Өнгөрсөн оны хамгийн дуулиантай кинонуудын нэг Жеймс Бондын адал явдал “Skyfall” Оскарын шагналд нэр дэвшиж чадаагүй ч дуу нь харин шилдэг дууны номинацад өрсөлдөхөөр болсон байна. Энэ баярт мэдээг дуулсан дуучин Адель “Твиттер” хуудсаараа “Өө бурхан мин, би яг л Мерил Стрип шиг болчихлоо. Баярлалаа” хэмээн мэдэгджээ. 50 жилийн түүхтэй Бондын цувралуудаас хамгийн шилдгийнх нь тоонд зүй ёсоор багтана хэмээн үнэлэгдэж буй “Skyfall” дэлхийн кинотеатруудаас нэг тэрбум ам.долларын орлого олоод байгаа ч АНУ-ын Кино академийнхан тэдний амжилтыг олж харж, үнэлсэнгүй. Ерөөсөө Бондын цувралаас Оскарын шагнал хүртсэн тохиолдол нэг ч байхгүй бөгөөд хэрэв Адель авч чадвал Бондын хувьд анхны Академийн шагнал болох юм. Киноны шилдэг дуу номинацад Аделийн “Skyfall”-той “Chasing Ice” киноны “Before my time”, “Ted” киноны “Everybody needs a best friend”, “Pi’s” киноны “Lullaby”, “Les Miserables” киноны “Suddenly” зэрэг дуу өрсөлдөж байгаа аж.
Гэр бүл, хүүхэддээ цаг заваа зориулан, уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа дуучин Адель магадгүй Оскарын шагнал гардуулах ёслолд дуулж магадгүй гэсэн таамаг гараад байна. Эсвэл бүр түүнээс ч өмнө Алтан бөмбөрцөг наадамд оролцоно гэсэн яриа гарчээ.