Боксын спортын дэлхийн домог Мухаммед Алитай хүч үзэж байгаа энэ эрийг Антонио Иноки гэдэг. Тэрээр саяхан нэгэн дуулиан болсон мэдээллийг хийлээ. Энэ нь Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг халз тулаанд дуудсан явдал юм. Тэрээр их аваргыг хоёр дахь удаагаа ийнхүү халз тулаанд дуудаж байгаа ба өмнө нь гурван сая ам.доллар амлаж байсан юм. Антонио Иноки ярихдаа “Би өмнө нь Асашёорюүг халз тулаанд дуудахдаа гурван сая ам.доллар амлаж байсан. Харин энэ удаад их хэмжээний мөнгө амлахгүй. Харин миний урилгыг хүлээн авч, тулаанд оролцвол маш олон хүн сонирхох байх” хэмээжээ. Антонио Иноки одоо 69 настай ба энэ спортоор 1950 оноос хойш хичээллэж байгаа нэгэн юм. Түүнийг Японы мэргэжлийн тулааны загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг. Харин их аваргын зүгээс ямар хариу өгөх нь олон хүний анхаарлын төвд үлдлээ.