Женнифер Анистоныг хүмүүс хамгийн түрүүнд Брэд Питтийн экс эхнэр гэдгээр мэднэ. Нэгэн үе Холливудын хамгийн сайхан хос гэгдэж явсан тэдний дурлалын түүх мартагдах шахсан өнөө үед бол “Найзууд” цувралын Рэчел дүрээр нь түүнийг санаж байгаа биз ээ. Холливудын хамгийн дур булаам залуутай гэрлэж, нэгэн үе дэлхийн хамгийн азтай бүсгүйд тооцогдож байсан түүнийг нөхөр Брэд Питт нь Анжелина Жолигийн төлөө орхин одоход харин тэрээр хамгийн азгүй эмэгтэй болон хувирсан билээ. Түүний хувийн амьдралынхаа тухай “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Женнифер Анистон хэн ч мэдэхгүй жирийн нэг залуутай амьдарч байсангүй. Таны дурлаж хайрлаж явсан эрчүүд дандаа л кино од, дуучин, хөгжимчин олны танил хүмүүс байсан…
-Та Брэд Питтийн тухай л ярих гээд байна уу даа.
-Тийм ээ. Хүүхнүүдийн шүтээн болсон Брэд Питт. Та түүнтэй долоон жил хамт амьдарсан. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа алдар нэртэй байх хэцүү юу?
-Тийм ээ. Хоёулаа олны танил байх нь хосуудын харилцаанд хүндхэн сорилт болдог. Хэвлэлүүдийн эцэс төгсгөлгүй хов жив гэр бүлийн амьдралд үхлийн цохилт өгөх үе ч гардаг. Гэхдээ энэ сорилт тэр хосыг цааш үнэхээр хамтдаа байж чадах уу үгүй юу гэдгийг шалгадаг юм.
-Та хоёр цагтаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамгийн сайхан хос байсан. Тэр сайхан амьдрал яагаад салалтаар төгссөн юм бол гэж одоо ч хүмүүс гайхдаг?
-Тэр хүмүүс бүү хэл би ч өөрөө эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Одоо ч надад ойлгож чадаагүй үлдсэн зүйл олон бий. Магадгүй хэзээ ч ойлгож чадахгүй өнгөрөх биз. Нэгэнт ойлгож чадаагүй учраас өмнөх сайхан харилцаагаа бодоод чадах хэрээрээ нэг нэгнээ хүндэлж явъя л гэж боддог.
-Брэд хүүхэдтэй болохыг хүсч байсан. Гэвч та хүүхэдтэй болохыг хүсээгүй учраас тэр Анжелина Жолиг сонгосон гэж ярьдаг.
-Эхнэр нь хүүхэд, карьер хоёрын аль нэгийг сонголоо гээд нөхөр нь салж явна гэдэг хамгийн утгагүй зүйл. Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж хэлж байгаагүй. Цаг нь болохоор болно. Хүмүүс намайг гал тогооныхоо шалан дээр хөл нүцгэн алхалсан намбалаг ээж болгохыг хүсдгийг би сайн мэднэ. Гэхдээ одоо бүгдээрээ тайван байцгаа. Би ээж болно. Хүүхэд төрүүлнэ. Та нарт амлая.
-Та Брэд Питтэй амьдарсан үеэ эргэн санадаг уу?
-Хэдийгээр бидний амьдрал бүтэлгүйтсэн ч Брэдтэй өнгөрүүлсэн нэг ч хором мөчдөө харамсч байсангүй. Бид сайн найзууд хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна.Бид хамтдаа баяр жаргал, гуниг зовлон хосолсон долоон жилийг өнгөрүүлсэн. Бидний хамтдаа үзэж туулж сайхан дурсамжийг хэн ч булааж чадахгүй. Дурсамж л хайрыг насан туршийнх уу аль эсвэл түр зуурын байсан уу гэдгийг тодорхойлдог юм байна.
-Тэр танаас явж, өөр нэг алдартай бүсгүй дээр очиход танд олны нүднээс өөрийгөө нуумаар хүнд бэрх байсан байх?
-Нэгэн цагт амьдралын минь хамгийн чухал байсан хүнээсээ хагацаж холдоно гэдэг үнэхээр хэцүү. Магадгүй хүмүүс ийм үед уйтгар гунигаа хүчээр дарах гэж хичээдэг байх л даа. Гэхдээ хүн мартах гэж хичээх тусам өөрийгөө улам зовоодог. Би хүн шүү дээ. Бусдын л адил зовж шанална, уйлна дуулна. Гэтэл бүх дэлхий чамайг харж байдаг. Тэр үед газрын гаваар орчихмоор санагддаг байлаа. Гэхдээ хүнээс гайхамшигтай тэсвэр тэвчээр гардаг юм билээ.
-Хэвлэлүүд Брэд Питтийг “Ноён, Хатагтай Смит” кинонд тоглох үеэсээ л А.Жолитой учир ургуулсан гэдэг. Харин тэр өөрөө энэ бүхнийг киноны дараа болсон гэж хэлдэг. Та түүний үгэнд итгэдэг үү?
-Би нөхрийнхөө үгэнд л итгэсэн.
-Брэд Питт та хоёрын зам эргэж нийлэхээргүй холдлоо гэдгийг хэзээ ойлгосон бэ?
- Брэд, Анжелина хоёрын Африкт зугаалж яваа зураг 2005 оны дөрөвдүгээр сарын 29-нд хэвлэлүүдээр цацагдахад л бүх зүйл дууслаа гэдгийг ойлгосон. Тэдний хөтлөлцөж яваа зураг намайг үнэхээр шоконд оруулсан, хүмүүсийг бас балмагдуулсан байх. Мэдээж, үүнээс өмнө бид хоёр аль хэдийнэ салсан байсан л даа. Гэвч тэр зураг шархан дээр давс цацах шиг намайг өвтгөсөн юм.
-Том Крузээс салсныхаа хамгийн түрүүнд юу хийсэн бэ гэсэн асуултад Николь Кидман “Өндөр өсгийтөө өмсч эхэлсэн” гэж хариулсан байдаг. Харин та юу хийсэн бэ?
-Царайлаг дасгалжуулагчтай болсон.
-Та нөхрөө алдсандаа Анжелина Жолид атаархаж, гомдож байсан уу?
-Юу гээч, Анжелинагийн хувьд надад таагүй зүйл хийсэн нь үнэн. Тэр “Vogue”-д өгсөн ярилцлагадаа “Ноён, Хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр Брэдэд яаж унаж тусч, ажилдаа ирэхийг нь тэсэн ядан хүлээдэг байснаа ярьсан байна билээ. Тэр үед Брэд миний нөхөр байсан шүү дээ. Энэ үнэхээр муухай зүйл, тийм биз дээ.
-Та Анжелина Жолитой уулзаж байсан уу?
- Брэдийг “Ноён, Хатагтай Смит” кинонд тоглож байх үед ганц удаа л уулзаж байсан юм. Би түүнтэй мэндлээд “Брэд тантай ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Та хоёрыг гар нийлж ажиллана гэдэгт итгэж байна” гэж хэлснээ санаж байна.
-Хэдийгээр салалт танд таагүй дурсамж үлдээсэн ч Брэд та хоёр одоо найзууд болж үлдсэн биз дээ?
-Бидний гэр бүлээ цуцлуулахаас өмнөх хоёр жил үнэхээр сайхан үе байсан. Тэр үнэхээр сайн нөхөр байсан юм шүү. Одоо бол бид таарахаараа мэндэлдэг, хүүхэдтэй болохоор нь баяр хүргэдэг тийм л энгийн харилцаатай болсон доо. Би одоо түүнд зөвхөн сайн сайхныг л хүснэ.
-Та Брэд Питтээс өөр хэн нэгэнд ингэтлээ дурлаж байсан уу?
-Үлдсэн амьдралынхаа турш хайрлах болно гэж амалсан эр хүн миний амьдралд ганцхан бий. Гэвч бидний хяналтаас гадуур нэг тийм хүчин зүйл биднийг салгасан. Бид тэр үед залуу байж. Магадгүй залуу гэнэн байсан болохоор гэр бүлээ авч үлдэхийн тулд хангалттай хичээгээгүй байх.
-Яаж хичээнэ гэж?
-Магадгүй бид хоёр биедээ илүү их цаг хугацаа зориулах ёстой байсан байх. Амралтаа аваад, хамтдаа аялдаг ч юмуу. Бидний амралт дандаа зөрдөг байснаас хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч ховор байжээ. Намайг амрахаар Брэд кино зурагт гарчихдаг. Түүнийг амрахаар би кинонд явчихдаг. Ингэж зөрж явсаар бие биедээ цаг зав гаргаж чадаагүй.
-Кино ертөнцөд хүрсэн амжилт, өөрийн карьертаа та сэтгэл хангалуун байдаг уу?
-“Найзууд” шиг үзэгчдийн таашаалд хүрсэн олон кинонд тоглох аз тохиосонд би үнэхээр амьдралдаа талархаж явдаг шүү. Кино урлагт жүжигчний авьяасаас гадна сайн кинонд тоглох аз гэж нэг юм байдаг.
-Та амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун явдаг хүн юм?
-Яагаад сэтгэл дундуур байна гэж. Би жаргалтай хүн. Нээрээ шүү. Би үнэхээр аз жаргалтай. Брэд Питтээс салсан болохоор намайг амьдралдаа гуньж гутарч явдаг гэж хүмүүс боддог бололтой. Үнэндээ “хөөрхий муу Жен” гэсэн хүмүүсийн өрөвдсөн өнгө аястай ярианаас одоо залхаж байна.
-Та өөрийгөө дурлалын тэнгэртэй хүн гэж боддог уу?
-Бүр итгэмээргүй азтай гээч. Олон сайхан эрчүүд намайг хайрлаж явсан байхад яаж би өөрийгөө азгүй гэж хэлэх вэ.
-Тийм шүү. Жүжигчин Винс Вон, дуучин Жон Мэйер гээд таны хуучны романсууд үргэлжилнэ.
-Брэдээс салсан хүнд хэцүү үед намайг урьдны амьдралд минь эргүүлэн авчирсан хүн бол Винс. Би түүнийг миний аврагч гэж хэлдэг юм.
Бид хамтдаа үнэхээр хөгжилтэй сайхан байсан.
-Юу таныг аз жаргалтай болгодог вэ?
-Маш өчүүхэн зүйлс намайг аз жаргалтай болгож чаддаг. Жишээлбэл, жаргаж байгаа нарыг харах, найзуудтайгаа шил дарс задлаад, сайхан яриа өрнүүлж суух гээд л. Бас хүнд дурлахаараа би аз жаргалтай болдог. Би аливаа юмыг өөдрөгөөр, эерэг талаас нь харах дуртай. Өөрийгөө сөрөг бодолд автуулж, хүмүүстэй маргалдах дургүй.
- “Найзууд” инээдмийн цувралын Рэчелийн дүр таныг кино од болгосон. Та үнэхээр энэ цувралд гардаг шиг хөгжилтэй хүн үү?
-Би хөгжилдөх дуртай. Инээдмийн кино үзэж, хошин үйлдэл хийх дуртай.
-Таны хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ?
-Дуртай зүйлээ хийгээд явах, амар тайван амьдрах, халуун дулаан гэр бүлтэй байх гээд хүн бүхний хүсдэг энгийн л зүйлс байдаг даа.
-Алдар нэртэй байхын хамгийн хэцүү тал нь юу вэ, таны бодлоор?
-Хэн ч намайг анзаарч харахгүй, ажиглаж дагахгүйгээр хэдэн ч цагаар хамаагүй дэлгүүр хэсэхийг би мөрөөддөг. Нүүр царай маань ямар байна гэж санаа зоволгүйгээр гадагш гарах юм сан гэж хүсдэг. Гэвч энэ бүхэн эсрэгээрээ байдаг нь олны танил байхын дутагдалтай талууд.
-Хэвлэлүүдийн хэтэрхий их анхаарлаас болоод өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл дундуур байх үе гардаг уу?
-Мэдээж, тийм үе гардаг байсан. Гэхдээ юу гээч, хэвлэлүүд чиний жинд ямар ч өөрчлөлт ороогүй байхад л нэг бол хэтэрхий туранхай гэж шүүмжилнэ, нэг бол хэтэрхий тарган байна гэж гоочилно. Ер нь, чи ямар ч байсан ямар нэг гоочлох шалтгаан олоод л байдаг. Тийм болохоор хэрэв чи эрүүл л бол тарган, туранхай байна гэсэн шүүмжлэлд санаа зовох огтхон ч хэрэггүй юм гэдгийг би аль эрт ойлгосон.