Парламент дахь Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөл болсон Г.Батхүү “Их Монгол” ресторанд УИХ-ын гишүүн болсны баяраа тэмдэглэн, нижгэр хүлээн авалт зохион байгуулжээ. Түүний баярыг хуваалцахаар намын зарим нөхөр болон анд найзууд, ах дүү, хамаатан садан, “АПУ” группийнхэн гээд цөөнгүй хүн оролцсон гэнэ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын Д.Сарангэрэл, АН-ын шинэхэн гишүүн Д.Арвин нарын хамт УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн юм. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт гарсан маргаан, будлианаас болж бараг хагас жилийн дараа арай гэж нэг юм парламентын гишүүний бүрэн эрхтэй болов. Г.Батхүү өнгөрсөн зургаан сарын хугацаанд УИХ-ын гишүүн болохын тулд хэрүүл, зарга хийнгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Намаас нь түүнд хууль хяналтын үүд сахиж, хэрүүл зарга хийхээ больж, аль нэг салбарын сайд бол гэсэн саналыг тавьсан гэсэн шүү. Гэвч тэр энэ саналаас татгалзаж, УИХ-ын гишүүн л болно хэмээн зүтгэсэн гэдэг. Ингэж зүтгэсний эцэст “Үнэн ялдаг юм байна” гэсээр парламентын гишүүний сэнтийд заларч чадлаа.