Долоон жилийг хамтдаа үдэж, зургаан хүүхдийн эцэг эх болсны дараа сая нэг хуримаа хийх гэж буй Брэд Питт, Анжелина Жоли нар хуримын бөгжөө сонгожээ. Холливудын алдарт хос чухам хэзээ, хаана хурим хийх нь тодорхойгүй байгаа ч энэ мэдээллээр бол ойрын үед хаа нэгтээ тансаг шилтгээнд хуримын хонх дуугарах нь гарцаагүй бололтой. “In Touch” сэтгүүлд бичсэнээр тэд өнгөрсөн сарын 27-нд “Neil Lane” үнэт эдлэлийн дэлгүүрээс хуримын бэлзэгээ авчээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тэд Франц дахь Chateau Miraval эдлэндээ хуримын ёслолоо хийж магадгүй гэнэ.
Өмнө нь Анжелина Жоли, Брэд Питт нар ижил хүйстний хууль ёсоор хүлээн зөвшөөрдөг болсон цагт л хуримаа хийнэ гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч тэдний хүүхдүүд ээж аавыгаа гэрлээсээ гэж маш их хүсч байгаа учраас хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлэхээр тэд хуримынхаа товыг наашлуулсан гэдэг мэдээлэл бий.
Тэд хоёулаа өмнө нь гэрлэж байсан. А.Жоли гэхэд Британийн жүжигчин Жонни Ли Миллер, Боб Торнтон нартай гэрлэж байсан бол Брэд Питт Холливудын од Женнифер Анистонтой хуримаа хийж байсан юм.