Улс төр дэх дуулиан, урвалт, шарвалт үргэлжилсээр. МҮАН-ын гишүүн МАХН руу, МАН-ынх нь АН руу шилжин нүүдэллэж байна. Өчигдөр МАН-ын гишүүн Д.Арвин Ардчилсан намд орлоо. Түүний сонголтыг ихэнх гишүүд дэмжиж байгаа гэж тэрээр хэлсэн. Тэгвэл энэ талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн огт дуулаагүй яваагаа нууж хаах зүйлгүй ярилаа. “Та Арвин гишүүний намаасаа гарах асуудлыг хэрхэн үзэж байна вэ” гэж асуухад “Гарна гэсэн юм уу. Энэ талаар огт мэдээлэл алга” хэмээв. Дөнгөж сая АН-ын гишүүний батлахаа гардан аваад байгаа гэхэд “Өө, тийм үү. За за” гэсэн хариулт өгөх нь тэр. Эрхэм түшээ Б.Бат-Эрдэнэ төрийн ордон тухлан суухдаа энэ талаархи мэдээллийг огт дуулаагүй нь хачирхалтай. Эсвэл буруу зөрүү ярихаасаа эмээгээд элдвийг хэлсэнгүй юү. Юутай ч түүний энэхүү байдал нь улстөрч хүн биш гэдгийг нь илтгэх. Аварга маань хаагуур юу хийгээд л яваад байна даа. Уг нь Хэнтийгээс хамт их хуралд сууж, мөр зэрэгцэн явсан анд нь байсан биш билүү.