Монакогийн гүнж Шарлотте Кашираги Парист болсон нэгэн морин уралдааны үеэр уугуул америкчуудын хувцас өмссөн нь сайшаал магтаал гэхээсээ илүү шүүмжлэл дагуулаад байна. Хувцас хэрэглэлийг нь шоу үзүүлбэрийн зорилгоор ашиглахад таагүй ханддаг уугуул америкчууд гүнжийн сонголтыг хараахан шүүмжлээгүй байхад уралдааныг үзсэн үзэгчид түүнийг рацист үзэл гаргаж, индианчуудын хувцас өмслөө гэж буруутгажээ.
Морин уралдаанд маш хорхойтой Монакогийн гүнж уг нь “Gucci” брэнтэй гэрээтэй ажилладаг. Энэ удаагийн Парисын уралдааныг ч тус брэндээс ивээн тэтгэсэн аж. Гэвч тэрээр уламжлал болсон морин уралдааны хувцасны оронд индианчуудын хувцас хэрэглэлээр гоёсон нь тийм ч оновчтой сонголт байсангүй.
Саяхан Виктория Секрет брэнд шинэ загварын шоундаа индианчуудын малгайн гоёл, хэрэглэл ашигласан нь уугуул америкчуудын зүгээс шүүмжлэл хүлээж, компани ч тэднээс уучлал гуйсан юм.