Хоёр жилийн өмнөөс Монголд амжилттай зохион байгуулж эхэлсэн “Mongolia Bike Challenge” дугуйн уралдааныг энэ жил “Genco Mongolia Bike Challenge 2013” нэрээр зохион байгуулахаар болжээ. Дэлхийн шилдэг дугуйчдын ирж өрсөлддөг уралдааны энэ жилийн зам бэлэн болсон байна. Энэ удаа дугуйчид нийт долоон гараанд 850 км замыг туулж, 14000 метрийн өндөр авалт хийж уралдах амаргүй даалгавар хүлээжээ. Уралдааныг Испанийн алдарт “Orbea” дугуйн үйлдвэр болон “Женко тур бюро” компани ивээн тэтгэн, хамтран зохион байгуулах болсон байна.
Одоогоор 18 улсын 70 гаруй тамирчин тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа аж. Тэдний дунд “Mongolia Bike Challenge” уралдааны хоёр удаагийн аварга, Италийн дугуйчин Marzio Deho, өнгөрсөн жилийн аварга Cory Wallace, триатлоны дэлхийн топ тамирчдын нэг Marcel Zamora нар оролцохоо илэрхийлжээ.