Британийн алдарт сопран Сара Брайтман тойрог зам дахь Олон улсын сансрын станцад гурван жилийн дараа очих визээ авлаа. Ингэснээр тэр Олон улсын сансрын станцад 55 насны төрсөн өдрөө тэмдэглэх болж байна. Уг нь тэрээр сансарт нисэх хүсэлтээ хэдэн сарын өмнө гаргаад байсан юм. Space Adventures компанийн төлөөлөгч дуучныг 2015 оны аравдугаар сард сансарт нисэх бүхий л гэрээгээ хийж дууссан гэж мэдэгдсэн байна. Харин хэдий хугацаагаар Олон улсын сансрын станцад байх, үнэ өртгийн талаар мэдээлээгүй байна. Гэхдээ ам дамжсан яриагаар бол энэ аялал 50 сая доллар гэж байгаа юм. Хартфордширын уугуул Сара Брайтман сонгодог болон хит дуунуудыг дуулдаг дэлхийд нэртэй сопран юм. Түүний дууны 30 сая диск дэлхий даяар борлуулагдаад байгаа гэнэ.