Францын нэрт жүжигчин Жерар Депардьетай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо халуун дотноор тэврэлдэн уулзсан тухай оросын телевизийн “Первый канал” суваг үзүүллээ. Яг энэ уулзалтаар түүнд ОХУ-ын иргэний паспорт гардуулна гэж байсан ч зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ уулзалтын өмнөхөн гардуулсан бололтой.
Уулзалтын үеэр Депардьегийн ойрын үеийн уран бүтээлийн ажлын тухай, түүний гол дүрд нь тоглосон Григорий Распутины тухай кино оросын прокатуудад гарч байгаа тухай ярьцгаасан байна. Депардье ч энэ кинондоо сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна.
Энэ сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин францын нэрт жүжигчин Жерар Депардьег ОХУ-ын иргэншлээр бүртгэх тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
Ийм, нэртэй жүжигчин ОХУ-ын иргэн болж байгаа нь оросын соёл, кино урлагийн хөгжилд асар том хувь нэмэр оруулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Францын Засгийн газар жилд нэг саяас дээш еврогийн орлоготой баячуудаас 75 хувийн татвар авч байхаар шийдвэрлэсэн нь нэрт жүжигчинг Оросын харьяат болоход хүргэсэн юм. Үүний өмнө түүнийг Белгийн иргэншилд орох гэж байгаа хэмээн мэдээлж байсан юм.