Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жоли

Дэлхий даяар нэр нь түгсэн үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли одоо 38 настай. Ид залуу насан дээрээ явж буй жүжигчин бүсгүй өдгөө 40 шахам кинонд дүр бүтээж, нэг Оскар, гурван Алтан бөмбөрцгийн эзэн болж, гурван удаа гэрлэж, зургаан хүүхдийн ээж болжээ.
Жоли жүжигчин аавын охин. Гэхдээ Жон Войт гэдэг жүжигчин эцгийнхээ нэрээр кино ертөнцөд гарч ирэхийг тэр анхнаасаа хүсээгүй. Ээжийг нь хуурч, өөр эмэгтэйг сонгосон эцгээ уучилж чаддаггүй Жоли одоо ч аавтайгаа таарамжгүй харилцаатай, сүүлийн хэдэн жил утсаар яриагүй гэдэг.


14-тэйгөөсөө найз залуугийндаа амьдарчээ

Калифорнийн Лос-Анжелос хотын унаган охин тэрээр эцгийнхээ талаас Герман, эхийнхээ талаас Франц, Канад гаралтай.
1976 онд түүнийг хэл, хөлд ч орж амжаагүй байхад эцэг эх нь салж, Жоли ахтайгаа хамт ээж дээрээ өсчээ. Эцгийнх нь жүжигчний ген хоёр хүүхэддээ шингэсэн мэт Жоли, түүний ах Жэймс хоёулаа багаасаа кино урлагт хөл тавьжээ.
Түүний багад ээжийнх нь цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй, Жоли бидний нэрлэдгээр комиссын буюу хуучин хувцас байнга өмсдөг байсан гэнэ. Түүнийг багад нь харсан хэн ч хожим харсан хүн бүхний сэтгэл татах сайхан бүсгүй болно гэж бодоогүй биз. Хэтэрхий туранхай дээр нь нүдний шил, шүдний бэхэлгээ байнга зүүдэг түүнийг үеийнхэн нь шоолж гоочилдог ч А.Жоли 14 хүрээгүй байхдаа загвар өмсөгч болохоор шийдэж, загварын агентлагт явахаас гадна жүжигчний сургалтад суудаг байв. Гэвч төдийлөн амжилтад хүрэхээргүй байснаас 14-тэйдөө мөрөөдлөө орхиж, оршуулгын ёслол зохион байгуулагч болохоор шийджээ. Энэ үедээ тэр үнэхээр л оршуулганд ирсэн юм шиг хар хувцас байнга өмсдөг, үсээ ягаанаар будсан, панк стильтэй охин байжээ. Бас болоогүй найз хөвгүүнийдээ амьдарна.
Өсвөр насандаа Жолигийн сэтгэл санаа байнга тавгүйтэж, өөрийгөө зүсч гэмтээдэг муу зуршилтай болжээ. Хутга, хурц иртэй зүйлээр өөрийгөө зүсч, өвчин мэдрэхдээ амьд байгаагаа мэдэх гэж тэгдэг байсан юм хэмээн тэр хожим ярьсан удаатай. Түүний энэ зуршлыг аавынх нь 2002 онд “Access Hollywood” сэтгүүлд өгсөн “Жоли сэтгэцийн өвчтэй” гэсэн ярилцлага дэврээж, түүний сэтгэлгээ эрүүл бус ч байж магадгүй гэсэн яриа газар авсан. Харин энэ ярилцлагын дараа тэр аавтайгаа бүрмөсөн харилцаагаа тасалж, гэр бүл гэдэг зөвхөн мах цусаар холбогддоггүй юм гэж ярьсан байдаг.

Лара Крофтын дүрийг бүтээх гэж төрсөн

Жоли 16 настайдаа театрт анхныхаа жүжигт тоглож, өвсөр насандаа ахтайгаа хамт таван ч кинонд тоглож амжжээ. Гэхдээ түүний мэргэжлийн жүжигчний карьер 1993 онд “Киборг” киногоор эхэлсэн. Харин түүнд АНУ-д нэрд гарах боломжийг 1997 онд тоглосон “Жорж Уоллес” киноны туслах дүр олгосон юм. 1990-ээд оны дундуур нэлээд хэдэн кинонд тоглож, Эмми, Алтан бөмбөрцгийн шагнал гардаад байсан тэрээр гэнэт карьераа орхиж, Нью-Йоркийн их сургуульд кино найруулагч, зохиолчийн мэргэжлээр суралцжээ. 1998 онд Жоли кино урлагт эргэн ирж, Дензел Вашингтонтой хамт “Яс цуглуулагч” хэмээх детектив кинонд тоглов.  Хэсэг завсарласны дараа тоглосон туслах дүрүүд нь кино шүүмжлэгчдээс ердөө сайн үнэлгээ авахгүй байсаар 2001 онд “Булш ухагч” киноны Лара Крофтын дүрээр тэсрэлт хийсэн юм. 275 сая ам.долларын ашиг олсон энэ киноны тухай  шүүмжлэгчид “А.Жоли Лара Крофтын дүрийг бүтээх гэж л төржээ” гэж тодорхойлсон байдаг.

Нөхрийнхөө нэрийг цусаараа бичжээ

Жолигийн амьдралд орж ирсэн гурван эрэгтэй нь бүгд кинонд хамтран тоглосон жүжигчид байдаг.
А.Жоли анхныхаа нөхөр Жонни Ли Миллертэй 1995 онд “Хакерууд” кинонд тоглож байхдаа танилцжээ. Угийн панк рок стильтэй тэрээр хуримандаа хар савхин өмд, цагаан цамцаар гоёж ирсэн гэдэг. Гэхдээ цагаан цамцан дээрээ цусаараа “Жонни Ли Миллер” гэж нөхрийнхөө нэрийг бичсэн нь хуримын зочдыг ангайлгаж орхижээ. Тэд хуримынхаа дараа жилээс тусдаа амьдарч, гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан. Жоли анхныхаа нөхрийн тухай “Тэр бол хорвоо дээрх хамгийн сайн эр нөхөр. Бид ердөө залуу гэнэн байсан учраас л салсан юм” гэсэн байдаг.  
Тэр дараа нь өөрөөсөө нэлээд ахимаг насны жүжигчин Билли Боб Торнтонтой 2000 онд гэрлэсэн. Тэр Биллид үнэнч хайр сэтгэлтэйгээ баталж, гар дээрээ нэрийг нь шивж байсан удаатай. Тэр ч бүү хэл хос хоёр бие биеийнхээ цусыг жижиг шилэнд хийгээд байнга зүүж явдаг байсан нь хэвлэлээр шуугиан тарьж байсан юм. Гэвч тэдний хамтын амьдрал бас л удаан үргэлжлээгүй, гурван жилийн дараа салсан.  Энэ үеэр нэг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа А.Жоли ижил хүйстэндээ сэтгэл алдарч байснаа дэлгэжээ. Тэрээр 1996 онд “Фоксфаяр” кинонд хамт тоглосон Женни Шимизу гэдэг бүсгүйд дурлаж, хэрвээ хүнтэй гэрлээгүйсэн бол түүнтэй хамт амьдрах байсан гэж ярьсан байна.   
Гэвч энэ бүхэн А.Жолигийн хувийн амьдралын хамгийн том шуугиан хараахан биш байлаа. 2005 онд А.Жоли шоу бизнесийн ертөнцөд бөмбөг мэт тэсэрсэн дуулиан тарьсан нь Брэд Питт байв. Холливудын хамгийн сайхан залуусын нэг Брэд Питтийг эхнэр Женнифер Энистоноос салгаж, өөртөө татсан гэж түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  ам уралдан шуугьж, зарим нэг нь шүүмжилж байлаа. Брэд Питт, Анжелина Жоли хоёрын дурлалын түүх “Ноён, хатагтай Смит” киноноос эхэлжээ.
Хожим нь А.Жоли энэ тухай ярихдаа “Бид кинонд тоглож байхдаа л бие биедээ дурласан. Бид салж болохгүй хос шиг санагдаж байсан ч тэр гэр бүлтэй хүн учраас би дотроо тэсээд өнгөрсөн. Харин түүнийг эхнэрээсээ салсны дараа бид эргэж уулзсан. Аав маань ээжийг хуурсныг насан туршдаа уучилж чаддаггүй учраас гэр бүлтэй хүнтэй холбоо тогтооно гэдэг миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөшгүй зүйл. Би гэр бүлээ хуурдаг эрэгтэйд сэтгэл алдрахгүй байсан” гэж дээрх яриаг няцаасан юм.  Тэд эхэндээ хайр сэтгэлийн холбоотой гэдгээ нууцалдаг байсан ч Б.Питт Ж.Энистоноос гэр бүлээ цуцлуулсны дараа хамт далайн эрэгт амарч байгаа нь паппарацын дуранд өртсөнөөр тэдний харилцаа бүхэнд ил болж, хүмүүс тэднийг Бранжелина гэж нэрлэх болсон. Гэвч тэд одоо ч хуримаа хийгээгүй, хамтран амьдрагч гэдэг тодотголтой хос хэвээр үлджээ.

Интернациональ гэр бүл

2002 онд Жоли долоон сартай Мэддокс хүүг Камбожийн асрамжийн газраас өргөж авсан юм. Тэрээр “Томб Райдер” киноны зураг авалтын үеэр хоёр удаа Камбожид очихдоо тэндээс хүүхэд үрчилж авахаар шийдсэн байна. Тэрээр том хүүгийнхээ тухай “Мэддокс намайг эх хүн болгосон” гэж хэлсэн байдаг. Үүнээс гурван жилийн дараа Жоли Этиопоос зургаан сартай Захара охиноо үрчилж авсан. Анхны хүүхдээ авахдаа тэр ганц бие байсан бол Захараг гэртээ авчрахдаа Жоли-Питт гэсэн овгоор охиноо өсгөхөөр шийдсэн байв. Тэдний том хүү Мэддокс ч Питт Жоли хоёроор овоглодог юм. Харь улсын хоёр хүүхдийг өсгөсөн жүжигчин хос 2006 онд төрсөн охин Шилогоо өлгийдөн авсан. Хоёр нэрт жүжигчний мах цусны тасархай болсон Шило охиныг Есүсээс Христийн мэндэлснээс хойшхи хамгийн алдартай хүүхэд гэж нэрлэсэн нь оргүй зүйл ч биш байв. Учир нь, бяцхан охины зургийг хамгийн түрүүнд нийтлэх гэж хэвлэлүүд гурав, дөрвөн сая ам.доллар амалж, Мадам Тусегийн музей Шилогийн баримлыг бүтээсэн нь түүхэндээ хүүхдээр үзвэрээ нэмсэн анхны тохиолдол юм. Тэдний хүүхдийг олон нийт хэтэрхий их сонирхож байснаас Жоли Питт хоёр Африкийн Намибид очиж охиноо төрүүлсэн.

Дараа жил нь Жоли Питт хоёр Вьетнамаас гурван настай Пакс хүүг өргөж авснаар тэднийх ёстой л интернациональ гэр бүл болов. Камбож, Этиоп, Вьетнам хүүхдүүдээс нь гадна Америк гаралтай, Намиби улсын паспорттой Шило гээд л. Гэхдээ тэдний гэр бүлийн гишүүд үүгээр хараахан дуусахгүй. 2008 онд Жоли ихэр  хүү охин төрүүлсэн билээ.

Шивээсэнд дурлагч


А.Жоли тэр бүр эмэгтэй хүнд байдаггүй сонин хоббитой. Тэр багаасаа л шивээс хийлгэх хоббитой байж. Одоо түүний бие дээр 14 шивээс бий. Сонирхуулбал, араб хэлээр “хүч зориг”, латин хэлний зүйр үг “намайг уяраадаг бүхэн намайг сөнөөдөг”, том хүүдээ зориулан эртний Кхмер хэлээр мөргөлийн үг бичсэн байдаг.


Мөн зүүн гар дээрээ зургаан хүүхдийнхээ төрсөн газрыг газар зүйн координатаар харуулсан шивээс ч бий. Харин нурууныхаа доод хэсэгт маш том луу, цонх, зурсан байдаг гэнэ. 





0 Сэтгэгдэл
tattoo ni goe yum bn oorooch gaigui bietei yaah ve tattoo bol nice2
YANHAN
bi tuund hairtai
enenees saihan huuhen gaduur zugeer l alhaad yvjiidiisht :))
saihan huuhen bna.
Хамгийн их уншсан