилээр гарч байгаа гэдгийг талууд онцоллоо.

Ташрамд дурдахад “УБТЗ” ХНН 2030 он хүртэл төлөвлөсөн Орос-Монгол-Хятадын төмөр замын коридорын дэд бүтцийг хөгжүүлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг хийж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал жилд 51 сая тонн болж нэмэгдэнэ.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан