Ердөө гуравхан сарын өмнө ээж болсон дуучин Адель Алтан бөмбөрцөг наадмаас авсан анхны шагналаа хүүдээ зориуллаа. Жеймс Бондын кинонд зориулж түүний зохиосон “Skyfall” дуу Алтан бөмбөрцөг наадмаас киноны шилдэг дуу номинацад шалгарсан юм. Адель кино ертөнцийн томоохон наадмуудын нэг Алтан бөмбөрцгөөс хүртсэн анхны шагналаа хүү болон найз залуу Саймондоо зориулж байна хэмээн тайзан дээр хуваалцсан баярын сэтгэгдэлдээ онцлон хэлжээ. Гэхдээ тэрээр Алтан бөмбөрцөг авна гэж огтхон ч төсөөлөөгүй гэнэ. Тэрээр улаан хивсний ёслолын үеэр хэвлэлд ярихдаа “Skyfall киноны зохиолыг аль эрт авсан ч дууг нь бичиж чадна гэдэгтээ итгэлгүй явсаар удсан. Киноны дуу зохионо гэдэг бол маш том хариуцлага” хэмээн ярьсан байна.