Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАЙРАЛ ДУУГААР ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ НЭЭНЭ

Улс орон даяар хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж байгаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг найрал дуугаар авьяасыг нээж хөгжүүлэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Энхцэцэг найрал дуучид бэлтгэхдээ гарамгай болохоор найрал дуугаар хүүхдийн авьяасыг нээх үндэсний сургагч багшаар сонгогдсон байна. Тавдугаар сургуульд л гэхэд 200-гаад хүүхэд найрал дууны дугуйланд бүртгүүлжээ. Дуу хөгжимд сонирхолтой юм гээд бүгдийг найрал дуучид болгохыг зорихгүй. Найрал дуугаар авьяасыг нь нээн хөгжүүлэх, цаашлаад зөв хүн болж төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. Гэхдээ энэ хөтөлбөрөөр угаас сургуулиас зохиосон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, авьяастай хүүхдийн авьяасыг тордох биш, бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлэхдээ маруухан хүүхдийн нуугдмал авьяасыг нээхийг хичээх юм байна.
 Тавдугаар сургууль угаас найрал дуугаараа алдартай юм байна. Нийслэлийн Есөн удаагийн аварга найрал дууны хамтлаг аж. Тиймээс ч Л.Энхцэцэг багшийг үндэсний сургагч багшаар сонгожээ. Үндэсний сургагч багшийн хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж байгааг бусад багш нарт хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж туршлагыг нь түгээх юм байна.
“Авьяас” гэдгийг зөвхөн дуу хөгжимтэй холбож ойлговол хэт явцуурсан хэрэг болно. Амьтан тэжээх хүртэл авьяас. Тиймээс эцэг эх, багшийн олж хараагүй хүүхдийн авьяасыг нээхийг хөтөлбөрөөр хичээх аж. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хэл, өгүүлэхүй, уран зохиол, зураг дүрслэл, спорт, бүжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо,  техник, логик харилцаа гэсэн таван чиглэлийг сонгон авч хүүхдийн авьяасыг нээж байгаа юм байна. Хөтөлбөрийн төгсгөлд авьяас хөтөлбөрөөр илэрсэн 21 авьяастныг тодруулж, үлгэрлэх юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан