БШУ-ы сайд Л.Гантөмөр энэ сарын 11-нд тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгасан билээ. Сурагчдын амралтын хугацаа сунгагдсантай холбогдож гарч болох зарим асуудлын талаар БШУЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-БШУ-ы сайд тушаал гаргаж сурагчдын амралтыг уртасгах болсон. Тэгэхээр энэ хугацаанд орох байсан хичээлээ сурагчид шахаж үзэх үү, эсвэл зуны амралт нь хойшлох уу?
-Хүйтний эрч чангарсан, ханиад томууны дэгдэлт ихэссэн, сурагчдын ирц муудсан гэсэн үндэслэлээр ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын амралтыг сунгах тушаал сайд гаргасан. Нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн анхдугаар чуулган саяхан болсон. Чуулганаас гарсан саналын дагуу боломжийг судалж үзээд ийн шийдсэн. Нийслэлийн сургуулиудын амралт хөдөөгийн сургуулиудынхаас арай эрт эхлэхээр зохицуулагдсан. Тэгэхээр нийслэлийн бүх сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 4-нөөс орно.
Хөдөөний сургуулиудын хувьд ирэх сарын 14-нөөс бага ангийнхан таван долоо хоногийн хугацаатай амарна. Дунд ангийнхан ирэх сарын 28-аас эхлэн гурван долоо хоног, ахлах ангийнхан хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амарна. Гуравдугаар улиралын хичээл нь хоёрдугаар сарын 17-оос эхлэнэ. Тэгээд нийт ерөнхий боловсролын сургуулиудын хичээл зургаадугаар сарын 7-ноор дуусна. Тэгэхээр зуны амралтын хугацаа хэд хоногоор богиносно гэсэн үг л дээ.
-Нийслэл орон нутгийн сургуулиудын амралтыг яагаад ингэж хоёр өөр хугацаанд төлөвлөсөн юм бол?
-Хөдөөгийн сургуулийн амралтыг Цагаан сарын дараа дуусахаар төлөвлөсөн. Цагаан сарын үеэр хөдөөд сургуулийн хүүхдүүдийн ирц мууддаг.
-Орой харанхуй болтол хичээллэдэг гэсэн шүүмж эцэг эхчүүдийн зүгээс ирсэн гэсэн. Тэгэхээр ангиудын амралтын хугацаа наана цаана байхаар энэ асуудал шийдэгдчих үү?
-Бага ангийнхан удахгүй амарчихна. Тэгэхээр гурван ээлжээр хичээллээд оройтож тараад байгаа сургуулиуд нь хоёр ээлжинд шилжинэ. Ямар ч байсан энэ гомдол шийдэгдэх байх.
-Одоогоор гурван ээлжээр хичээллэдэг хэдэн сургууль байгаа билээ?
-Нийслэлийн хэмжээнд 22 сургууль байгаа.
-Тэгэхээр бага ангийнхны хувьд “Үдийн цай” хөтөлбөрийнх нь санхүүжилт төсөвт суучихсан биз дээ. Тэрийгээ хэрхэн зохицуулах билээ?
-“Үдийн цай” хөтөлбөрөө өгдгөөрөө өгнө. Хаашдаа л хичээллэх ёстой хугацаандаа л хичээл нь орох болохоор үүн дээр асуудал үүсэхгүй болов уу.
-Хувийн сургуулиудын амралт сайдын тушаалд хамаарах уу?
-Хамаарна. Сургуулиуд руу мэдэгдэл хүргүүлсэн.
-Сурагчдын амралт ихэссэнээр хүүхдүүд интернэт тоглоомонд донтох, буруу зам руу орох гэсэн эрсдэл үүсч магадгүй?
-Энэ тал дээр манай яамнаас анхаарч байгаа. Аль болох сурагчдыг гэрт нь байлгах үүднээс телевиз болон олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлүүдтэй хамтран танин мэдэхүйн кино, нэвтрүүлгүүдийг түлхүү гаргах бодлого баримтлан ажиллаж байна.