Анх удаа УИХ-ын гишүүн болсон хүмүүст парламентад хэдэнтээ сонгогдсон “архаг”-уудаас суралцах зүйл их. Тиймдээ “шинэков”-ууд янз бүрийн байдлаар тэднээс суралцаж буйгаа илэрхийлдэг. Тэдний нэг парламентын сонгуульд хоёр дахиа өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон сэтгүүлч Г.Уянга. Тэрээр уржигдар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд сууж, хуучин түшээд рүү ийм шүүмжлэл “чулуудлаа”.
“Би хуучин гишүүдээс суралцахын тулд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд анх удаа сууж байна. Энэ байнгын хороонд харьяалагддаг гишүүдийн олонхи нь өмнө нь парламентад сууж байсан туршлагатай хүмүүс. Гэтэл танай байнгын хороо ямар замбараагүй, үлгэр дуурайлгүй, онцгүй хуралддаг юм бэ. Та нараас суралцая гэсэн санаа минь талаар өнгөрөх нь” гэв.
Түүнийг тус байнгын хорооны хуралдаанд суух өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн зарим зүйл заалтаас болж АН, МАН-ын гишүүд хоорондоо нэлээн ширүүхэн маргалдсан нь УИХ-ын гишүүн Г.Уянга тэднийг дээрх байдлаар шүүмжлэхэд хүрсэн юм.
Б.Цэцэг