Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүнгийн авхайн талаар ам алдсан сувилагч нас баржээ


Гүнгийн авхай өчигдөр VII Эдвардын эмнэлэгээс гарах үеэр

Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин бие давхар болж британичууд баяр хөөрөөр угтан авсан. Гэвч өчигдөр болсон нэгэн таагүй явдал британичуудын хааны угсаа залгамжлагчийн тухай баярын сэтгэгдэлд багахан сэв суулгаж магадгүй байна. Учир юу гэвэл, гүнгийн авхай Кэтериний жирэмсний хордлогоо эмчлүүлсэн VII Эдвард хааны эмнэлэгийн сувилагч Жасинта Салдана хэмээх эмэгтэй өчигдөр нас барсан байхыг олсон байна.
Жасинта Салданагийн үхэлд гүнгийн гэр бүлийнхэн шууд хамаатай биш ч хэд хоногийн өмнө болсон явдлаас болсон уу үгүй юу хэмээн олон нийт эргэлзэхэд хүрээд байна. Гүнгийн авхай Кэтеринийг VII Эдвард хааны эмнэлэгт хэвтэж байх үеэр Австралийн 2Day  хэмээх FM радиогийн хоёр хөтлөгч Мел Грейг, Майкл Кристиан нар дуу хоолойгоо хатан хаан II Элизавета,  хунтайж Чарльзийнх шиг болгон жүжиглэж, тус эмнэлэгийн хүлээн авах руу ярьсан юм. Гэтэл тэр үед ресепшн эзгүй байж таарсан тул утсыг сувилагч Жастина Салдана авсан бөгөөд FM-ийн хөтлөгчдийг үнэхээр хатан хаан,  хунтайж байна хэмээн итгэж, гүнгийн авхай Кэтериний биеийн байдлын талаар мэдээлэл өгчээ. Хатан хаан болж жүжиглэсэн Мел Грейг  бэр охинтойгоо яримаар байна гэхэд сувилагч түүнийг унтаж амарч байгаа гэж хариулснаас эхлээд нэлээн хором ярилцсан яриаг FM-ээр цацсан бөгөөд тэр дороо шуугиан тарьсан юм. Энэ тухай хунтайж Чарльз хүртэл мэдсэн бөгөөд түүнээс нэгэн сэтгүүлч Ачтай болох гэж байгаа сэтгэгдлийг нь асуухад “Намайг FM-ийн хөтлөгч биш гэж та яаж мэдэж байгаа юм” хэмээн хошигнож байсан юм.
Энэ явдлын улмаас сувилагч эмэгтэйд ямар дарамт ирсэн нь одоогоор тодорхойгүй, түүний гэнэтийн үхэл энэ явдлаас үүдэлтэй юу үгүй юу гэдэг нь ч тодорхойгүй байна. Гүнгийн гэр бүл болоод хатан хааны ордноос энэ тухай ямар нэгэн гомдол шүүмжлэлийг эмнэлэгт, тэр тусмаа сувилагч Жасинтад тавиагүй юм. Гэхдээ л утасны цаадах дуу хоолойд итгэж хатан хааны гэр бүлийн гишүүний тухай мэдээллийг ам алдсаныхаа төлөө түүнд өөрт нь сэтгэлзүйн багагүй дарамт тулгарсан байж таарна. Ямартай ч маш их ганцаардсан, сэтгэл гутарсан байдалтай байсан хэмээн хамт ажилладаг хүмүүс нь ярьжээ.
Тийм ч учраас Жасинта Салданагийн нас барсан явдалд гүн эмгэнэж байгаагаа Кэмбрижийн гүнгийн гэр бүл эмгэнэл илэрхийлжээ.
Мэдээж, хэргийн эзэд болсон Австралийн FM-ийн хөтлөгчид ч уучлал хүсэн, эмгэнэл илэрхийлсэн бөгөөд энэ хэрэг явдлын учир шалтгаан тайлагдтал эфирт гарахгүй гэж мэдэгдсэн байна. Тэдний ярьсан яриаг FM-ийн цахим хуудаснаас устгаж, хоёр хөтлөгчийн Твиттер хуудсыг ч устгасан байна. Сэтгүүл зүйн ёс зүйтэй хэр нийцсэн үйлдэл вэ хэмээн маргаан дагуулаад байгаа энэ хуурамч дуудлагын тухай гомдол Австралийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн удирдах газарт олноор иржээ. Тус FM-ийн Facebook хуудас уурлаж бухимдсан олны шүүмжлэл, доромжлол бүхий комментоор дүүрээд байгаа гэнэ.  Эрх баригчдын зүгээс ч тус богино долгионы радиогийн бодлогогүй болчимгүй үйлдлийг буруушааж, Ерөнхий сайд Жулия Гиллард хүртэл энэ талаар мэдэгдэл хийн, сувилагчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд байна.

Хатан хаан, хунтайж болж жүжиглэсэн Австралийн 2Day FM-ийн хоёр хөтлөгч


Сувилагч бүсгүйн гэр

Сувилагч Жасинта гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй нэгэн байжээ. Тэрээр эмнэлэгтээ дөрвөн жил гаруй ажиллаж байгаа хамт олондоо нэр хүндтэй сувилагч байсан хэмээн эмнэлэгийн удирдлагууд мэдэгдээд, гүн эмгэнэж буйгаа илэрхийлжээ. Жасинта эмнэлгээсээ холгүйхэн ухаан алдсан байдалтай байхад олсон бөгөөд түргэн тусламж ирэхэд аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
ter muu hudlaa yarisan 2 radiogiin baagii nar ch toohgui ineegeed yavj bgaa bh. yagaad ch yum be ger bulgui huuhedgui gej bodoj bsan aimaar yum 2 huuhedtei. Ednii huuhed ch ehniihee zoliosiig avch bna daa. aihtar huuhed garah n l dee
сэтгүүлчид гэж ёс зүйгүй новшнууд хүнийг үхэлд хүргэсэн байна.
Хамгийн их уншсан