Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намын харьяаны сургуулиуд төрийн харьяат болох уу, эсвэл...?

Ингэж асуухын учир өнгөрсөн хугацаанд бүх шатны сургуулийн захирлуудын олонхи нь намын харьяаллаар томилогддог байсан гээд хэлчихэд буруудахгүй биз. Бүгд л эрх баригч намын харьяалалтай, тухайн эрх барьж намдаа үйлчилдэг, сонгуулиар  намынхаа төлөө сайн гүйсэн хүмүүс байдаг байсан нь нууц биш.  Суудалдаа олон ч жил бат суусан даа тэд, намынхаа буянаар. Хамгийн ойрхны жишээ л гэхэд УИХ-ын дарга байсан С.Төмөр-Очир суудлаасаа мултрангуутаа МУИС-ийн захирал болж байсныг хүн болгон мэдэх биз. Төрийн өмчийн гэх сургуулийн захирлыг шууд томилж болохгүй гээд л бөөн хэрүүл маргаан, багш оюутнууд нь гарч ажил хаях дээрээ тулж байсныг ч бас мартаагүй байгаа байлгүй. Яагаад ингэж хэрүүл хийж, тэмцэнэ барина гэж гүйсний цаад учир нь ердөө л намын сургууль болсон болохоор зарим нэг сийрэг ухаантай хүмүүс нь шударга ёсны төлөө тэмцэж байж.  Ямар нэгэн асуудлыг хэзээний нухчин дарж, чимээгүйхэн аргалж, чаддаг 90 гаруй жилийн туршлагатай “ах” намынхан үүнийг нэг их дэвэргэлгүй аваад л гарсан.
Тэгвэл энэ мэтээр асуудлыг намын сүр хүчээр дарж, ямар нэгэн юманд чимээгүй байдлаар хүч түрэмгийлдэг байсан зүйлийг халж намын харьяанд орчихоод байгаа сургуулиудыг жинхэнэ төрийн өмчит сургууль болгох ажил эхлэх нь. Ашгүй дээ. Манайх шиг ингэж хүчээр хүн томилдог улс гүрэн байдаг ч юм уу үгүй ч юм уу. Хамгийн хөгжил буурай оронд л гэхэд боловсролынхоо салбарыг тэргүүлэх хүнийг сонгон шалгаруулалтаар томилдог жишигтэй юм билээ. Гэхдээ мэдээж улсдаа нэр хүндтэй, чадалтай эрдэмтнээр сонгодог.
Тэгвэл энэ жишгийг манайд хэрэгжүүлэх ажлыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр эхлүүлж, төрийн өмчит их дээд сургуулиудын захирлыг сонгон шалгаруулахаар болж. Тодруулбал, МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС гээд цөөн хэдэн сургуулийн захирлыг ардчилсан зарчмаар сонгох болж байгаа юм байна.  Нэг ёсондоо сонгон шалгаруулалтад өөрийгөө тэнцэнэ гэсэн боловсролтой болгонд үүд хаалгыг нь нээж өгч. Энэ бол нөгөө яриад байгаа шинэчлэл. Хийж чадвал шинэчлэл болох нь ч дамжиггүй.
Гэтэл хамгийн харамсалтай нь угаасаа намынх болчихсон сургуулиудын дэд захирлаар ажиллаж байсан нөхөд сонгон шалгаруулалтын тэргүүн эгнээнд нэрээ бичүүлжээ. Энэ тэдний буруу биш ч гэсэн шинэчлэлийг харин хийж чадах болов уу гэсэн эргэлзээ төрүүлж эхэллээ. Яагаад гээч. Тэд бол өмнөх захирлуудынхаа хийж байсан ажлыг л үргэлжүүлэх нь дамжиггүй. Учир нь, үеийн үед С.Төмөр-Очир мэтийн нөхөдтэйгээ хамт байсан болохоор түүний толгойноос өөрөөр сэтгэнэ гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Тэмээг, ямаа болго гэж хэлж байгаа юм биш л дээ, гэхдээ л хуучинсаг үзэл тэдний тархинд нь байтугай судсаар гүйх цусанд нь нэвт шингэчихсэн байгаа даа.
Тэгэхээр боловсролын байгууллага шинэчлэгдэж чадах болов уу.
Нөгөөтэйгүүр олон жил дарлагдсан АН шинэчлэл нэрийн дор энэ албан тушаалуудад өөрийнхөө хүмүүсийг дээрх сургуулиудын толгойд гаргах арга чарга хайж байгаа нь лавтай. Үүнтэй маргах хүн  одохгүй биз. Учир нь, өмнөх дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад одоо ажилгүй болсон эрхмүүд цөөнгүй бий. Тэднийгээ нэг нэгээр нь ажилд оруулж байгаа ч дуусаагүй л байна. Тухайлбал, Л.Гүндалай, Батж. Батбаяр нараас эхлээд цөөнгүй хүн байгаа. Тэгэхээр Л.Гүндалайг ЭМШУИС-ийн захирлаар томилчихсон байхад гайхах зүйлгүй л дээ. Яагаад гэвэл АН хариугаа авч байгаа юм хойно, байж болох зүйл. Хамгийн гол нь дахиад битгий намын харьяалалд авчихаасай гэдгийг л салбарын сайдаас нь хүсэх байна. Шинэчилбэл шинэчилсэн шиг шинэчлээсэй дээ.

0 Сэтгэгдэл
zuw hu
Хамгийн их уншсан