Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биеийн тамирын заалгүй сургууль олон байна шүү, сайд аа

Ерөнхий боловсролын сургалтад биеийн тамирын хичээлийг заавал оруулж өгдөг нь хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжилтэй болгох зорилготой байдаг. Мөн спортын авьяасыг нээн илрүүлэхэд чиглэнэ. Гэтэл БШУЯ-аас баталсан биеийн тамирын хичээлийн стандартыг хэрэгжүүлж чадахгүй сургууль нийслэлийн хэмжээнд олон байна. Спорт заалтай ч стандартад нийцэхгүй сургууль бий.
Дүү маань биеийн тамирын хичээлдээ жигтэйхэн дургүй. Учрыг нь асуувал сургуулийнх нь заал стандартын шаардлага хангадаггүй учраас өвлийн улиралд зааландаа зөвхөн теннис л тоглож болдог байна. Зарим үед биеийн тамирын хичээл орох цагаар зааланд ороод зүгээр л сууж өнгөрүүлдэг гэнэ. Урлагийн зориулалттай, барилгын хоёр давхарт байрлах заалны хана нь цуурч эхэлсэн учир нурах магадлалтай болжээ. Тиймээс л гүйж харайж байх ёстой хичээл дээрээ томоотой суудаг тухай дүү маань ярьсан юм.
Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн А.Саруул “Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын 164 сургууль байгаагаас 117 нь спорт заалтай. 47 сургууль спорт заалгүй байгаа. Мөн заалтай сургуулиудаас нурж унах шахсан, хичээл явуулахад хүндрэлтэй нь ч олон бий” гэлээ.
Спорт заалгүй сургуулиуд дулааны улиралд гадаа талбайд биеийн тамирын хичээлээ ордог болохоор тоос шороонд хүүхдүүдийн хувцас, гар бохирдох, цаашлаад халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг талаар нарийн мэргэжлийн эмч ярилаа.
Өнгөрсөн жил хотын захын нэгэн сургуульд гадаа талбайд биеийн тамир орж байгаад багш нь хүүхдүүдээ орхиод явчихаж. Гэтэл хөл бөмбөгийн төмөр хаалганд нэгэн сурагч даруулан газар дээрээ амь насаа алдсан хэрэг ч гарч байсан. Гэвч тэр хүүхдийн амь эрсэдсэнд хэн ч хариуцлага хүлээгээгүй юм. Дэггүй жаал сахилгагүйтэж тэр төмөр хаалганаас зүүгдэхэд толгой дээр нь унаж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Гадаа талбайд биеийн тамирын хичээл орох үед багш нар нь хүүхдүүдээ ихэвчлэн тоглуулаад л орхиод явдаг учраас гар, хөл, толгойгоо гэмтээж, бэртсэн тохиолдлууд цөөнгүй гардаг аж. Бас биеийн тамирын хичээлийн цагаараа РС тоглоом тоглох, бөөнөөрөө нийлж гадуур тэнэх, архи, тамхи хэрэглэх нь цөөнгүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм.
Нийслэлийн 104 дүгээр сургууль биеийн тамирын заалгүй сургуулиудын бо­дит жишээ. Тус сургууль байгуулагдаад зургаан жил болж байгаа ч спортын заалгүй. Дулааны улиралд гадаа хичээлээ орно. Өвлийн улиралд заал гэж нэрлэсэн умгар танхимд ахлах ангийнхан нь биеийн тамирын хичээл ордог байна. Тэгэхдээ жагсах, дасгал хийхээс хэтрэхгүй. Харин бага ангийнхан нь ангидаа ширээнийхээ ард гар, хөлөө хөдөлгөх мэтийн дасгал хийж долоо хоногт хоёр удаагийн хуваарьтай биеийн тамирын хичээлийн цагаа аргацаадаг аж. Үүнд нь эцэг эхчүүд, сурагчид шүүмжлэл хэлдэг ч өөр сургуульд хүүхдээ оруулах гэхээр “харьяалалынхаа сургуульд явах ёстой. Манай сургууль ойр орчмынхоо хүүхдүүдийн ачааллыг дийлэхгүй байна” гэсэн хариу хэлдэг байна. Бас хувийн сургуулиудын төлбөр хэтэрхий өндөр гэх шалтгаан ч тэдний өмнө спорт заалгүй сургуулиа сонгохоос өөрцгүй гэдэг хана хэрэм босгосоор.
Кембрижийн боловсролыг нэвтрүүлэх талаар ярьж, сурагчдын сурлагын төвшинг тогтоох гэж гадаадын бай­гууллагад их хэмжээний төл­бөр төлж шалгалт авахуулж байхаар түүнд зарцуулж байгаа хөрөнгөөрөө ганц сургуулийг ч болов спорт заалтай болгож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдийг гялайлгавал ямар вэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд аа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
би сонирохлоороо БТ багш мэргэжил сонгосон болхоос чадваргүйдээ сонгоогүй ягаад бусдаас доогуур үнэлдэг юм бэ
Хамгийн их уншсан